Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 79

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багт оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД86022112, Бурдууд овогт Бямбажаргалын Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын Ахлах сургуульд холбогдох,

          Увс аймгийн Зүүнговь сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас хийсэн суутгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 30 настай, ам бүл 5, 2-5 насны 3 хүүхэдтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн ухааны багш мэргэжлээр Зүүнговь сумын Ахлах сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын үзүүлэлт хангалттай сайн. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сургуулийн захирал Ж.Баянбилэг А/20 дугаар тушаал гаргаж үндсэн цалингийн /торгосон хугацаа, хувь тодорхойгүй/ хувиар торгосон шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан дугаар А/20 тушаалд ямар зөрчилд хариуцлага тооцож байгааг тодорхой зааж өгөөгүй, яагаад цалингийн хувиар торгож байгааг асуухад 2016 оны 9 дүгээр сарын 28-нд иргэн С.Цэдэвсүрэнгийн бичиж ирсэн өргөдлийн дагуу гэж хариулт өгсөн. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн тул хүчингүй юм. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан дугаар А/20 тушаалд надад хэдэн сар, хэдэн хувиар торгох хариуцлага тооцож байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл тушаалд намайг хэдэн сар, хэдэн хувиар торгож байгааг нарийвчлан заагаагүй байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Тодруулбал хугацаа хувь хэмжээг тодорхой заагаагүй нь намайг 3 сараас илүү хугацаагаар 20 хувиас илүү хэмжээгээр торгох үндэслэл болж байна. Иймд Зүүнговь сумын Ахлах сургуулийн захирал Ж.Баянбилэгийн гаргасан А/20 тушаалыг хүчингүй болгож, цалингаас хийсэн суутгалыг буцаан өгөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд гаргасан Увс аймгийн Зүүнговь сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас хийсэн суутгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир нь хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Ахлах сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас хийсэн суутгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь буюу 2275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир нь хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын Ахлах сургуульд холбогдуулан гаргасан Увс аймгийн Зүүнговь сумын Ахлах сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас хийсэн суутгалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт олгож, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ