Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 0019

 

                                                    

 

 

 

 

 

 

 

С.Баянбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Баянбатын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Эко констракшн” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Эко констракшн” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу туслах ажилтан албан тушаалд томилогдсон. Би дээрх байгууллагад 1 жил гаруй хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж хариуцлага хүлээж байсан удаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр намайг хүний нөөцийн ажилтан дуудаж ажиллах шаардлагагүй чамайг ажлаас халсан гэж хэлсэн. Энэ үед миний бие ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.4 дэх заалтыг үндэслэлээ болгож, түүнийг нөхөртэй нь холбогдуулан ажлаас нь чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчил гаргаагүй бөгөөд нөхөртэйгөө нийлж хулгай хийсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй, харин энэ байдлаас болж гэр бүлийн хооронд маргаан үүсч тусдаа амьдарч байгаа болно. Ажил тасалсан ганц нэг удаагийн асуудал байдаг ч тухайн үед нь арга хэмжээ авахуулсан боловч бас маргаантай зүйл байгаа. Сүүлийн арга хэмжээг С.Баянбат өөрөө мэдээгүй байдаг. Одоо энэ хүнд ажил хийх хэрэгтэй байгаа тул нэхэмжлэгч С.Баянбатыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг өмнөх шүүхийн шийдвэрт заасан 3 сараар тооцон цалин хөлсөө гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Амралтын мөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

                                                                                     

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай компанийн ерөнхий захирлын Б/157 дугаартай тушаал нь хуульд нийцсэн. Энэ хүн удаа дараа сахилгын зөрчил гаргаж, түүнд 5 удаа сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. С.Баянбат нь “Эко констракшн” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмын 12.1-д заасныг зөрчиж ажил тасалсан тул компаний зүгээс удаа дараа сануулах арга хэмжээ авч байсан. Мөн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ерөнхий захирлын 72 тоот тушаалаар түүнд 1 сарын хөдөлмөрийн хөлснөөс 5 хувь суутгах сахилгын шийтгэл хүлээлгэж байсан байдаг. С.Баянбат нь удаа дараа барилгын талбай дээрээс барилгын материал хулгай хийсэн нөхөр Т.Цолмонбаярт боломж олгож, өөрийн ажилладаг барилгын талбай дээрээ барилгын материал бэлдэн уг материалыг нэхэмжлэгчийн нөхөр нь шөнийн цагаар нууж гаргадаг байсан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.6-д ноцтой зөрчлийн талаар тодорхой тусгасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 8.2, 8.3-т зааснаар талууд зөвшилцлийн замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой, эвлэрүүлэн зуучлалд хандах байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар С.Баянбатыг “Эко констракшн” ХХК-ийн “Барилга-1” бригадын туслах ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  хариуцагч “Эко констракшн” ХХК-иас 1 777 134 төгрөг гаргуулан С.Баянбатад олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч С.Баянбатыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч “Эко констракшн” ХХК-иас 43 384 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар  шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлаагүй, гэрчийн мэдүүлгийг буруу үнэлж дүгнэсэн, хэргийн нөхцөл байдалд бодитой хандаж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн үзэж байна. "Эко констракшн" ХХК нь нэхэмжлэгч С.Баянбатыг “Барилга-1” бригад дээр туслах ажилтнаар ажиллуулахаар 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч С.Баянбат нь "Эко констракшн" ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.13, 5.8 болон байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж удаа дараа ажил тасалж байсан тул зөрчил тус бүрт нь буюу 4 удаа сануулах арга хэмжээ авч байсан. Мөн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ерөнхий захирлын 72 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Баянбатад 1 сарын цалингийн 5 хувийг суутгах сахилгын шийтгэл хүлээлгэж байсан байдаг. Мөн хариуцагч С.Баянбат нь хулгайн үйлдэл хийснийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчийн зүгээс ажил тасалсан үйлдэлд сахилгын арга хэмжээ авсан талаар маргаагүй, харин ч ажил тасалсан болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч С.Баянбатын нөхөр Т.Цолмонбаяр нь түүний ажилладаг барилгын талбай дээрээс барилгын материал хулгай хийсэн бөгөөд нэхэмжлэгч С.Баянбат нь өөрийн ажилладаг барилгын талбайгаас материал зөөж бэлддэг, нөхөр Т.Цолмонбаярыг өөрийн ажиллаж буй барилгын талбайд оройн цагаар нэвтрэх боломж олгохын тулд харуул хамгаалалтын ажилтан н.Сүхбаатарт шан харамж амлах зэргээр нөхөр Т.Цолманбаярыг хулгай үйлдэл хийхэд туслалцаа дэмжлэг үзүүлж байсан байдаг. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Маршал" хотхоны барилгын талбай дээр гарсан Т.Цолмонбаяр, н.Сүхбаатар нарын хулгайн үйлдэлд нэхэмжлэгч С.Баянбат нь шууд оролцоотой, барилгын материалыг нөхөр Т.Цолмонбаярт бэлдэж өгдөг мөн "Эко констракшн" ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын "Их уул залаат" ХХК-ийн хамгаалагч н.Сүхбаатарт 15 000 төгрөг өгч Т.Цолмонбаярын автомашиныг барилгын талбай руу нэвтрүүлэх, хулгайн материалыг ачиж дууссаны дараа барилгын талбайгаас саадгүй гаргах ажлыг зохион байгуулж байсан талаар нэхэмжлэгч С.Баянбатын нөхөр Т.Цолмонбаяр нь анхан шатны шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар хэрэгт авагдсан. Мөн анхан шатны шүүх н.Сүхбаатарыг гэрчээр дуудан асуусан байдаг бөгөөд гэрч н.Сүхбаатар нь мэдүүлэхдээ "... Баянбат орой манай нөхөр ирж барилгын талбайгаас материал авах юм та оруулчихаарай гэж хэлж байсан тэр бол ёстой үнэн ...” гэсэн тайлбар авагдсан байхад анхан шатны шүүхийн шүүгч хэт нэг талыг барьж, гэрчийн мэдүүлгээр С.Баянбат нь хулгайн үйлдэл хийсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхэд гэрчээр дуудагдан асуугдсан гэрчүүд өөрийн сонссон зүйлээ үнэн зөвөөр гэрчилсэн байхад шүүгч С.Баянбатыг барилгын материалыг цуглуулж өгдөг байсан гэх үйлдлийг харсан этгээд байхгүй байна гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн хэмээн үзэж байна. Мөн харуул хамгаалалтын "Их уул залаат" ХХК-ийн харуулын мэдээллийн дэвтэрт 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-ний өдрийг шилжих шөнө буюу тухайн цаг үед баримтжуулж авсан баримтыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Байгууллагын дотоод журам бол байгууллагын хувьд үндсэн хууль гэж хэлж болохоор эрх зүйн акт бөгөөд ажил олгогч болон ажилтан нар бүгд байгууллагын дотоод журамд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж дагаж мөрдөх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй асуудлыг байгууллагын дотоод журмаар зохицуулахаар хоёр тал харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний 8.1-д тусгайлан зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч С.Баянбат нь "Эко констракшн" ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журмыг зөрчиж, сахилгын шийтгэл удаа дараа авч байсан, ажлын байран дээрх хулгай гарах нөхцөл бололцоог бий болгож хоёр талын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.6.8-д заасны дагуу ажил олгогч буюу "Эко констракшн" ХХК-ийн итгэлийг алдсан мөн хулгайн үйлдэл хийхэд боломж олгох, туслалцаа дэмжлэг үзүүлсэн байгаа тул "Эко констракшн" ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/157 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Баянбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,  31 дүгээр зүйлийн 31.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Баянбат нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлахаар орж шийдвэрлүүлэх байсан боловч шууд шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн. Манай компанийн зүгээс С.Баянбаттай уулзаж эвлэрэх боломж байгаа боловч Хөвсгөл аймагт амьдарч байгаа тул уулзаж эвлэрэхэд хүндрэлтэй байгаа тухайг илэрхийлсээр байхад анхан шатны шүүх эвлэрэх боломжгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг буруу тайлбарласан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Баянбат нь хариуцагч “Эко констракшн” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

С.Баянбат нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хариуцагч байгууллагад туслах ажилтнаар ажиллаж байсан талаар маргаангүй байна.

 

Ажил олгогч “Эко констракшн” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/157 тоот тушаалаар ажилтан С.Баянбатыг “Барилга-1 бригадын туслах ажилтаны албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан уг тушаалын үндэслэлийг ажилтан “… хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ажил тасалсан, уг үндэслэлээр сахилгын шийтгэл удаа дараа шийтгүүлсэн, ажлын байрнаас барилгын материал хулгайлсан” гэж заажээ.  /хэргийн 37 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/001 дүгээр тушаалын хавсралт, хөдөлмөрийн дотоод журмыг ажилтан С.Баянбатад танилцуулсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Ажилтан С.Баянбатад ажил тасалсан гэх үндэслэлээр 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/62 тоот тушаалаар 2 өдөр ажил тасалсан гэж сануулах, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/72 тоот тушаалаар 1 хоног ажил тасалсан гэж цалинг 5 хувь бууруулах, 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/103 тоот тушаалаар 1 хоног ажил тасалсан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, ажилтан уг тушаалтай танилцсан боловч гомдол гаргаагүй үйл баримт тогтоогджээ. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т зааснаас үзвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг жилд   тасалсан цагийн нийлбэр 48 цагаас хэтэрсэн тохиолдолд гэрээний 6.2-т заасан сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар  20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар тохиролцсон ба ажилтны ажил тасалсан огноо, хугацаа тодорхойгүйгээс шийтгэлд дүгнэлт өгөх боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

            Түүнчлэн ажилтанд 2015 оны 08 дугаар сарын  26-ны өдрийн Б/114, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/039 тоот тушаалуудыг огт танилцуулаагүйгээс гомдол гаргах боломж олгоогүй, уг тушаалуудад заасан зөрчлийн огноо, хэмжээ тодорхойгүйгээс тушаал хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй  болжээ.

 

            Иймд сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажилтан давтан зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгүүд, дүрс бичлэг, харуулын мэдээллийн дэвтэр зэргээр нэхэмжлэгч С.Баянбат нь байгууллагын барилгын материалаас хулгай хийсэн нь тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

 

Учир нь ажилтан С.Баянбатын нөхөр Т.Цолмонбаяр нь “Эко констракшн” ХХК-ийн  барилгын талбайгаас 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр барилгын материал хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр шалгагдаж байгаа болох нь гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байх боловч уг хулгайн үйлдэлд ажилтан С.Баянбатыг тусалсан, хамтран оролцсон гэх  байдал  тогтоогдоогүй тул тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Баянбатыг “Эко констракшн” ХХК-ийн барилга-1 бригадын туслах ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн болно.

 

           Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 1 777 134 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

           Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас эвлэрэх хүсэлттэй буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх боломжтой болох талаар хүсэлт, тайлбар гаргаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

                Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО      

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ