Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0064

 

 

 

 

 

 

 

 

   2020            01        16                                         2020/ШЦТ/64

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

Хохирогч О.Т,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д-д холбогдох эрүүгийн 1805050341187 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Зүүн Баянцагаан гудамжны 00 тоотод оршин суух, урьд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 271 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, одоо хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа Д.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Т-аас Ц гэгчийн нэрийг барьж, мал зарна хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилан, түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д-ааг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Днь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Т-с Ц гэгчийн нэрийг барьж, мал зарна хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тодруулбал, хохирогч О.Т-ны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах ажил дээрээ очиход над руу залгаад сайн байна уу, мал авч байгаа хүн үү гэхээр нь би тийм гээд цааш нь өсгөж үржүүлэх зорилготой авна гэсэн. Би 2.000.000 төгрөг шилжүүлэх гээд мөнгө шилжүүлж байгаа Нарантогтоо гэж хүн хэн бэ гэхэд виза карт байхгүй байсан болохоор хүний данс руу шилжүүлж авч байна гэж ярьсан. Би бяруу авна гэсэн чинь хэдэн бяруу байгаа ирээд үз гэсэн. Улмаар 1, 2 цагийн дараа залгатал утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед 80690600 гэсэн дугаараас залгаад “чи мал худалдаж авч байгаа юм уу” гэж асуусан. Улмаар 45 ямаа 2.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 5005341097 гэсэн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2 бяруу гэж хэлээд дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед надтай ярихдаа манай нутгийн Ц байна гэж хэлсэн. ...Миний танил Ц гэх хүний нэрийг барьж надтай холбогдсон. Сүхбаатар аймгийн Уулбаян гэх газраас манай төрсөн ах очиж малыг ачиж авахаар тохиролцсон юм. Би Д-с нэг ч мал аваагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 45 тал/,

 

Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчим би өөрийн 55-08 УБС улсын дугаартай автомашинаар 2 хүүхдээ 76 дугаар сургуулиас аваад Жанцангийн автобусны буудал дээрээс 2 хүн гараа өргөхөөр нь авсан. Тэр суусан залуу надаас Хаан банкны данс байгаа юу гэж асуухаар нь би өөрийн 5005341097 гэсэн дансаа хэлсэн. Улмаар хорооллын “Дүүхээ” төвөөс АТМ-ээс 2.000.000 төгрөгийг авсан. Тэгээд явах гэтэл ахиад 500.000 төгрөг аваад өгөөч хүлээлгийн мөнгийг чинь өгье гэсэн. Би хүлээж байгаад 500.000 төгрөгийг нь АТМ-ээс авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Гэрч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 80690600 гэх дугаарыг мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын эхээр Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч намайг залилан хийсэн байна ирж уулз гэхээр нь би залилан хийгээгүй, миний нэрийг барьж залилан хийсэн хүнийг би олж өгье гэсэн. Би тус дугаарын эзэмшигчийг олж барьж өгсөн. Тэр хүн нь Онгооборын Нямсүрэн гэх хүн байсан бөгөөд Д гэх хүнтэй хамтарч залилан хийдэг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар сумын Мөнххаан сумын нэгдсэн зар гэх фэйсбүүкийн групп руу ороход мал худалдаж авна гэх зар байхаар нь 80690600 гэсэн дугаараас залгаад би Мөнххаан сумын Ц байна, мал худалдаж авч байгаа юм уу, би мал өгье гэж хэлээд урьдчилгаа мөнгө болох 2.500.000 төгрөг авсан. Би хүний нэр барьж худлаа ярьдаг мал зарна мөнгөө энэ данс руу хийчих гээд танихгүй хүнээс дансыг нь гуйж аваад мөнгө шилжүүлж авдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 52-54 тал/,

 

Хохирогч О.Т-ны Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 16 тал/,

 

Гэрч Х.О-ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 32 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1266 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-71 тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-73 тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-76 тал/, ялын тооцооны лавлагаа /хх-ийн 86 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүхээ төвийн хажууд байх Хаан банкны АТМ-аас иргэн Х.О-ийн Хаан банкны дансаар дамжуулж нийт 2,5 сая төгрөгийг хохирогч О.Т-аас залилан авчээ.

 

Ингэхдээ хохирогч О.Т-д өөрийнх танидаг хүн болох Ц байна гэж итгүүлж, 45 ямаа, 2 бяруу зарна гэж худал хэлж түүнээс 2.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байх тул шүүгдэгч Б.Д-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн мөнгийг авсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг буюу хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг шинжийг бүрэн хангасан болно.

 

Мөн шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д-г “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан...” буюу “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцсон. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөрт холбогдсон хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэсэн байр суурьтай оролцсон болно.

 

Хэрэгт авагдсан дээрх шийтгэх тогтоол /53-71 тал/-оор шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулинд зааснаар 7 жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байх ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, тэрээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 4 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж байна.

 

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1.3-д “...оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” бол гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Д-ийн ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа үйлдлийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэлд хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх шүүгдэгчийн “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, өөрт холбогдсон хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай...” хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэж ташаа тодорхойлсон байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх шаардлагатай байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Т-д 2.500.000 төгрөгийн учирсан нь хохирогч, гэрч нарын Хаан банкны дансны хуулга, тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх ба хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-аас 2.500.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Т-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

        Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Т-с Ц гэгчийн нэрийг барьж, мал зарна хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөг шилжүүлэн авч хохирогч О.Т-ыг залилсан үйлдэлд тохирно гэж дүгнэж, 480 цаг /дөрвөн зуун наян цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Б.Д урьд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлсэн бөгөөд хорих 427 дугаар хаалттай хорих байгууллагад ял эдэлж байна.

 

Түүний ялын тооцоог гаргасан баримтаар тэрээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6 жил 7 сар 26 хоногийн ялын үлдэгдэлтэй байх ба тэрээр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хоригдсон байх тул /хх-ийн 86-88 тал/ шүүх шүүгдэгч Б.Д-г 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 36 /гучин зургаа/ хоног цагдан хоригдсон гэж үзлээ.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 6 жил 7 сар 20 хоног /хх-ийн 86 тал/ дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, шүүгдэгч Б.Д-ийн биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

 

                Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 6 жил 7 сар 20 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 20 хоногоор тогтоосугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 6 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-н 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-аас 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Т-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА