Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0051

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0096/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0440/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 1903011330513 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, ........ мэргэжилтэн ажилтай, ам бүл 5 нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минут орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нарны хороолол 27 дугаар байрны зүүн урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.5-т “дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 5 настай, М.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугийн хувьд маргахгүй. Би хавтаст хэрэгт  баримтаар байгаа эмчилгээний зардал болох 700.000 гаруй төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хичээлийн хоцрогдол арилгах төлбөр, насанд хүрээгүй хохирогчийн эхийн хүүхдээ асарсан гэх хугацааны сарын цалинг төлнө. Бусад зардал төлөх боломжгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч нь хүүхдийг гайгүй дайрсан байна гэж хэлээд байсан. Болсон үйл явдлын талаар бичлэгийг үзээд “юун сүртэй юм бэ” гээд хэлээд инээлдээд байсан тул гомдолтой байгаа. Бид баримтаар гарсан эмчилгээний зардал болон хүүхдийн эхийн ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, өмгөөллийн хөлс зэрэгт нийт 6.488.288 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

   Хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 3-9, 100-106 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн үед хүү М.Э-ийг гэрийн гадаа тоглож байгаад машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Би Өвөрхангай аймгийн Цогцэций сумаас 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 7 цагт Улаанбаатар хот руу гарсан. Шууд гэмтлийн эмнэлэг дээр очиход хүүгийн маань нүүр халцарчихсан, дух нь хавдсан, нуруу нь шалбарсан, баруун хөлийг нь бүсэлхийгээс доош гипсдсэн байсан. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш эхнэр Т.У өнөөдрийг хүртэл хүүгээ харж байгаа. ...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. Эмчилгээний зардал, мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/,

 

Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 27а байрны 91 тоот гэрээсээ зээ хүү М.Э-г аваад гадаа тоглуулах гээд гарсан. Зээ хүүтэйгээ тоглоомын талбай дээр очсон. Зээ хүүгээ хараад сандал дээр суусан. Зээ хүү скүтерээ унаж байгаад болиод хөлбөмбөг тоглож байсан. Зээ хүү бөмбөгний араас гүйгээд явж байхаар нь очиж байтал цэнхэр өнгийн машины доор орчихсон байсан ба машиных нь ард очоод хөдөлж болохгүй гэж хэлсэн чинь эмээ гээд зээ хүү орилсон. Ойр хавьд байсан хүмүүс орилолдоод зээ хүүг машины доороос гаргаж аваад машины арын суудалд оруулж хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

 

Гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороооллын 22-303 тоот хаягтай гэрлүүгээ орох гээд алхаж явтал машины чихрах чимээ гарч хүмүүс орилдох шиг болсон. Би ямар нэг юм болсон байна гээд гүйгээд очтол цэнхэр өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хойноосоо урагшаа чиглэлтэй харсан байдалтай байсан. Жолооч нь эмэгтэй хүн харагдсан. Тус машины жолооч “би хүүхэд дайрчихлаа” гээд уйлаад, их сандарсан байдалтай байсан. Би машины доогуур тонгойж хартал нэг эрэгтэй хүүхэд тухайн машины доор орчихсон уйлж байсан. Тэр хавиар байсан хүмүүсээр тухайн машиныг дээшээ өргүүлээд хүүхдийг гаргаж авсан. Өөрийн 99090896 дугаараас 102, 103 дугаарт тус тус дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 4811 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн цагаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны 13 цаг 30 минут 13 секундэд дэлгэцийн зүүн талд цайвар цагаан богино ханцуйтай хар бараан оруулгатай цамцтай бага насны хүүхэд нь явган хүний замаас авто тээврийн зам руу гарах үедээ Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд дайруулж буй үйл явдал дүрслэгдсэн, тээврийн хэрэгслийн жолооч зогсоох үйлдэл хийсэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-47 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11887 дугаартай “...М.Э-ний биед ууцны 1, 2, 3, 4 дүгээр нугаламын зөрүүгүй хугарал, зүүн дунд чөмөгний хүзүү хэсгээр бага төвгөр дайрсан зөрөө багатай, хугарал, дархи доргилт, зүүн мөр, духанд цус хуралт, зүүн хацар, зүүн чамархай, баруун тохойн зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50 тал/,

 

Мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 333 дугаартай “...Тоёота приус маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Насанд хүрээгүй хохирогч Т.Эрхэтгүний асран хамгаалагч Г.Энь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан замын хөдөлгөөнд оролцогчдоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 64-65 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5222 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 8 gb  флаш  дахь камерийн бичлэг, нөхөн үзлэгийн материалууд нь автотехникийн шинжилгээнд тэнцэнэ. Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь 22,35 км/цагийн хурдтай явж байсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 95-98 тал/,

 

            Шинжээч Ш.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Насанд хүрээгүй хохирогч М.Эрхэтгүний биед 1, 2, 3, 4 дүгээр нугалмын зөрүүгүй хугарал, зүүн дунд чөмөгний хүзүү хэсгээр бага төвгөр дайрсан зөрөө багатай хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд болох зүүн мөр, духанд цус хуралт, зүүн хацар, зүүн чамархай, баруун тохойд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...ууцны 1, 2, 2, 3, 4-р нугалмын зөрүүгүй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 тал/,                                                                                                                            

 

Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 28 дугаар байранд байрлах ажлын байрнаасаа гараад өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 6 сартай хөхүүл хүүхдээ хөхүүлэн, өрхийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Нарны хорооллын 27 дугаар байрны зүүн талын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй ...явж байтал нэг эрэгтэй хүүхэд бөмбөгтэй хамт шахуу гүйгээд гараад ирсэн. Би сандраад тормосоо хишгэсэн боловч машины урд хэсэгт тухайн хүүхэд мөргөгдсөн. Би машинынаасаа буугаад тус хүүхдийг хайсан боловч байхгүй байсан, тэгэхээр нь машиныхаа доогуур тонгойж хартал тухайн хүүхэд бөмбөгтэйгээ хамт байж байсан. Улмаар хүмүүс орилолдоод хүрээд ирсэн. Ирсэн хүмүүс машиныг газраас хөндийрүүлж, нэг эрэгтэй хүн нь хүүхдийг гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-118 тал/,

 

Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт болон хохиролтой холбоотой бичгийн нотлох баримтууд /хх-ийн 129, 133-145 тал/-ыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 69 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 71 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 71 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 72 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 74 тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 75 тал/, “Тайгам Алтай” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 76 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 77-79 тал/, бүрэнд дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 80 тал/, дипломны хуулбар /хх-ийн 81 тал, магистрийн дипломны хуулбар /хх-ийн 82-83/, асап сангийн лавлагаа /хх-ийн 86-89 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн насанд хүрээгүй хохирогчийн эх Т.Уранбилэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, толгой, аарцагийн зураг авахуулсөн төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минут орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нарны хороолол 27 дугаар байрны зүүн урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 20-49 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.5-т “дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 5 настай, М.Эрхэтгүнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1903011330513 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн үндэслэлтэй байна.

Учир нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нарны хороолол 27 дугаар байрны зүүн урд замд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 30 минут 13 секундэнд зам тээврийн осол болсон байх ба уг осол шүүгдэгч Б.Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, дүрмийн 12.5-т заасан “дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/” гэснийг зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарчээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, шинжээчийн 4811, 5222 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн лавлагаа, гэрч А.О, Г.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Б-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн уг осолд өртсөний улмаас бага насны хохирогч М.Э-ий эрүүл мэндэд “ууцны 1, 2, 3, 4 дүгээр нугаламын зөрүүгүй хугарал, зүүн дунд чөмөгний хүзүү хэсгээр бага төвгөр дайрсан зөрөө багатай, хугарал, дархи доргилт, зүүн мөр, духанд цус хуралт, зүүн хацар,зүүн чамархай, баруун тохойн зулгаралт” бүхий гэмтлүүд учирсан, дээрх гэмтлүүдийн ууцны 1, 2, 3, 4 дүгээр нугалмын зөрүүгүй хугарал, зүүн дунд чөмөгний хүзүү хэсгээр бага төвгөр дайрсан зөрөө багатай хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 11887 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ш.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минут орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нарны хороолол 27 дугаар байрны зүүн урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 20-49 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, улмаар бага насны хүүхэд М.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх үндсэн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч М.Э-ний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хохирол, хор уршигт тооцож нийт 6.488.281 нэхэмжилж, хохирлыг нөхөн төлүүлэх, улсын яллагч өмгөөлөгчийн зардал гэх 1 сая төгрөгийг хасч 5.488.281 төгрөг гаргуулах, шүүгдэгч, түүний өмгөөлөгч “баримтаар тогтоогдсон 702.790 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хичээлийн хоцрогдол арилгах төлбөр 750.000, насанд хүрээгүй хохирогчийн эхийн ажилгүй байсан хугацаанааны цалин хөлс 1.682.857 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж тус тус оролцсон болно.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан.

Иймд шүүх хавтаст хэргийн 133-145 дугаар талд авагдсан хохирлын баримт /702.790 төгрөгийн баримттай/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн /хүүхдийн хоцрогдол арилгах 750.000 төгрөг, хүүхдийн эххийн ажлаасаа чөлөө авч хүүхдээ асарсан гэх 1.682.857 төгрөг/ зардлыг оруулан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг 3.135.647 төгрөгөөр тогтоох нь хохирогч, шүүгдэгч нарын эрх ашигт нийцнэ гэж дүгнэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн хөлс гэж нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй.  

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн бусад шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хохирогчид цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.  

 Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ээс 3.135.647 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мижиддагвад олгохоор шийдвэрлэлээ.

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь “Тайгам Алтай” ХХК-д гэрээний ажилтан хийдэг, нөхөр, бага насны 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 25 байрны 701 тоотод оршин суудаг байх ба анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал, хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул хуулинд заасан дээрх хугацаанд шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болохыг тайлбарлаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг флаш диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт тул хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг болон жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун мянга /-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 3.135.647 /гурван сая нэг зуун гучин таван мянга зургаан зуун дөчин долоо/-н төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-д олгож, өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан гэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргахаар тогтсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА