Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 0017

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Баттулга нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00894 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батболд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Гансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Д.Мөнхбаяр, Э.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид  хүү Б.Хосмэргэний хамт Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын /17120/ Морингийн зам 60/1 дүгээр байрны 20 тоотод байрлах, 39.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд амьдардаг. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч 1991 оноос хойш хамт амьдарч байгаа, орон сууц маань зөвхөн нөхөр Г.Баттулгын нэр дээр бүртгэлтэй байсан. Иймд Б.Дэлгэрмаа миний бие өөрсдийн амьдарч буй орон сууцны гурав хуваасны нэг нь хүү Б.Хосмэргэнд ногдох эд хөрөнгө болохыг тогтоож, ногдох хэсгийг хуваалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан боловч бүртгэхээс татгалзсан. Нийслэлийн бүртгэлийн газарт гомдол гаргахад хүү Б.Хосмэргэнийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Иймээс бид 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн                   Ү-2206012342 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, гурав хуваасны нэгийг Б.Хосмэргэний өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг нь тогтоосон болно. Хариуцагч тал шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бид Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Гансүхтэй 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, төлбөрөө төлөн үйлчилгээ авсан болно. Иймд Монгол Улсын Засгийн газар болон Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас хууль зүйн туслалцаа авсаны төлбөр болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

 Хариуцагч Монгол Улсын Засгийн газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 498.2-т заасныг үндэслэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс гэх 1 500 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар Засгийн газраас нэхэмжилжээ. Улсын төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй, Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтод хамаарах нийтийн эрх ашгийг хөндсөн арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулдаг бөгөөд уг санг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т “тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-т заасан сангийн хөрөнгийг зарцуулна” гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтад зааснаар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх асуудал зохицуулагдаагүй байна. Иймд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс уг хохирлыг барагдуулах боломжгүй юм. Нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэх үйл баримтад хариуцагч Засгийн газрын хууль бус үйлдэл, гэм буруу тогтоогдоогүй тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалтын агуулгаар түүнд гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй болно. Тухайлбал, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруүлсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан байна. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай болно. Гэтэл нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хохирол нь Засгийн газрын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болоогүй тул хариуцагчаас учирсан хохирол шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаартай Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17120/, Морингийн зам 60/1 дүгээр байрны 20 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 146 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Мягмарсүрэнгээс шилжүүлэн авсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2/10483 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 09/115 тоот тогтоол, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/78 тоот тогтоолыг тус тус үндэслэн дээрх орон сууцны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна, 24 дүгээр зүйлийн 24.9-т эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тус тус заасан тул 14 дүгээр зүйлийн 14.15, 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн мэдүүлгийг буцаасан нь хуульд нийцсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т зааснаар улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн шийдвэрийн дагуу дээрх орон сууцны улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.9-д зааснаар тус албаны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. Иймд нэхэмжлэгч тал тус албанд хандан орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэр гарч тогтоох хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийхийг даалгасан шийдвэр гарсан. Тус газар захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох бүртгэлийг хийсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа өмгөөлөгчийн хөлс гэх 1 500 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтан хариуцагч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Монгол Улсын Засгийн газарт холбогдох 750 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 19 475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заажээ. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоосон байх тул Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байсан байгууллага буюу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь хариуцах үндэслэлтэй байна. Харин Монгол улсын засгийн газраас нэхэмжлэгчид гэм хор учруулсан байдал баримтаар тогтоогдохгүй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрт хууль зөрчсөн субъектыг тодорхой заасан байх тул Монгол Улсын засгийн газар нь хариуцах үндэслэлгүй байна” гэжээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой маргааны хувьд ажиллаж байгаа хуулийн этгээд, төр хоёр нь нэг агуулгаар ойлгогдох ёстой гэж үзэж байна. Өгүүлбэр зүйн хувьд ч гэсэн буюу гэдэг нь нэг зүйлийг хоёр талаас нь илэрхийлэхэд хэрэглэгддэг болно. Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газраас 750 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэсэн үг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засгийн газраас 750 000 төгрөг гаргуулах гэж өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч Оюуны Өмч, Улын бүртгэлийн Ерөнхий газраас 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ эрхийн улсын бүртгэгч нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Б.Дэлгэрмаа, Г.Баттулга нарын маргалдаж буй эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 20 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2/10483 тоот албан бичгээр, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 09/115 тоот, 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/78 тоот тогтоол түдгэлзүүлсэн энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа явуулж байгаа гэж үзэн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн нь үндэслэлтэй юм. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 20 тоот орон сууцны захиран зарцуулан эрхийг 2013 оны 9 дүгээр сарын 06 өдрийн 09/115 тоот, 10 дугаар сарын 04 өдрийн 10/78 тоот тогтоолыг тус тус үндэслэн эд хөрөнгөд нь тусгай тэмдэглэл хийсэн байгаа нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа нь Г.Баттулга, Ж.Баяржавхлан нарын маргаан дуусаагүй эд хөрөнгөд хориг тавьсан шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй байгааг харуулж байна. Нэхэмжлэгч иргэн Б.Дэлгэрмаа, Г.Баттулга нар нь эд хөрөнгөө алдах болсноо мэдээд эртнээс хууль, эрх зүйн туслалцаа авч эхэлсэн тиймээс "Иргэний хуулийн 498 дугаар зүйл, 498.3-т хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно" гэж хуулинд заасан байдаг тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нар нь хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… хүү Б.Хосмэргэнийг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэхээс Улсын бүртгэлийн газар татгалзсан хууль бус эс үйлдэхүйн улмаас өмгөөлөгчид 1 500 000 төгрөгийн хөлс төлж Захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэж тайлбарласан.

 

            Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012342 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт Ухаа хорооллын/17120/, Морингийн зам 60/1 дүгээр байр, 20 тоотод байрлах, 39 м.кв талбай бүхий, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, гурав хуваасны нэгийг Баттулгын Хосмэргэний өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн байгууллагын ажилтаны эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” зааснаар шаардах эрхтэй. /хх-ийн 11-21 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгч Ц.Гансүхээс эрх зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлсөнд 1 500 000 төгрөг төлсөн болох нь  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ий 23 дугаар тал/

           

            Харин Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлжээ.

 

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүхтэй байгуулсан хууль зүйн туслалцаа авах гэрээний үүрэг болох өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг нь нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирол гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь талуудын хооронд гэрээгээр тохиролцсон гэрээний хөлсийг эд хөрөнгөд учирсан бодит хохиролд шууд тооцох боломжгүй юм.  

 

            Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанаас нэхэмжлэгч нарт гэм хор учраагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

               

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00894 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монгол Улсын Засгийн газраас 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Баттулга, Б.Дэлгэрмаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн    38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА          

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                              

                                                                                                  Г.ДАВААДОРЖ