Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00727

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын Х багт оршин суух, утас *********, РД:************ О овогт Мын Б,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын Х багт оршин суух, утас ********, РД:********** Ж овогт Кы Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У сумын Х дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, К.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, гэрч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч М.Б нь 1.У сумын Х багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2.2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 20994 090 төгрөг гаргуулан, 3.Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай, нэхэмжлэгч К.Т нь У сумын Х багийн дунд сургуулийн Х дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У сумын Х багийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр 1990 оноос одоо хүртэл хориод жил ажиллаж байгаа юм. Гэтэл У сумын Х багийн дунд сургуулийн захирал Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 49 дугаартай тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Тушаалд Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 6.4.10, Хөдөлмөрийн гэрээний 1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Хүүхдийн тоог илүү гаргаж, төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлж хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн тул гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм. Намайг сургуулийн захирал 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай тушаал гаргаж дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлж , 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тушаал нь агуулгын хувьд буруу болж дахиж намайг ажилд авсан юм. Би сургуулийн үдийн цайна хөтөлбөрийг гэрээ хийж авч хариуцаж байтал захирал 2013 оны 5 дугаар сарын 01-нд эргүүлэн авч өөр хүнд хариуцуулсан юм. Би сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилтай холбоотой зөрчил гаргаагүй байхад өөр холбогдолгүй зүйлийг үндэслэж гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаар Хөдөлмөрийн хуулийн 131.1.3-т Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй 131.1.2-т Сахилгын зөрчил илэрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Учир нь намайг үдийн цайны хөтөлбөртэй холбоотой зөрчил гаргасан гэж энэхүү ажлыг авчхаад дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд ямар ч холбогдолгүй зүйлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн явдалд нь хөдөлмөрийн хуулийн агуулгатай зөрчилдсөн гэж үзнэ. Иймд Х багийн дунд сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байсан тул хуучин ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оноос У сумын Х багийн ерөнхий боловсролын дунд сургуульд дуу хөгжмийн багш, бага ангийн багш, дотуур байрны багшаар идэвх зүтгэл гарган ямар нэгэн дутагдал, доголдол гаргалгүй сайн ажиллаж байсан билээ. Энэ оны 8-р сард хуучин захирал ажлаасаа чөлөөлөгдөн оронд урьд нь сургуулийн өмч хөрөнгийг хүргэн ах нь болох М.Бтай бүлэглэн идэж ашигласан хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэгдэн цагдаагийн газар шалгагдаж байсан К.С томилогдсон юм. Шинэ захирал ажилдаа ормогц 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2, 2013 оны 3-р сард байгуулсан миний Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн 57 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцлан миний оронд өөрийн төрсөн хүргэн ах нь болох М.Быг авч ажиллуулж байна. Б бол ямар ч мэргэжилгүй хүн байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тодорхой үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах учиртай юм. Миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тийм үндэслэл огт байхгүй юм. Миний хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэсэн хэсэгт сургуулийн захирал Ш.М 2014-2015 оны хичээлийн жилээс бүр орон тоогоор ажиллана гэж 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тэмдэглэл хийсэн байгаа. Би бол түр ажилтан биш надад анх хөдөлмөрийн гэрээг сургуулийн захирал Ш.М байгуулахдаа эрүүгийн хэргийн учир шалгагдаж байгаа Быг эргэн ирэх хүртэл ажиллана гэж хугацааг буруу бичсэн байсан юм. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай долоон заалт дотор эрүүгийн хэргийн учир шалгагдаж байгаа хүнийг эргэн ирэх хүртэл ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэсэн заалт байхгүй юм. Тийм учраас хамаатны хүнээ багшийн ажилд эргүүлэн авахын тулд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Иймд намайг У сумын Х багийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Намайг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс урьд эрхэлж байсан тус сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилсон тул нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзаж байна. Харин 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин нийтдээ 2099090 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч К.Т шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2011 оноос 2016 онд хүртэл 6 жил энэ сургуульд ажиллаж ирсэн. Урьд нь цагийн багш, бага ангийн багшаар ажиллаж байсан. 2015 оноос 2 жил дотуур байрны багшаар ажиллаж байсан. Энэ хугацаанд 2015 оны 3 дугаар сарын 01-нээс 2015 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл түр хугацаагаар ажиллаж байсан. Мөн хүүхдийн тоо нэмэгдсэн учраас дотуур байрны ажлын ачаалал нэмэгдэж намайг түр хугацаагаар ажилд авсан. Тэгээд 6 арын дараа 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захирал үндсэн ажилд томилж, гэрээгээ байгуулсан. Улмаар Х бага сургуулийн захирал С нь намайг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ийм учраас уг ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв. Миний орон тоо бол М.Бы орон тоо биш гэж бодож байна. Энэ хүн ч гэсэн 2013 онд ажлаас халагдсан. Энэ хүний талаар ямар нэгэн тушаал байхгүй. Намайг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 54 дугаартай тушаалаар бүр орон тоонд дотуур байрны багшаар хөдөлмөрийн гэрээг сунгаж ажилласан юм. Иймд би ямар ч хүний оронд ороогүй. Дотуур байранд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж багш авч ажиллуулах шаардлага гарсан тул тухайн үед захирал намайг бүр тушаалаар ажиллуулсан. Боловсролын тухай хуульд дотуур байранд 50 хүүхэд тутамд 1 багш ажиллана гэсэн заалт бий. Тухайн үед анх миний тушаал түр хугацаагаар гарсан шалтгаан нь гэвэл 2015 оны 3 дугаар сард хүүхдийн тоо нэмэгдсэн тул түр гэрээгээр ажилласан. Улмаар тухайн оны намар хүүхдийн тоо нэмэгдэж бүр орон тоогоор ажиллах шаардлага гарсан учраас намайг бүр орон тоонд авсан. Энэ орон тоо бол М.Бы орон тоо гэдгийг мэдэхгүй юм байна. Иймд намайг У сумын Х багийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Х дунд сургуулийн захирал К.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К.Тийн ажиллаж байгаа орон тоо нь тус сургуулийн дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тоо юм. Тухайн орон тоонд анх М.Б гэдэг хүн ажиллаж байсан юм. М.Быг тус сургуулийн Үдийн цай хөтөлбөрөөс 12506800 төгрөгийг хувьдаа завшсан гэж тус аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах болсон тул тус сургуулийн захирлын тушаалаар сургуулийн дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тооны ажлаас чөлөөлсөн юм. М.Быг ажлаас чөлөөлөх үед сургуулийн захиргаа тухайн орон тоонд К.Ттэй түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуулийн дотуур байрны багшаар томилсон юм. М.Б нарт холбогдох эрүүгийн 201304000251 дугаартай эрүүгийн хэрэг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгасан юм. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл гарган, иргэний нэхэмжлэгч давж заалдсан гомдол гаргасан юм. Улсын яллагчийн эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг Баян- Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 4 дугаартай магадлал гаргасан юм. Давж заалдах шатны шүүхийн 4 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт ...Анхан шатны шүүх М.Б, К.С нар нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект биш байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай магадлал нь хуулийн хүчин төгөлдөр байна, дээд шатны шүүхээс хүчингүй болгоогүй байна. Нэгэнт М.Быг анх үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон сургуулийн үдийн цай" хөтөлбөрөөс 12506800 төгрөг хувьдаа завшсан гэдэг эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн учраас М.Бы хүсэлтийг үндэслэн түүнийг өмнө эрхэлж байсан ажил буюу дотуур байрны багшаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон юм. Нэхэмжлэгч Х.Ттэй анх ажил олгогчоос 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний Нэгдүгээр зүйлийн 1.3-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа /хугацаатай, хугацаагүй/, /доогуур нь зурах Орон дахь хүн эргэж ирэх хүртэл гэж тусгасан байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээг ажилтан Х.Т зөвшөөрч тухайн үед гарын үсэг зурж байжээ. Энэ нь Х.Тийг өмнө ажиллаж байсан М.Бы асуудал шийдвэрлэх хүртэл хугацаагаар тухайн ажилд томилогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Тус сургуулийн дотуур байрны багшаар олон ажил ажиллаж байсан М.Быг буруутгасан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул ажил олгогчийн төлөөлөл миний бие ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч К.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргасан М.Бы нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. М.Б гэдэг хүн олон жил У сумын Х бага сургуулийн бүр орон тоонд ажиллаж байсан. 2013 оны 8 дугаар сарын 10-нд үдийн цайны хөтөлбөрөөс 12 сая төгрөг завшсан гэдэг хэрэгт шалгагдах болсон учраас ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан. Тухайн үед шүүхээс эцсийн шийдвэр гараагүй байхад ажил олгогч намайг ажлаас халсан гэдгээр нэхэмжлэл гаргаж байсан. Тэгээд иргэний хэрэг үүсгэж шалгаж байгаад эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Ажил олгогчийн М.Быг ажлаас чөлөөлсөн үндэслэл болсон асуудал шүүхээр нотлогдоогүй. Давж заалдах шатны шүүхээс үүнийг давхар баталж цагаатгасан. Тийм учраас нэгэнт 3,4 жил шалгагдаад энэ асуудал нотлогдоогүй учраас хариуцагчийн хувьд М.Быг хуучин ажилд нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж эгүүлэн авсан. Одоо хариуцагч У сумын Х багийн дунд сургуулийн захирал М.Бы ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 20994090 төгрөг болон Нийгмийн даатгалын шимтгэл нь 2461150 төгрөгийг хувааж дараа дараа жилийн төсөвт тусгаад шат дараалсан байдлаар төлж өгнө. Нэгэнт цагаатгасан учраас төлөхөөс өөр арга байхгүй. харж байгаад хуваагаад төлж өгөх болно. Нэгэнт цагаатгасан учраас ажилгүй байсан хугацааны цалинг төлөхөөс өөр арга байхгүй болно. Харин 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай тушаалд дотуур байрны жижүүрээр түр хугацаагаар ажиллаж байсан К.Тийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилон ажиллуулсугай гэсэн байна. Үүгээр К.Т бол М.Бы оронд түр хугацаагаар ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Сая гэрчээр оролцсон Ш.М нь М.Бы оронд өөр хүн авсан гэдгийг нотолж чадахгүй байна. Ийм учраас М.Бы оронд К.Т ажиллаж байсан гэдэг нь ажил олгогчийн тушаалаар нотлогдож байгаа. Дараагийн гол нотлох баримт бол хөдөлмөрийн гэрээ байгаа юм. Хөдөлмөрийн гэрээнд орон дахь хүн эргэж ирэх хүртэл гэж байгуулсан. Орон дахь хүн гэдэг бол М.Б байгаа. Үүнээс өөр ямар хүнийг яриад байгаа юм вэ? М.Б бол асуудал нь шийдэгдээд эргэж ирсэн. Дараагийн асуудал бол ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг заалт бол энд ямар ч хамааралгүй заалт юм. Нэгэнт хүнд хэрэгт холбогдож, цагаатгагдсан. Анх Ш.Быг 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай тушаалыг харвал үдийн цайны хөтөлбөрөөс мөнгө идэж ашигласан учраас гэж гаргасан. Нэгэнт хэрэг нь цагаатгагдсан тул М.Быг хуучин ажиллаж байсан орон тоонд авахаас өөр арга байхгүй байсан. Иймд учраас К.Тийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч М.Бы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч К.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч М.Б нь анх шүүхэд 1.У сумын Х багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2.2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 20994090 төгрөг гаргуулан, 3.Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч М.Б нь У сумын Х багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж хариуцагч нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгч М.Бы нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзах үндэслэл болсон байна.

Иймд нэхэмжлэгч М.Б нь У сумын Х багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Бы нэхэмжлэлийн хоёр, гурав дахь шаардлага болох 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор нийт 20994090 төгрөг гаргуулах болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлагыг хариуцагч У сумын Х багийн дунд сургуулийн захирал К.С нь хүлээн зөвшөөрснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй байна. Учир нь, хариуцагчийн зөвшөөрсөн тайлбар нь бодит байдалд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Б нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дотуур байрны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн У сумын Х багийн дунд сургуулийн захирлын 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 63 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч М.Б нарын 2 хүнд холбогдох У сумын Х багийн дунд сургуулийн хүүхдийн тоог илүү бүртгэж төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлэн мөнгө ашигласан гэх үндэслэлээр үүсгэсэн эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хариуцагчийн хүсэлтээр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 524 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч М.Бы хөдөлмөрийн маргаанд холбогдох иргэний хэргийг анх удаа түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгч М.Б нарын 2 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 4 дүгээр сарын 5/75 дугаартай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол гарснаар 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 123/721 дугаартай шүүгчийн захирамжаар М.Бы хөдөлмөрийн маргаанд холбогдох иргэний хэргийг сэргээсэн боловч 2014 оны 4 дүгээр сарын 5/75 дугаартай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолд хохирогч тал гомдол гаргаснаар нэхэмжлэгч М.Бы хөдөлмөрийн маргаанд холбогдох иргэний хэргийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 124/722 дугаартай шүүгчийн захирамжаар 2 дахь удаа түдгэлзсэн байна.

Иймээс нэхэмжлэгч М.Б нарын 2 хүнд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21/А дугаартай Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч М.Бы хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2524 дугаартай шүүгчийн захирамжаар 2 дахь удаагаа сэргээсэн болно.

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч М.Бы хөдөлмөрийн маргаанд холбогдох иргэний хэргийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч М.Бы хөдөлмөрийн маргаантай холбоотой иргэний хэргийг анх түдгэлзүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, иргэний хэргийг анх удаа сэргээсэн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх, мөн иргэний хэргийг хоёр дахь удаа түдгэлзүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх цалин болон бусад хохирлоо нэхэмжлэгч М.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 3891.1, 390 дугаар зүйлийн 390.1.1-нд заасны дагуу тусдаа нэхэмжлэх нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч М.Бы ажлаас чөлөөлөгдсөн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн маргаанд холбогдох иргэний хэргийг анх түдгэлзүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 2 сар 15 хоног, мөн хэргийг анх удаа сэргээсэн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хоёр дахь удаа түдгэлзүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 6 хоног, бүгд 2 сар 21 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон хариуцагч У сумын Х багийн дунд сургуулийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.Бы Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж өгсөн тодорхойлолтоор 2013 оны 6 сард 293963 төгрөг, 7 сард 404697 төгрөг, 8 сард 527182 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж цалин хөлсөөр тооцоход ажилгүй байсан 2 сар 21 хоногт нийт 1327312 төгрөгийг хариуцагч У сумын Х багийн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгож, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх, мөн 2014 оны 5 дугаар сарын 02-ноос 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг У сумын Х багийн дунд сургуулийн захиралд даалгаж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19666778 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч К.Т нь У сумын Х багийн дунд сургуулийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар У сумын Х багийн дунд сургуулийн бага ангийн багшаар хүний оронд түр томилогдон ажиллаж байгаад , 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн дотуур байрны үндсэн багшаар томилогдсон нь У сумын Х багийн дунд сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байна.

Ажил олгогч У сумын Х багийн дунд сургуулийн захирал Ш.М нь К.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний удиртгал хэсэгт 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэн тохиролцсоноор, сүүлийн хуудсанд 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэж бичсэн нь гэрээг хэзээ /хэдэн онд/ байгуулсан нь эргэлзээтэй байна.

Мөн энэ Хөдөлмөрийн гэрээний 1.3-т орон дахь хүн эргэн ирэх хүртэл гэж хугацаатай гэрээ байгуулсан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон эсэх нь эргэлзээтэй, ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тус тус тодорхой бичээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар энэ хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй байх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К.Т нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн дотуур байрны үндсэн багшаар томилсон мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй ажил олгогч буруутай болно.

Хариуцагч У сумын Х багийн дунд сургуулийн захирал К.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2, Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаартай тушаалаар К.Тийг 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн орон дахь хүн нь ирсэн тул байрны багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахад дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ёстой гэсэн хуулийн заалтын хариуцагч зөрчсөн.

-Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтыг үндэслэхэд хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан эсэх, мөн хөдөлмөрийн гэрээг байгуулсан огноо зэргийг анхаарч үзээгүй нь хариуцагчийн буруу байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ш.М /тухайн үед У сумын Х багийн дунд сургуулийн захирал байсан/ нь нэхэмжлэгч К.Ттэй 2013 онд бага ангийн багшаар түр ажиллаж байхад хөдөлмөрийн гэрээ л хийж байсан, улмаар 2015 онд К.Т нь дотуур байрны багшаар томилогдоход Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэдгийг хүлээн мэдүүлсэн болно.

-Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байхад 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн орон дахь хүн нь ирсэн гэснээр нэхэмжлэгч К.Тийг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Иймд нэхэмжлэгч К.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг У сумын Х багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч Ш.Б, К.Т нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бы нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох 36187 төгрөгийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул 70200 төгрөг бүгд 106387 төгрөгийг хариуцагч У сумын Х багийн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-ыг баримтлан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, мөн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 1327312 /нэг сая гурван зуун хорин долоон мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг У сумын Х багийн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч О овогт Мын Бд олгож, илүү нэхэмжилсэн 19666778 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:********** Ж овогт Кы Тийг Х дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч О овогт Мын Бы 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, мөн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У сумын Х багийн дунд сургуулийн захиралд даалгасугай.

3.Нэхэмжлэгч М.Б нь Х дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагаас татгалзсаныг дурдсугай.

4.Нэхэмжлэгч М.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 3891.1, 390 дугаар зүйлийн 390.1.1-нд заасны дагуу иргэний хэрэг түдгэлзүүлсэн хугацаанд авах байсан цалин болон бусад хохирлоо тусдаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б, К.Т нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х дунд сургуулийн санхүүгээс 106387 /нэг зуун зургаан мянга гурван зуун наян долоон/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК