Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 0013

 

 

 

 

 

 

 

 

   2019         12         25                                             2019/ШЦТ/13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0582/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905016460656 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 8 дугаар баг оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн,

            Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

            Дундговь аймгийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т хэсэгг зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг хөнгөнийг хүндэд нь багтааж 3 жил хорих ял шийтгүүлсэн,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 Дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

             Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж Төв аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 366 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 02 хоногийн хорих ялаас өршөөн хасч суллагдсан, Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Болдбаатар нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн тойг” зочид буудлын гадна Д.Н-ийн гар утас, бугуйн цаг, цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт, чихэвч, цэнэглэгч, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж нийт 704,900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн тойг” зочид буудлын гадна Д.Н-ийн гар утас, бугуйн цаг, цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт, чихэвч, цэнэглэгч, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж нийт 704,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Н Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан: “Би 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 5-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Мөнгөн тойг зочид буудлын урд Б.Болдбаатарт зодуулан, эд зүйлээ булаалгасан...” гэх өргөдөл /хх-ийн 4 тал/,

           

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнгөн тойг зочид буудлын шатан дээр зогсож байх үед чи надтай хамт хоно, наад найзаа явуул гээд байхаар нь чи согтчихоод байгаа юм уу, юу балайраад байгаа юм, би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь миний үснээс зулгаагаад, зүүн гарын тохой руу цохисон. Тухайн үед би газар унасан ба намайг унах үед Б.Б миний мөрөөрөө үүрсэн цүнхийг уг татаад аваад явсан. Цүнхэнд I phone 6 plus маркийн саарал өнгөтэй гар утас, шар гэр, чихэвч, цэнэглэгч нь байсан бэлнээр 12,000 төгрөг байсан, иргэний үнэмлэх, хаан банкны карт, улаан өнгийн арьсан түрийвч, бугуйн цаг, chanel жижиг хар цүнх зүйлс байсан. Надад 150.000 төгрөг өгсөн асуудал байхгүй. Угаасаа мөнгөгүй байсан байх караокены тооцоо болон дэлгүүрээс юм авахад Найданбат хийгээд байсан. Миний хувьд Б-аас нэг ч төгрөг аваагүй. ...Тархи толгойгоо бариулаад биеийн байдал гайгүй болсон. Хохирлоо авмаар байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 06-11, 140 тал/,

 

Гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б, Ү-гийн найз хүүхэн хоёр пиво уугаад сэрүүн үлдсэн. Тэгээд намайг унтаж байтал Үү-ийн найз хүүхэн нь татаад Б.Б миний утсыг аваад явчихлаа гэхэд нь манай эхнэр сэрээд наад асуудлаа өөрсдөө шийд гэж уурлаад нөгөө эмэгтэйг буудлын өрөөнөөс хөөгөөд гаргасан. Өглөө 8 цаг өнгөрч байхад нөгөө эмэгтэй хажуугийн өрөөнд унтаж байсан. Сэрээд танай найз Б.Б миний утас цүнхийг аваад явчихсан гэхээр нь Б.Б руу залгаад Багшийн дээдийн автобусны буудал дээр уулзахаар болсон боловч Б.Б уулзах газраа ирээгүй... ...Унтаж байхад маргалдаад байсан байхаар би очоод юу болсон талаар асуухад энэ эмэгтэй надтай унтана гэж 150.000 төгрөг авчихаад явах гээд байна, би мөнгөө авмаар байна гээд маргалдаад байсан. Би нээх тогоогүй. Маргааш өглөө нь сэрээд тэр хоёрын өрөө ороход нөгөө эмэгтэй хувцастайгаа оронд дээр унтаж байсан. Б байхгүй байсан. Нэргүй сэрээд Б хаана байна миний утсыг аваад явчихлаа бас цүнхний оосор тасалсан гэсэн...” /хх-ийн 12-13, 141-142 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н бид 2 явахаар буудлаас гарахад нөгөө согтуу залуу дагаж гарч ирээд Н-г явуулахгүй гээд зуураад байхаар нь би чи одоо явуулаач ямар сонин юм бэ гэхэд нөгөө залуу чамд ямар хамаатай юм бэ гээд элдэв янзын муухай үг хэлээд байхаар нь би цаашаа яваад өгсөн. Тэгээд гадаа зогсож байтал гэнэт хажуугаар нөгөө согтуу залуу ертөнцийн зүгээр баруун зүгт гүйгээд яваад өнгөрчихөөр нь буцаад ортол Нэргүй буудлын үүдний хэсэгт нөгөө залуу чинь миний цүнхтэй эд зүйлийг аваад зугтаагаад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй өөрт холбогдох хэргээ хурдан шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн БГ2-19-357 дугаартай тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө ...гар утас, бугуйн цаг, цүнх, түрийвч нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 649,800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн БГ2-19-1012 дугаартай тайланд ...Иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, 12.000 төгрөг, чихэвч, I phone утасны цэнэглэгч, I phone 6 plus маркийн гар утасны гэр зэрэг эд зүйлийг 55,100 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23, 106-107 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Э.О, Б.Д нарын мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/, Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 40-71 тал/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд /хх-ийн 27-30, 129-136 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Прокуророос шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгодог.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч болон нэр бүхий гэрч нар хэрэг учрал болсон 2019 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мөнгөн тойг” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар шүүгдэгч Б.Б нь согтуурхан хохирогч Д.Н-г явуулахгүй гэж маргалдан, хохирогчийн үснээс зулгааж, зүүн гарын тохой руу цохиж, барьж явсан цүнхийг булаан зугтааж явсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын хохирогч Д.Н-н эзэмшлийн эд зүйлсийг буюу цүнх, цүнх дотор байсан I phone 6 plus маркийн саарал өнгөтэй гар утас, бугуйн цаг, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт, чихэвч, цэнэглэгч, бэлэн 12.000 төгрөг зэргийг эзэмшигч зөвшөөрөөгүй байхад хүч хэрэглэн булаан авч буй дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, илээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “...Үүрийнтуяа бид хэд “Драгон” худалдааны төвийн цайны газар хоолонд орж байтал Үүрийнтуяа нэг найзыгаа дуудсан. Нэргүй гэх эмэгтэй орж ирэхээр нь аяга цай авч өгсөн. О, Н нар маргааш Дундговь аймаг явна гээд хонох газар байхгүй гээд Мөнгөн тойг зочид буудалд хонохоор болоод буудлын өрөө авч байтал Нэргүй би өлсөөд байна гээд хорхог захиалаад өг гэхээр хорхог захиалж өгсөн. Тэгээд бид хэд ярилцаад орой нь караокед орсон. Н-д мөнгө хэрэгтэй байгаа гээд Ү хэлээд манай найзад 150.000 төгрөг хэрэгтэй. Та 2 тэгээд хоорондоо учраа олоод буудалдаа орчих гэхээр нь за тэгье гээд архи пиво аваад буудалд орсон. Би Н-д 150.000 төгрөг өгсөн. Тэгээд явна гээд байхаар нь явуулахгүй гээд цүнхийг нь авсан. Тэрнээс дээрэмдэх санаа байгаагүй, зодож цохиогүй...” гэж мэдүүлсэн нь хохирогч Д.Н “...би Болдбаатараас нэг ч төгрөг аваагүй. Намайг явуулахгүй, хамт хоно, наад найзаа явуул гээд байхаар нь чи согтчихоод байгаа юм уу цагдаа дуудлаа гэхэд миний үснээс зулгаагаад тохой руу цохисон. Намайг газар унах үед Б миний мөрөөрөө үүрсэн цүнхийг уг татаад аваад явсан...”, гэрч Ш.О-ын “...унтаж байтал Ү-ийн найз хүүхэн нь татаад Б миний утсыг аваад явчихлаа гэсэн. ...Би Б луу залгасан чинь Б сансарын энд явж байна нэг газар унтчихсан байна гэхээр нь чи хүний юмыг өгөөчээ цагдаа сэргийлэхэд өгнө гээд байна гэхэд Багшийн дээд дээр уулзахаар болоод Багшийн дээд дээр очоод Б луу залгасан чинь утас нь холбогдохгүй, уулзах газраа ирээгүй...”, гэрч Ц.И-ийн “...Гадаа зогсож байтал гэнэт хажуугаар нөгөө согтуу залуу ертөнцийн зүгээр баруун зүгт гүйгээд яваад өгчихөөр нь би буцаад буудал руу ортол Н буудлын үүдэн хэсэгт нөгөө залуу чинь миний цүнхтэй эд зүйлийг аваад зугтаагаад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н нийт 704.900 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болох I phone 6 plus маркийн саарал өнгөтэй гар утас, бугуйн цаг, цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт, чихэвч, цэнэглэгч болон бэлэн 12.000 төгрөгөөрөө хохирсон болох нь “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар нотлогдсон.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Болдбаатар нь хохирогч Д.Н-н хохиролд 705,000 төгрөг нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан. Энэ нь шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

   Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.O ийн “...Б ах ажилч, хичээнгүй, төлөв даруу хүн юм. Согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

гэрч Б.Д-гийн “...Б 2017 оноос манай компанид туслах ажилтанаар ажиллаж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хохирол төлбөр барагдуулсан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулинд заасан ялаас доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас оргон зайлсан үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 68 /жаран найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА