Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0525

 

 

 

 

  

 

“И сан” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, А.М, хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, М.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй, “И сан” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.9, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасныг үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Л дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн маргаж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оюутны гудамжинд байршилтай И сан” буюу О ХХК-ийн өмчлөлийн байруудын хооронд орших нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, мөн тус газрыг эзэмших, ашиглах өмчлүүлэх тухай захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсгол зохион байгуулахыг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 тоот Хамтран ажиллах тухай гэрээ-г хүчингүй болгуулах нэхэмжлэгч И сан” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “И сан” НҮТББ-ын төлөөлөгч Ш.Саранчимэг тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1 дэх шаардлагыг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн тухайд:

Хот байгуулалт хөгжлийн газраас Л дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулан хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйл, 35 дугаар зүйлийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжиж мэтгэлцэх явцдаа “Л” сургуулийн барьсан сагсны талбай, түүнийг тойруулан барьсан хашаа нь барилга байгууламж биш, ийм ч учраас эрх мэдэлд хамаарахгүй асуудлаар зөвшөөрөл олгож, газар олгох үйл ажиллагааг дэмжих үүднээс барилгын ажлын зөвшөөрөл олгосон нь илт хууль бус захиргааны акт байна гэж маргасан. Гэтэл шүүх энэ үндэслэлийг шүүх хуралдааны явцад ч хэлэлцээгүй, шийдвэртээ ч дүгнээгүй шууд л “эрх бүхий” хэмээх дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасангүй.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр томьёоны тайлбарт “барилга байгууламж гэдэгт орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, түүний инженерийн шугам сүлжээг” ойлгоно гэж заасан бөгөөд энэ тайлбарт сагсны талбай, түүнийг хашааг оруулаагүй байна. Улмаар дээрх барилга байгууламжийг барих нөхцөлд Барилгын ажлын зөвшөөрлийг уг хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн олгохоор заасан бөгөөд хариуцагчаас 28.2-т заасан баримт бичгийг ч гаргаж өгөөгүй. Угаасаа барилгын ажил барих зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаанд хүчээр зөвшөөрөл олгож тухайн газарт эзэмшил тогтоохоор өргөдөл гаргаж хууль тогтоомж, журамд заагдсаны дагуу шийдвэрлүүлэхээр хүлээж буй 2 этгээдийн нэгэнд нь давуу эрх олгож, цаашид гэрээгээр эзэмших боломж ба давуу байдлыг илт бий болгож байгаа нь хууль бус байхад шүүх энэ байдалд дүгнэлтийг буруу хийж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй. Хуулийг өөр ямар нэг дүрэм журмаар дэлгэрүүлэн тайлбарлах эрхийг хэн ч эдлэхгүй. Гэтэл, энэ агуулгыг дэлгэрүүлэн тайлбарласан хууль бус журмыг шүүх үндэслэх эрхгүй.

Орц, гарцыг хаасан тухайд нэхэмжлэгч өөрийн барилгын ус, бохир усны худагт хүрэх боломжгүй болж энэ орцоо хаалгасан тухай шүүхийн үзлэгээр харуулж худаг нь өөрийн эзэмшлийн байгаа тухай нотлох баримтыг шүүхэд өгсөн байхад огт үнэлгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн.

2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд хууль ёсны болж чадаагүй тухайд:

Маргаж буй асуудлыг уг суурь болсон газарт ямар нэг барилга байгууламж барих, ашиглах, эзэмших зөвшөөрөл олгох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан нийтийн сонсгол зохион байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

Шүүх шийдвэрээ үндэслэхдээ тухайн нийтийн сонсголыг зохион байгуулах эсэх нь захиргааны байгууллагын өөрийнх нь эрх мэдлийн асуудал буюу сонсголыг зохион байгуулах эсэхээ өөрөө л шийдвэрлэнэ хэмээн тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл ба Зургадугаар бүлгийг бүхэлд нь шууд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нийслэлийн 2 агентлаг захиргааны акт, захиргааны гэрээ 2-ыг Нийслэлийн засаг даргын эрхийг шилжүүлэн авсны үндсэн дээр гаргаж байгааг шүүх зөв, эрх бүхий гэсэн атлаа эдгээр шийдвэр гаргах ажиллагааны гол агуулга болсон нийтийн сонсголыг зохион байгуулах нь тэдгээрийн дурын асуудал гэж үзэж байгааг захиргааны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн шийдвэр гэж үзэх ямар ч үндэслэл боломж алга байна. Энэ утгаараа нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй тул хүчингүй болгох үндэслэлтэй байгааг хэлэлцэж өгнө үү.

3 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзсэнийг мөн зөвшөөрөхгүй.

Энэхүү захиргааны гэрээгээр нийтийн зориулалттай тохижилт хийх эрхийг зөвхөн нэг этгээдэд илүү эрх олгон өгсөн энэхүү гэрээгээр цаашид уг газрыг эзэмших боломжийг нээж өгч байгаа нь агуулгаараа хуулийг тойрсон дүр үзүүлсэн, газар олгох үйл ажиллагааг халхавчилсан гэрээ байна. Шүүх энэхүү байдлыг огт анхааралгүй гуравдагч этгээд болон газар олгох эрх мэдэл бүхий этгээдэд эрх нь байгаа гэх үндэслэлээр шударга бус шийдвэр гаргасан бөгөөд нэг талыг барьсан, нотлох баримтыг хангалттай судлаагүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байна.

Шүүх Нийслэлийн засаг даргад огт хамааралгүй буюу Л сургууль болон “Т К” ХХК, “Б П” ХХК болон Барилгын хөгжлийн төв гэрээ байгуулан зураг хийж дүгнэлт гаргасан үйл ажиллагаа, баримт бичиг Захиргааны гэрээ хууль ёсны байх үндэслэл гэж үзсэн нь буруу.

Шүүх нь Захиргааны гэрээ байгуулах эрх хэмжээг тодорхойлох, үндэслэлтэй эсэх зэрэг асуудлыг зохицуулдаг Захиргааны ерөнхий хууль болоод Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулиудын дагуу нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбар нотлох баримтуудыг шалган дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “И сан” НҮТББ-аас “Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас Л дунд сургуульд олгосон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0007648 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус захиргааны актад тооцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн маргаж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оюутны гудамжинд байршилтай “И сан” буюу “О” ХХК-ийн өмчлөлийн байруудын хооронд орших нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, мөн тус газрыг эзэмших, ашиглах, өмчлүүлэх тухай захиргааны шийдвэр гаргах асуудлаар сонсгол зохион байгуулахыг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/06-275 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргажээ.

          Гуравдагч этгээд “Л” сургуулиас нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, сурагчдын аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчин бий болгох ажлын хүрээнд орчны нийтийн эдэлбэр газрыг өөрийн хөрөнгөөр тохижуулах хүсэлтийг[1] Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/3783 албан бичгээр[2]  уламжилсан байна.

          Улмаар хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[3] гуравдагч этгээд “Л” дунд сургуульд гадна талбайн тохижилт хийх зориулалтаар, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн ангиллаар олгожээ.

          Гуравдагч этгээд “Л” сургуулийн гаднах тохижилтын ажлын төлөвлөгөөнд[4] маргаан бүхий талбайг өөрийн хөрөнгөөр авто замыг засах, зүлэгжүүлсэн ногоон байгууламж бий болгож, мод тарьж, цэцгийн мандал бий болгох, явган хүний зам, тоглоомын болон сагсны талбай, хашаа, хайс барих, орчны гэрэлтүүлгийг суурилуулж, бий болгохоор тусгажээ. 

          Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Г, “Л” сургууль харилцан тохиролцож Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нийтийн эзэмшлийн 744,3 мкв талбайг “Л” сургуулийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, сагсны талбай тохижуулахаар харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2020/06-275 Хамтран ажиллах гэрээг[5]  байгуулжээ.

          Барилгын тухай хуулийн “4 дүгээр зүйлийн 4.1.11-д “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг, 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг, 4.1.18-д “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг” гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг,  4.1.25-д “гадна тохижилтын ажил” гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, авто зам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг” ойлгохоор заажээ.

          Мөн Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна: 10.1.1-д “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, 10.1.3-д дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж”, 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрмийн  1.2-д “Барилгын ажлын төрөлтэй уялдуулан Барилга байгууламжийн зориулалт, төрөл, хүчин чадлыг Барилгын тухай хууль болон барилга байгууламжийн норматив баримт бичигт зааснаар тусгаж хэрэгжүүлнэ.”, 2.1-д “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал нь  ..., барилгын ажлын зөвшөөрөл олгох, ...зэрэг үйл ажиллагааг зохицуулах үндэслэл болно.”, мөн дүрмийн хавсралтын барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж хэсэгт “гадна тохижилтын ажил” хамаарахаар заагаагүй, харин дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж хэсэгт боловсролын байгууллагын барилга байгууламж хамаарахаар, мөн нь БНБД 3.01.06-90 барилгын норм дүрэмд барилгын орчны тохижилтын ажил хамаарахаар заасан.

          Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно.”, 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах”-аар зохицуулжээ.

          Эдгээр хууль, дүрмийн зохицуулалтыг маргааны тохиолдлын хувьд авч үзвэл гуравдагч этгээд “Л” сургуулийн гаднах тохижилтын ажлыг дунд төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамааруулан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон хариуцагч байгууллагын үйл ажиллагааг дээр дурдсан хууль, дүрэмд нийцээгүй бөгөөд барилга байгууламжид хамаарахгүй үйл ажиллагаанд барилгын ажлын зөвшөөрөл олгосон гэж үзэхээргүй байна.

          Цаашлаад хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гуравдагч этгээд сургуульд олгосон  гэж үзэх үндэслэлгүй.

          Учир нь гаднах тохижилтын ажил нь барилгын БНБД 3.01.06-90 гэсэн норм дүрэмд хамаарч, барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаардаггүй, харин дунд төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаардаг бөгөөд дунд төвөгшилтэй барилга барихад барилгын ажлын зөвшөөрөл шаарддаг, барилгын ажлын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга олгох эрх хэмжээг хуулиар тусгайлан заасан.

          Иймд нэхэмжлэгчийн “Л” сургуулийн барьсан сагсны талбай, түүнийг тойруулан барьсан хашаа нь барилга байгууламж биш, ийм учраас эрх мэдэлд хамаарахгүй асуудлаар зөвшөөрөл олгож, газар олгох үйл ажиллагааг дэмжих үүднээс барилгын ажлын зөвшөөрөл олгосон  нь илт хууль бус захиргааны акт, барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаанд хүчээр зөвшөөрөл олгосон” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд “Л” сургуульд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь нийтийн эдэлбэр газрын гадны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхэд хамааралтай, тус компанид газар эзэмших, ашиглах эрхийг үүсгээгүй, мөн  маргаан бүхий Хамтран ажиллах гэрээгээр  нийтийн эзэмшлийн 744,3 мкв талбайг “Л” сургуулийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, сагсны талбай тохижуулахаар харилцан тохиролцсон харин уг гэрээгээр нийтийн эзэмшлийн газрыг “Л” сургуульд шилжүүлэн өгөх, уг газрыг нийтийн эдэлбэрийн бус зориулалтаар эзэмшиж, ашиглах талаар тусгаагүй гэдэг нь тус зөвшөөрөл болон тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар[6], гэрээ зэргээс тогтоогдож байна.

          Иймд нэхэмжлэгчийн “газар олгох үйл ажиллагааг дэмжих үүднээс барилгын зөвшөөрөл олгосон, тухайн газарт эзэмшил тогтоохоор өргөдөл гаргаж хууль тогтоомж, журамд заагдсаны дагуу шийдвэрлүүлэхээр хүлээж буй 2 этгээдийн нэгэнд нь давуу эрх олгож, цаашид гэрээгээр эзэмших боломж ба давуу байдлыг илт бий болгож байгаа, газар олгох үйл ажиллагааг халхавчилсан гэрээ” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

          Маргаан бүхий нийтийн эдэлбэр газар нь нэхэмжлэгч “И сан” НҮТББ-ийн хууль ёсны эзэмшлийн газартай давхцаагүй, орц гарцыг хаасан гэдэг нь тогтоогдоогүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж зааснаар нийтийн эдэлбэр газарт тохижилтын ажил хийх зөвшөөрлийн гэрчилгээ олгож, хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө  нэхэмжлэгч “И сан” НҮТББ-д мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

          Иймээс нэхэмжлэгчийн “маргаж буй асуудлыг уг суурь болсон газарт ямар нэг барилга байгууламж барих, ашиглах, эзэмших зөвшөөрөл олгох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан нийтийн сонсгол зохион байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хуульд нийцээгүй байна.” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

          Маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь илт хууль бус, хамтран ажиллах гэрээ нь хуульд нийцээгүй гэдэг нь тогтоогдоогүй, эдгээр гэрчилгээ, гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

          Нэхэмжлэгчээс маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасны дагуу илт хууль бус, нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох шаардлагатай, захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хамтран ажиллах гэрээ хууль бус гэж маргаж байхад уг маргааны үйл баримтад хамааралтай хуулийг хэрэглээгүй, харин маргааны үйл баримтад хамааралгүй хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 497 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.9, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасныг үндэслэн” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                         

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хавсралт материал 3 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 82 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 79 дэх тал

[4] Хавстралт материал /Гадна талбайн тохижилтын ажил/

[5] Хавсралт материал 10-13 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 40 дэх тал