| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00889/И |
| Дугаар | 84 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 84
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 2-15 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ65090466, Боржгон овогт Бурмаагийн Наранцэцэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1965 онд төрсөн. 52 настай, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид 1981 оны 6 дугаар сарын 27-ноос эхлэн засалчнаар ажиллах болсон. 1991 онд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь Шинэчлэл компани болоход мөн л засалчнаар 1993 оныг дуустал ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, гарсан тушаалуудаа үрэгдүүлсэн. Миний бие 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1981 оны 6 дугаар сарын 27-ноос 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид засалчнаар, “Шинэчлэл” ХХК-д 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал засалчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ц.Цээнээ, Д.Гомбосүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь 1981 оны 6 дугаар сарын 27-ноос 1993 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан сантехникийн засварын анги болон “Шинэчлэл” ХХК-д засалчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Бурмаа овогтой Наранцэцэгийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 143 дугаар “Болзол дүгнэх тухай” тушаалд: “...Болзлын дагуу 1 дүгээр байранд 5, 2 дугаар байранд 10, 3 дугаар байранд 15 ажилчныг шалгаруулан хавсралт ёсоор шагнасугай. Хавсралтын 3-т Наранцэцэг” гэжээ.
Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар “Шагнал олгох тухай” тушаалд: “...Уралдаанд идэвх зүтгэл гаргаж ажилласан засалчин Наранцэцэг нарын 8 хүнийг тус бүрийг 25-100 төгрөгөөр шагнаж урамшуулсугай. Хавсралтын 12-т Наранцэцэг-25” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалд: “...Засалчин Б.Наранцэцэгт 300 төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 955 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “1991-1993 онд Шинэчлэл компани нь Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
Б.Наранцэцэг нь 1986 онд хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зураг хэрэгт авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Гомбосүрэн, Ц.Цээнээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Гомбосүрэн “Миний бие нь 1981 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын анги болон Барилга засвар шинэчлэл ХХК-д засалчнаар ажиллаж байсан. Намайг анх тус байгууллагад 1981 оны 9 дүгээр сараас засалчнаар ажиллаж эхлэхэд Б.Наранцэцэг нь тус газарт засалчнаар ажиллаж байсан. Б.Наранцэцэг нь 1990 оныг дуустал тус газарт засалчнаар ажилласан. 1990 оноос Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын анги нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилга засвар шинэчлэл ХХК болж өөрчлөгдсөн бөгөөд Б.Наранцэцэг нь 1991 оноос 1993 оныг дуустал Барилга засвар шинэчлэл ХХК-д засалчнаар ажилласан. Тухайн үед Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргаар Мягмарсүрэн, Барилга засвар шинэчлэл ХХК-ийн даргаар Цэгмэд гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Цээнээ “Миний бие нь 1986 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын анги болон Барилга засвар шинэчлэл ХХК-д тус тус засал, чимэглэлчнээр ажиллаж байсан. Намайг анх тус байгууллагад ажиллаж эхлэхэд Б.Наранцэцэг нь тус газарт засалчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 оныг дуустал засалчнаар ажилласан. 1991 онд уг газар нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилга засвар шинэчлэл ХХК болж өөрчлөгдөхөд Б.Наранцэцэг нь 1993 оныг дуустал үргэжлүүлэн тус газарт засалчнаар ажилласан болно” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч нь 1986 онд хамт олонтойгоо авахуулж байсан гэх хуулбарлаж ирүүлсэн гэрэл зургийг хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул уг гэрэл зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Хэдийгээр Б.Наранцэцэгийн 1981 оноос 1993 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1981 оны 6 дугаар сарын 27-ноос 1993 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан сантехникийн засварын анги болон “Шинэчлэл” ХХК-д засалчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 143 дугаар “Болзол дүгнэх тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар “Шагнал олгох тухай” тушаал, Увс аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 955 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Д.Гомбосүрэн, Ц.Цээнээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 6 дугаар сарын 27-ноос 1993 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан сантехникийн засварын анги болон “Шинэчлэл” ХХК-д засалчнаар 12 жил 6 сар 3 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2743 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржгон овогт Бурмаагийн Наранцэцэгийн 1981 оны 6 дугаар сарын 27-ноос 1993 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Барилга, цахилгаан сантехникийн засварын анги болон “Шинэчлэл” ХХК-д засалчнаар 12 /арван хоёр/ жил 6 /зургаа/ сар 3 /гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Наранцэцэг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2743 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ