Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 797

 

М.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор М.Мөнхцэцэг,

            шүүгдэгч М.Л-ын өмгөөлөгч Ц.Г,

           нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Лд холбогдох 201626022584 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ын Л, 1977 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хос харцага” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамж, 619 Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

М.Л нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 539 тоотод оршин суух иргэн Б.Г-рын гэрт согтуурсан үедээ хамт архи ууж байсан хохирогч С.С-ыг цохиж, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас С.Соронзонболд нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Л-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Л-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар М.Л-ыг 8 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Л-ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Л-ын цагдан хоригдсон 306 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-аас 4.455.792 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгож, хохирогч Б.Э нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хагас түрийтэй хос гутлыг шүүгдэгч М.Л-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч М.Л-ын өмгөөлөгч Ц.Г, Г.Б-д нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “…Шүүгдэгч М.Л болон түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй бөгөөд харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн барагдаагүй хэмээн үнэлж дүгнэн, 8 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “иргэн хоорондын гэрээ, хохирол барагдуулсан тухай гэсэн нотариатын баталгаа бүхий баримт авагджээ. Дээрх баримтыг хууль ёсны бус гэж үзэх боломжгүй. Гэвч шүүх хуралдаанд хохирогч Б.Э-ын мэдүүлсэн мэдүүлэг, түүний шүүхэд ирүүлсэн гомдол, хүсэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзвэл хүний амь нас хохирсон хэргээс улбаатай хохирол, гэм хорын асуудал бүрэн барагдсан гэхэд учир дутагдалтай байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын нийт 10.000.000 төгрөг нэхэмжилснээс 4.455.792 төгрөгийг шүүгдэгч М.Л-аас гаргуулж... шийдвэрлэлээ. Харин хохирлын 4.5 сая төгрөгт тооцож өгч авалцсан гэх автомашины асуудлаа тусад нь шийдвэрлүүлбэл зохино” гэжээ.

Шүүгдэгч М.Л-ыг цагдан хоригдож байх үед түүний ар гэрийнхэн хохирогч А.Энхтуултай уулзаад харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хэлцэл хийж, нотариатаар батлуулсан. Уг гэрээ нь “хохиролд тооцон автомашин авлаа, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн агуулгатай. Хохирогч Б.Энхтуул нь анхан шатны шүүх хуралдаанд хохирол барагдуулаагүй, өгсөн машин нь эвдэрхий, нэмж мөнгө өгнө гээд өгөөгүй гэж мэдүүлсэн боловч тэдгээр нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, бодит үнэнд нийцэхгүй зүйл байсан. Өөрөөр хэлбэл М.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэж байна. М.Л-ыг хэрэг гарсан өдрөөс эхлэн цагдан хорьсон бөгөөд шүүх хуралдаанд хохирогч талаас албан ёсоор уучлалт гуйсан. Одоо шүүгдэгч М.Л-ын хувьд дараах нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.

-Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2/,

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3/,

Эдгээрийг харгалзан үзэж шүүгдэгч М.Л-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болохыг тогтоон, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч М.Л-ын өмгөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би давж заалдах гомдол гаргахдаа хохирол төлөгдсөн талаарх баримтыг гомдолдоо хавсаргасан. 2017 оны 10 сарын 12-ны өдрийн нотариатаар баталгаажуулсан хэлцэл байгаа. Ер нь хохиролд 4.500.000 төгрөгийн машин тооцуулж өгсөн. Анхан шатны шүүх М.Л-д 8 жилийн хорих ял оногдуулсан. Боломжтой бол давж заалдах шатны шүүх дээрх хорих ялаас хасаж өгнө үү гэсэн гомдол гаргасан...” гэв.

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхэд хэрэг шилжих үед хохирогч 4.455.792 төгрөгийн баримт гарган өгч, уг баримтын хүрээнд хохирлоо нэхэмжилдэг. Гэтэл хохирол төлөгдсөн талаар нотариатаар баталгаажуулан иргэд хоорондын гэрээ байгуулж, уг баримтыг анхан шатны шүүх хууль ёсны баримт гэж үзсэн. Мөн хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлын талаар маргаж, хохирлын үнийн дүнг нэмж, 10.000.000 төгрөг нэхэмжилсэн.  Хохирогч Б.Э-ын мэдүүлэг, түүний шүүхэд гаргасан гомдол зэргээс үзвэл хүний амь нас хохирсон хэргийн гэм хорын хохирол бүрэн барагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хохирогч Б.Энхтуулыг нотлох баримтаа бүрдүүлж, нэхэмжлэлээ жич гаргахыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч нь хохирол төлсөн талаарх баримтыг 2017 оны 10 сарын 12-ны өдөр нотариатаар дахин баталгаажуулсан байна. Хохирогч Б.Э нь нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа нь хохирлыг бүрэн барагдуулсан, нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болж байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Л-д 8 жилийн хорих ял оногдуулсан. Уг хорих ялын хэмжээг бууруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх М.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Л нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 539 тоотод оршин суух иргэн Б.Г-ын гэрт согтуурсан үедээ хамт архи ууж байсан хохирогч С.С-ыг цохиж, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас С.С-д нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э-ын “...Талийгаач С.Соронзонболд бид хоёр 1991 онд гэр бүл болсон... Тухайн үед би хөдөө ажлаар явж байсан ба 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө манай хүү Ч утсаар яриад “аавын бие муу сэхээнд байна” гэж хэлсэн. Намайг ирэхэд нөхөр С.С-ын бие маш муу, ухаангүй байдалтай байсан ба 2 удаа хагалгаанд орсон байсан. Юу болсон талаар асуухад хүнд зодуулаад ухаангүй байгаа, хажуугийн Г гэх айлд байж байгаад дүү Л гэх хүнд зодуулсан гэж сонссон... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, зөвшөөрч байна. Талийгаач нь уушгины хатгаатай байсан талаар мэдэхгүй байна. Ийм өвчтэй байсан байж магадгүй, хааяа нэг ханиагаад байдаг байсан... Л гэх танихгүй залуутай айлд хамт сууж архи ууж байгаад толгойдоо өшиглүүлээд түүнээсээ болж гэмтэл авч нас барсан гэж ойлгож байгаа...” /хх 1-н 13-16/,

гэрч  Б.Г-ын “...2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим М.Л нь манай гэрт согтуу ирсэн. Бид хоёр архи хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь босоод дахин архи уусан ба өдөр Соронзонболд нь ганцаараа орж ирээд бид хоёртой хамт архи уусан. Би архи дуусахаас өмнө согтоод унтчихсан байсан. Ингээд гадаа харанхуй болсон хойно сэртэл С- манай гэрт том өрөөний голд шалан дээр өмссөн хувцастайгаа унтаж байхаар нь би буцаад унтсан. Тэгээд бүр харанхуй болсон хойно сэрээд хартал С өмнө нь яг ямар байсан тэр хэвэндээ унтаж байсан. Тэгэхээр нь С-ыг гэрт нь оруулах гээд сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь өргөх гэтэл дийлэхгүй байсан. Тэгээд С-ын хашааны эзэн Буянаа гэдэг эмэгтэйг гэрээс нь дуудаад бид хоёр хамжиж байгаад түүнийг өргөж гэрт нь оруулсан...” /хх 1-н 17/,

гэрч Г.У-гийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим гэрээсээ гарчихаад буцаж орж ирэхэд хажуу хашааны С.С ах ирчихсэн байсан. Тэр гурав хамт архи ууж суусан. Хэдэн шил архи уусныг хэлж мэдэхгүй байна. Намайг гэрт ороход Л ах, С ах согтсон байсан. Харин манай аав тасарчихсан ухаангүй унтаж байсан. Тэгээд би хүүхдээ хөхүүлээд сууж байтал гэнэт Л ах суугаагаараа С ахыг цохиж унагаагаад толгой дээр нь 2-3 удаа дэвсэж өшиглөсөн. Би сандраад Л ахыг түлхэж холдуулсан. Лах орилсон чинь аав сэрээд Л ахыг загнаад гэрээс хөөсөн. Л ах ажил руугаа явна гэж хэлж байсан. Ямар шалтгаанаар Л ах Соронзонболд ахыг цохисныг мэдэхгүй. Би хүүхдээ хөхүүлж байсан болохоор тэр хоёр юуны тухай ярьж байсныг анзаараагүй. Гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, хоорондоо хэрэлдэж маргалдаагүй байсан. Л ах С ах нар өмнө нь бие биенийгээ таньдаг байсан. Намайг ороход хүүхэд сэрсэн учраас би бага хүүхдээ хөхүүлсэн. Аавын хажууд зүүн талд Л ах суучихсан, ширээний хажууд Соронзонболд ах сууж байсан ба гэнэт л Л ах С ахыг гараараа цохиод авсан. Би хүүхдээ хөхүүлж байсан учраас яг хаана цохисныг хараагүй боловч цохичихлоо гэдгийг мэдсэн. С ах газар бараг саваад уначихсан. Тэгтэл Л ах босож ирээд толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Юунаас болсныг мэдээгүй ба гэнэт л цохиод унахаар нь өшиглөсөн. Их л хурдан болж өнгөрсөн. Л ах, С ах ч гэсэн хашгираад орилоод байсан зүйл байхгүй. Би Л ахад та хүн аллаа гэж хашгирсан чинь аав сэрээд “яагаад байна боль, чи яв” гээд Л ахыг хөөгөөд гаргасан. Л ах хувцастай байсан байсан юм. С ах газар эвхрээд хэвтэж байсан. Ингээд Л ах яваад өгсөн ба аав буцаад унтсан. Би бие засчихаад ороод иртэл Соронзонболд ах өндийгөөд нөгөө тийш хараад хэвтсэн байсан. Би унтаж байна гэж бодсон. Удалгүй С ах чанга чанга хурхираад байхаар нь унтчихлаа гэж бодсон. Гэхдээ С ахад ил харагдах шарх, сорви байгаагүй. Харин хэвтэж байгаад бөөлжиж байгаа юм шиг огиод шүлсээ хаясан... Ингээд би 17 цагийн үед гараад 20 цагийн үед гэртээ ирэхэд манайд Батбуян эгч ирчихсэн аавтай хамт С ахыг гэрт нь оруулж өгөх гээд гал тогооны хэсэгт өргөөд оруулчихсан даахгүй байна, сэрэхгүй байна гээд байж байсан. Ингээд би хамт өргөлцөөд усны тэргэн дээр тавиад түрж гэрт нь оруулсан. Энэ үед сэрэхгүй байхаар нь “одоо сэрвэл сэрэх болсон байх” гэж яриад түргэн дуудсан ...” /хх 1-н 20-22/,

гэрч Д.Б-гийн “... Намайг ороход Уранзаяа гараад явсан байсан ба би  хүүхдийг нь угжчихаад усны тэргийг нь аваад гарсан. Тэр хоёр нэлээд согтсон байсан ба ойр зуурын юм ярьж байсан. Би ус авчихаад ирээд гэртээ байж байтал 11 цагийн орчим С нэг алх барьчихсан “Г ахынд орчихоод ирье, алхыг нь өгье” гээд гарсан. Энэ үед талийгаач эрүүл байсан. Тэгээд 13 цагийн орчим би Г-ын гэрт усны тэргийг нь оруулж өгөхөөр ортол Г орон дээрээ унтаж байсан ба С нь орных нь гол хавьд газар хэвтчихсэн хурхираад унтаж байсан... хоолоо хийчихээд гэртээ байж байтал Г ахын бага охин Азаа манайд ирээд “аав таныг дуудаж байна, С ах босдоггүй, нүүрс ирэх гээд байна гэрт нь оруулах гэсэн юм” гэж хэлсэн ба би Г-ын гэрт нь ороход С өдөр газраа мөн л хурхираад хэвтэж байсан. Удалгүй гаднаас У орж ирсэн. Тухайн үед би “С-ыг өдөр хурхираад хэвтэж байсан, ингэтлээ унтмааргүй юм, түргэн дуудсан нь дээр юм биш үү” гэсэн. Г, У, А бид дөрөв эмнэлэг ирэхээс өмнө талийгаачийг өргөөд түрдэг тэргэн дээр тавиад гэрт нь оруулсан. Удалгүй түргэн ирсэн...” /хх 1-н 25-26/,

шинжээч Ч.-ын “...Тархины гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байсан ба өвчтөний түүхээс үзэхэд эмчилгээ бүрэн зөв хийгдсэн, задлан шинжилгээгээр тархины эдийн няцрал ихтэй байсан тул эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай байсан байна. Уг тархины гэмтэл нь толгойн тус газарт хүчтэй цохих, цохигдох, доргилтын улмаас үүсэх боломжтой. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин зүүн эгэм, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд үүссэн цус хураа бүхий гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Нэмж тодруулахад уушгины хатгаа өвчин нь нас барахад нөлөөлөхгүй...” /хх 1-н 69-70/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн талын бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий баруун, зүүн гуян дахь цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний салстад цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун, зүүн гуян дахь цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь уушгины хатгаа өвчтэй байна...” гэх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1916 тоот дүгнэлт /хх 1-н 41-42/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...М.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1131 тоот дүгнэлт /хх 1-н 63-64/,

хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 5-6/, С.С-ын өвчний түүхийн хуулбар /хх 1-н 45-53/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.Л-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг прокурорт шилжүүлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба М.Л-д холбогдох хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

            Хэдийгээр хохирогч Б.Э нь хохиролгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хохирол барагдсан талаар гэрээ хийсэн байх боловч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Л-ын өмгөөлөгч Ц.Г, Г.Б нарын хамтран гаргасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.