Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

 

 

 

  2020           01          06                                       2020/ШЦТ/27

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Л нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 1905042821223 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэй  дүгээр гудамжны  тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Л

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Л нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лоф” нэртэй компьютер тоглоомны газар иргэн Б.М-ын эзэмшлийн самсунг А30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 650.000 хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лоф” нэртэй компьютер тоглоомны газар иргэн Б.М-ын эзэмшлийн самсунг А30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 650.000 хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лоф” нэртэй компьютер тоглоомны газар руу орж мэйл шалгаж байгаад ширээн дээр утсаа тавиад унтчихсан байсан. Босож ирээд утсаа хайтал миний утас байхгүй байсан. Компьютер тоглоомны газрын хяналтын камерын бичлэг үзтэл 20 гаруй насны улаан цэнхэр алаг хувцастай эрэгтэй хүн миний гар утсыг аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед гаднаас нэг үл таних эрэгтэй орж ирээд Самсунг А30 маркийн гар утас үзүүлээд “Зээл авах гэсэн юм” гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхийг нь шалгаж үзээд 220.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 15.400 төгрөгийн хүүтэй зээл олгосон. Тус гар утсыг өөрийнхөө гар утас гэж хэлсэн. Би Б.Л гэх залуугаас 235.400 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/,

 

Яллагдагч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би он сар өдрийг нь санахгүй байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лоф” нэртэй компьютер тоглоомны газар өглөө үйлчлүүлэхээр орсон. Тус компьютер тоглоомны газар хүмүүс их байсан бөгөөд ширээн дээр Самсунг маркийн гар утас ил байхаар нь би аваад гарсан. Тухайн гар утсыг би ломбарданд 220.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь өөртөө хэрэглэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

 

 “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийн 234 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус гар утас нь зах зээлийн дундаж үнэ буюу 650.000 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 18 тал/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 39-41 тал/,

 

Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 42 тал/,

 

Эд зүйл зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 53 тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

                                                                               

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

 

Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лоф” нэртэй компьютер тоглоомны газраас иргэн Б.М-ын эзэмшлийн самсунг А30 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан, улмаар уг гар утсыг “Тус финанс” нэртэй ломбарданд 220.000 төгрөгийн барьцаа болгон өгч, зээл авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ, хяналтын камерын бичлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид 650.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Л-ийн бусдын эд хөрөнгийг нууц, сэм далд аргаар, хууль бусаар буюу эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Б.Л- нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Л-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

                

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л- өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М 650.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А30 загварын гар утсаа алдаж эд хөрөнгийн хохирол хүлээсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Б-вт 220.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохиролд тооцож 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 234.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хэргийн 66 дахь талд авагдсан тодорхойлолтоор нотлогджээ.

 

Иймд шүүгдэгч Б.Л-гаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Д.Л-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан ба дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, уг ялыг биечлэн эдэлж дууссан байна.   

 

Иймд шүүгдэгч Б.Л-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Л-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий Сидиг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хураан шүүхэд ирүүлсэн. Энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Лувсанд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Л-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л-д мэдэгдсүгэй.

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хяналтын камерын бичлэг бүхий Сидиг хавтаст хэрэгт хадгалаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА