Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 05

 

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Бугат сумын иргэн Т.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С холбогдох

            “Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2018/0002/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хариуцагч  Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Д. С нь Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/19 дугаар удирдамжийн дагуу Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон бусад холбогдох дүрэм, журам, тушаалуудад нийцүүлэн нягтлан бодогч П.Мөнхтогтоог байлцуулан санхүүгийн анхан шатны баримтуудад тулгуурлан хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтын явцад тухайн үед сумын Санхүүгийн албаны даргын албан үүрэг гүйцэтгэж байсан Т. Г д холбогдуулан 1.208.504 /Нэг сая хоёр зуун мянга таван зуун дөрөв/ төгрөгийн төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20-02/14/86 тоот актаар тогтоосон байна. Улсын ахлах байцаагч нь актаар төлбөр ногдуулахдаа Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын заалтыг ялгавартай хэрэглэж, тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудад хариуцлага ногдуулаагүй, мөн төлбөрийн хэмжээг буруу тогтоосон байх тул улсын ахлах байцаагч Д.С н тогтоосон актыг Монгол улсын хуулийн хүрээнд хянан шалгаж, хүчингүй болгож өгнө үү.”

 Улсын байцаагч Д.С н 2015 оны 06 дугаар сарын 01-нээс төрийн үйлчилгээний ангилал буюу ТҮ-9-5 шатлалаар цалинжуулах шийдвэр гарснаар ТАХ-ны нэмэгдэл олгохгүй ёстой ч 2015 оны 06-р сарын 01-нээс 2016 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 1.208.504 төгрөгийг нягтлан бодогч бодож олгосон гэдэг нь хол зөрүүтэй байна.

Төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байгаа хүн төрийн албаны нэмэгдэл авах ёсгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн үед төрийн алба хаасны нэмэгдэл авах гаргалгааг нь гаргаад авч байсан.

 2015 онд байгууллагын дотоод журмаа баталсан. Журмандаа төрийн үйлчилгээний алба хаагчдад төрийн алба хаасны нэмэгдэл өгч болохгүй гэсэн заалт байхгүй байсан учир үүнийг дотоод журмандаа тусгасан байх гэж үзэж байна. 2015 оны 6 сарын 01-ний өдрөөс 2016 оны 01,02 саруудын цалинд акт тавьсан.

Гэтэл Бугат сумын нягтлан бодогч цалингийн картаа буруу гаргаснаас болж актанд алдаа гарсан гэж үзэж байна. Тэгээд 10,11 дүгээр сард төрийн алба хаасны нэмэгдэл аваагүй амралтын мөнгө авсан байсан учир энэ хэсгийг төлбөр хариуцуулах актаас  хассан байна.

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01 хүртэл ажиллаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан. 2016 оны 11 дүгээр сарын дундаас ажилдаа эргэж орсон. 2017 оны 06 дугаар сарын 15 хүртэл ажилласан. 2016 оны 1,2 дугаар сард ажиллаагүй учир хасагдана. Санхүүгийн албаны дарга бол суман дахь бүх төсвийн байгууллагууд болон төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагааг хянадаг албан тушаалтан бөгөөд ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээгээр ажиллаж байсан. Дээрх 2 сарын төлбөр хасагдаад үлдэгдэл 639520 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь улсын байцаагч өөрөө Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг үндэслэсэн гээд байгаа мөртлөө уг тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй. Өөрөөр хэлбэл дан ганц нэг талыг барьж акт тогтоосон гэж үзэж байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Г н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 09-17-ны өдрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх удирдамжийн хүрээнд дахин нягталж шалган өмнөх актаа шинэчлэн тогтоосон. Шалгалт хийх үед Т.Гантулга Бугат суманд байсан ба нягтлан бодогч П.Мөнхтогтоогоор дуудуулсан боловч ирж шалгалтын материалтай танилцаагүй. Т.Г н гаргасан өргөдлийн дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгосон байдаг.

 Т.Г нь Булган аймгийн МХГ-т төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гарч Бугат сумын Засаг даргын орлогчоор улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс хасагддаг бөгөөд сумын Засаг даргын орлогчоос чөлөөлөгдөөд шууд Бугат сумын Санхүүгийн албаны даргаар сонгон шалгаруулалтанд ороогүй томилогдсон, төрийн албан хаагчийн шалгалтанд ороогүй, тангараг өргөөгүй байсан учир түүнийг 2015 оны 06 дугаар сарын 01-нээс төрийн үйлчилгээний ангилал буюу ТҮ-9-5 шатлалаар цалинжуулах шийдвэр  болох 2015 оны Б/22 дугаартай захирамж гарсанаар төрийн жинхэнэ албан хаагчид олгодог төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохгүй ёстой ч 2015 оны 06-р сарын 01-ээс 12 сар дуустал ажиллаад 2016 оны 11, 12 дугаар сард ажиллахдаа авсан нэмэгдлийг оруулаад нийт 1208504 төгрөгийг нягтлан бодогч бодож олгосон байсан учир тэр хугацаанд авсан нэмэгдлийг төлүүлэхээр акт тогтоосон. Гэхдээ би актаа бичихдээ 2016 оны 11,12 сарыг 1, 2 сар гэж андуурч бичсэн байсан.

 Гэвч орлого зарлагын бүх гүйлгээ Санхүүгийн албаны дарга Т.Г р хянагдаж хийгдэж байсан тул нэмэгдлийг олгож байгааг хянаагүй зөвшөөрөн гүйлгээг хийж байсан. Тухайн үед захирамж гаргасан Засаг дарга асан Бадарчийг шалгалтын явцад дуудан танилцуулахад Т.Г санхүүгийн албаны дарга хийж байсан учир илүү дутууг өөрөө хариуцах ёстой гэсэн тайлбар өгч байсан.

Мөн Т.Г н 2015 оны 10,11-р саруудад 284492 төгрөгийн ТАХ-ны нэмэгдэл нь цалингийн тооцооны хүснэгтэд байхгүй байхад цалингийн картанд ТАХ-ны нэмэгдэл гэж бичигдэж нягтлан бодогч цалингийн картыг буруу гаргасан байна. Иймд 284492 төгрөгийг төлбөрийн дүнгээс хасуулж тогтоогдсон төлбөрөөс үлдэх 924012 төгрөгийн ТАХ-ны нэмэгдэл нь цалингийн тооцооны хүснэгт, цалингийн картаар нотлогдож байгаа тул төлүүлэх нь зүйтэй байна. Мөн 2016 оны 11,12 дугаар сарыг 2016 оны 1,2 сар гэж андуурч бичсэн байсан учир хасагдана. Актын төлбөрөөс дахин 2 сарын нэмэгдэл болох 284492 төгрөг хасагдаж, нийтдээ 639520 төгрөг үлдэж байна. Энэ үлдэгдэл төлбөрийг төлүүлэх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад 

                 ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С нь Бугат сумын  Орон нутгийн төсөвт байгууллагуудын 2015, 2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, 2015 онд сумын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Т.Г 2015 оны 6 дугаар сарын 01-нээс ТҮ-ээр цалинжих шийдвэр гарч Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг авах ёсгүй байтал 2015 оны 6 сарын 01-нээс 2016 оны 2 дугаар сар дуустал хугацаанд 1208504 төгрөгийн нэмэгдэл авч төрд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр дээрх мөнгийг Бугат сумын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Т.Г р төлүүлэхээр Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын  актыг[1] тогтоосон ба Т.Г нь Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С д холбогдуулан “2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын акт хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт хууль зүйн дүгнэлт өгч,  доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  1. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын Актын үндэслэлийн тухайд:

а/ Бугат сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар[2] Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 /Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно./, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 / Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно./, Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоол/Санхүүгийн алба байгуулах тухай/-ыг тус тус үндэслэн  Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын цалингийн хэмжээг цалингийн жишигт тохируулан ТҮ-9-5-р зэрэглэлээр  711230 төгрөг байхаар тогтоож, цалингийн өөрчлөлтийг 6 сарын 01-нээс тооцож ажиллахыг Төсвийн нягтлан бодогчид зөвшөөрч шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү захирамжид баримталсан хуулийн заалтуудаас харахад Санхүүгийн албаны даргын цалин хөлсний хэмжээг ТҮ-9-5-ийн цалингийн жишигт дүйцүүлж 711230 төгрөгөөр тогтоосноос биш түүний албан тушаалын ангилалыг ТЗ-ээс ТҮ болгон өөрчлөөгүй болох нь Санхүүгийн албаны дарга болон Засаг даргын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээг[3] он дуустал мөрдөж дүгнэсэн байдал, Т.Г д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/24 дугаар захирамж[4], зөвхөн үндсэн цалинг дээрх захирамжид заасны дагуу өөрчилсөн цалингийн карт[5],тооцооны хүснэгтүүдэд[6] ажилласан хугацааны нэмэгдлийг он дуустал олгож байсан зэргээр нотлогдож байна.

Т.Г нь Бугат сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын  06-ны өдрийн 01 дугаар захирамжаар[7] Бугат сумын Санхүүгийн албаны даргаар томилогдож,

 мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 захирамжаар[8] түүний албан тушаалын зэрэглэлийг ТЗ-7-5 шатлалаар, цалингийн жишиг хэмжээг 733863 төгрөгөөр,

2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 захирамжаар[9] ТЗ-6-5 шатлалаар 677436 төгрөгөөр цалин хөлсийг тогтоож 1 дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр,

 2015 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн Б/10 дугаарын захирамжаар[10] үндсэн цалинг ТЗ-5-4 шатлалаар 599237 төгрөгөөр тогтоож, 3 сарын 01-ний өдрөөс олгохоор,

 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 захирамжаар[11] түүнд албан тушаалын зэрэглэл ТЗ-7-5, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар бодож, 2015 оны 1 дүгээр сараас нөхөн олгохоор тус тус шийдвэрлэж,

 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сумын Засаг дарга нь Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Т.Г үр дүнгийн гэрээ[12] байгуулж,

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөрийн Б/37 дугаарын захирамжаар[13] үр дүнгийн гэрээг “В” үнэлгээтэй дүгнүүлж үр дүнгийн урамшуулал олгосон

2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаарын захирамжаар “төрийн захиргааны албан хаагчийн ажлын хариуцлага алдсан” гэсэн үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халагдсан зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Т.Г нь 2015 онд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж цалин, нэмэгдэл авч байсан болох нь тогтоогдож байх ба

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлийг Засаг даргын захирамжийг үндэслэн олгосон нь хуульд нийцсэн байх тул Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С н Т.Г 2015 оны 6 дугаар сарын 01-нээс ТҮ-ээр цалинжих шийдвэр гарч Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг авах ёсгүй байтал 2015 оны 6 сарын 01-нээс 2016 оны 2 дугаар сар дуустал хугацаанд 1208504 төгрөгийн нэмэгдэл авч төрд хохирол учруулсан гэж тогтоосон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын  акт үндэслэлгүй байна.

б/ Улсын ахлах байцаагч нь “Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2-р хавсралтыг зөрчиж Төрийн үйлчилгээний шатлалаар цалинжуулах шийдвэр гарсан байхад авсан 1208504 төгрөгийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Т.Г р төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох” тухай  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын  актыг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” , 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэснийг баримтлаагүй, Т.Г нь төрийн үйлчилгээний албан хаагч гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна”  гэсэнд нийцэж буй эсэхийг шалгаж тогтоогоогүй, сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг гаргахдаа баримталсан хуулийн зүйл, заалт болон “цалингийн хэмжээг тогтоох” гэснийг анхаарч судлаагүй, зөвхөн ТҮ-9-5 гэсэн үгэнд анхаарч, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр акт тогтоосон нь хууль бус байна.

Мөн дээрх актыг гаргахдаа Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг зөрчсөн гэснээс өөр материаллаг хуулийн зүйл заалт баримтлаагүй, 2 дугаар хавсралт гэдэг нь “Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам” байх ба энэ журмыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, Г г төрийн үйлчилгээний албан хаагч гэж үзэж акт гаргаж байгаа хирнээ төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам зөрчсөн гэсэн нь ойлгомжгүй, /зүй нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4/, мөн 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”,

7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”,

17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ.

гэж тус тус заасан бөгөөд улсын байцаагч актаа үйлдэхдээ үндэслэл болгосон Бугат сумын ЗДТГ-ын ажилтнуудын 2015 оны цалингийн тооцооны хүснэгт, цагийн бүртгэлд 6-10 сард Ерөнхий менежер Ц.Алтсайхан, Ерөнхий нягтлан бодогч Ж.Жаргалсайхан, 11-12 сард Ерөнхий менежер Ц.Алтсайхан, Ерөнхий нягтлан бодогч П.Мөнхтогтоо, Т.Гантулгын 2015 оны цалингийн картанд[14] Ерөнхий нягтлан бодогч П.Мөнхтогтоо  нар гарын үсэг  зурж баталгаажуулсан учир дээрх албан тушаалтнууд эдгээр баримтын үнэн зөвийг хариуцах байтал зохих удирдлагын шийдвэрийн дагуу цалин нэмэгдэл авч ажиллаж байсан ажилтанд шууд төлбөрийг хариуцуулсан нь хууль бус байна.

в/ Улсын байцаагчийн актад 2015 оны 6 дугаар сарын 01-нээс 2016 оны 2 сарын дуустал хугацаанд 1208504 төгрөгийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл авсан” гэсэн нь сар бүрийн анхан шатны баримтад үндэслээгүй, нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй, ямар хууль тогтоомж зөрчигдсөн талаар хуулийн зүйл заалт баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “бичгээр гаргасан захиргааны актад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэнд нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь Т.Г нь Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар ажлаасаа үндэслэлгүй халагдаж тус шүүхэд хандаж 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр захирамжаар[15] захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлүүлж байсан учир 2016 оны 1-2-р сард ажиллаагүй, энэ хугацаанд цалин хөлс авсан, цаг бүртгүүлсэн баримт байхгүй, 2015 оны цалингийн тооцооны хүснэгтээр[16] 6, 7 сард тус бүр 135487 төгрөгийн, 8, 10, 11 сарын баримтаас нэмэгдэл авсан гэж харагдахгүй, 9 сард 284492, 12 сард 142246 төгрөгийн, нийт 697712 төгрөгийн, цалингийн картаар[17] 6-7 сард тус бүр 135487, 9 сард 284492, 10-12 сард тус бүр 142246 төгрөгийн нийт 982204 төгрөгийн нэмэгдэл авсан зэргээр акт болон анхан шатны баримтуудын мөнгөн дүн зөрүүтэй байна.

Иймд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын  акт нь дээрх үндэслэлүүдээр хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.  

2. Шүүхийн зардлын тухайд:

Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” 48 дугаар зүйлийн 48.1-д “.Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно”  гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба/улсын ахлах байцаагч Д.С/-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г д олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2., Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24,4, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, /2001 оны/ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/14/86 дугаарын  акт хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Г с Булган төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба /улсын ахлах байцаагч Д.С/-аас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Гд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА


[1] Хэргийн материалын 15-16-р хуудас

[2] Хэргийн материалын 21-р хуудас

[3] Хэргийн материалын 61-68-р хуудас /үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлт гаргасан баримт/

[4] Хэргийн материалын 20-р хуудас /Б/24 захирамж/

[5] Хэргийн материалын 46-р хуудас /цалингийн карт/

[6]Хэргийн материалын 32-45-р хуудас /цалингийн тооцооны хүснэгтүүд/

[7] Хэргийн материалын 102-р хуудас /Санхүүгийн алба байгуулах тухай СЗД захирамж/

[8] Хэргийн материалын 25-р хуудас

[9] Хэргийн материалын 26-р хуудас

[10] Хэргийн материалын 24-р хуудас

[11] Хэргийн материалын 22-р хуудас

[12] Хэргийн материалын 164-167-р хуудас

[13] Хэргийн материалын 69-70-р хуудас

[14] Хэргийн материалын 28-р хуудас

[15] Хэргийн материалын –р хуудаст /хэрэг үүсгэсэн захирамж/

[16] Хэргийн материалын 32-45-р хуудаст /цалингийн тооцооны хүснэгтүүд/

[17] Хэргийн материалын 46-р хуудас