Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0003

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Б.Ганболд,

Шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С холбогдох эрүүгийн 1905036721201 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Элит стар” үл хөдлөх хөрөнгийн компанид зуучлагч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 6 гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, апартмент түр оршин суух, ял шийтгэлгүй, С

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анархан” паб дотор иргэн Л.П-ийн Самсунг Эс 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 1.120.000 төгрөгийн хохирол,

2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бар дотор иргэн Б.Г-ын самсунг Эс 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол, нийт 1.620.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.С-нийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч  Д.С нь 2 удаагийн үйлдлээр буюу 2019 оны 3 дугаар сарын 19, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анархан”, “Стелла” нэртэй паб, баар дотроос иргэн Л.П, Б.Г нарын эзэмшлийн Самсунг Эс 8 загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, бусдад 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Д.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Б.Г-д учруулсан хохирлыг сая төлж барагдуулсан. Л.П-ын хохирлыг шинэ он гарахаас өмнө төлж барагдуулах болно. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг

хохирогч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 01 цагийн үед “Стелла” бааранд орж үйлчлүүлсэн. Гар утсаа алдаад цагдаад өргөдөл өгсөн. Би одоо шинэ утас авчихсан учир хуучин утас надад хэрэггүй. Би утасны төлбөр 500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө би эхнэр Хишигтогтох, найз Оюунбилэг нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла бааранд 01 цагийн үед ороод пиво захиалж ууж суусан. ...Манай найз Оюунбилэг цүнхээ үзэхэд цүнх нь онгорхой дотор нь байсан миний гар утас алга болсон байсан. Тэгээд баарны хамгаалагч дээр очоод хүмүүсээ битгий гаргаарай утсаа алдчихлаа гэсэн. Зохион байгуулагч гээд эмэгтэй дээр очоод камер шүүхэд 30 гарам насны эмэгтэй хүн манай сууж байсан буйдан дээрээс цүнх аваад 00 руу ороод буцаагаад авчираад тавьж байгаа бичлэг харагдахаар нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 тал/,

 

Хохирогч Л.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Анархан” гэх нэртэй паб ажиллуулдаг юм. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шөнө 03:50 цагийн үед гаднаас хар өнгийн хувцастай нүдний шилтэй, махлагдуу эмэгтэй манайд орж ирээд 7 пиво 2 кола ундаа аваад уутанд хийгээд гарсан. ...Паб хаах үед нэг эмэгтэй согтуу ганцаараа байж байхаар хувцсыг нь өмсгөх гээд тусалж байсан. Тэгэхдээ өөрийн гар утсаа тэр эмэгтэйн ширээн дээр тавьчихсан байсан. Нөгөө согтуу эмэгтэйг гаргаж өгөхөд үүдэн дээрээс нөхөр нь ирээд аваад явсан юм. Эргээд орж ирэхэд миний ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Пабын камерыг шүүж үзэхэд манайхаас 2 кола, 6 ширхэг сэнгүр пиво авсан тэр эмэгтэй авч байгаа камерын бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-49 тал/,

 

Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ахиж юм захиалах гээд цүнхээ ухахад цүнхний цахилгаан онгорхой дотор нь байсан манай найз Г-ын утас байхгүй болсон байсан. Тэгээд шууд Г-доо чиний утас цүнхнээс алга болсон байна гээд бид хэд хяналтын камер шүүсэн. Гэтэл нэг эмэгтэй хүн миний цүнхийг аваад 00 дотогшоо ороод 3-4 минутын дараа гарч ирээд сандал дээр миний цүнхийг тавиад явж байгаа бичлэг байсан. ...Бичлэг дээр нүдний шилтэй 170 орчим өндөртэй, түрүүтэй гуталтай, ягаан өнгийн хантааз өмссөн хүн байсан. Самсунг эс 8 загварын ягаан өнгөтэй утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 10 дугаар хороололд байрлах “Стелла” баар орсон. Бид нарын сууж байсан ширээний хойд талын ширээн дээр цэнхэр өнгийн цүнх байхаар нь нойлын өрөө авч ороод эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, ягаан өнгийн Самсунг Эс-8 маркийн гар утас байхаар нь авсан. Би уг гар утсыг Стелла баарнаас аваад гарсан бөгөөд хаана алга болгосон гэдгээ санахгүй байна... 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Анархан” нэртэй паб руу пиво авахаар орсон.  Намайг ороход нэг эмэгтэй тасарсан байдалтай ширээн дээр нь Самсунг Эс-8 маркийн гар утас нь байхаар нь нэхийнийхээ халаасанд хийгээд баарнаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 78-79, 86-87 тал/

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БГ2-19-1080 дугаартай: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 500.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 18-19 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БГ2-19-978 дугаартай: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 19-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 1.120.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 54-55 тал/,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-60 тал/,

 

Эд зүйл түр хураан авсан, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27-30, 72-74 тал/,

 

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 38 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.    

                                                                                

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анархан” паб дотор иргэн Л.Пэлжидийн Самсунг Эс 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 1.120.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Стелла” баар дотор иргэн Б.Г-ын Самсунг Эс 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.С-ийн бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, хууль бусаар буюу эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол буюу нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Д.С нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.С-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

                

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г 500.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 8, хохирогч Л.П 1.120.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 8 загварын гар утсаа тус тус алдаж эд хөрөнгийн хохирол хүлээсэн ба шүүх хуралдааны шатанд хохирогч Б.Г-ын хохирол төлбөр төлөгдсөн.

 

Харин хохирогч Л.П-д учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.С-ээс 1.120.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.П-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.С-н хувийн байдалтай холбоотойгоор гэрч О.Л, С.Ц нарын мэдүүлэг, /хх-ийн 15-16 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан ба дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь 3-7 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй байна. 

 

Иймд шүүгдэгч Д.С-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, төлсөн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хуулинд заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгчид тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь хохирогч, шүүгдэгч нарын эрх ашиг, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг сануулж байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар 2 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий сиди мөрдөн шалгах ажиллагааны шатанд хураагдан шүүхэд ирсэн байна. Энэ нь хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.С-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч С-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгыг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С 1.120.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.П-д олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 2 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч Б.Г-д 500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА