Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0065

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Хохирогч П.Д,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э-нд холбогдох эрүүгийн 1905038621147 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “0” түлш ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон Э

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхонд иргэн П.Д-тай маргалдан улмаар биед баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, цээж зүүн тохой, шуунд зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхонд хохирогч П.Д-тай маргалдан улмаар биед нь баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, цээж зүүн тохой, шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э-ны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах зүйл надад байхгүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолтой танилцсан. Энэ тогтоолд гомдол гаргахгүй. Миний буруу...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч П.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: “...2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-нд шилжих шөнө би хувиараа такси үйлчилгээнд явж байсан бөгөөд 3, 4 дүгээр хорооллоос 2 эмэгтэй аваад Алтай хотхон орсон. Нэг эмэгтэй нь АТМ орж мөнгө авна гээд ороход Б.Э ирээд машинд сууж байсан эмэгтэйг татаад байсан. Улмаар Алтай хотхоны 33 дугаар байранд очтол Б.Э машинаараа хааж зогсчихоод явуулахгүй байсан. Миний машинд сууж байсан эмэгтэйгийн гар утсыг нь аваад зугтаахаар би араас нь очсон. Тэгтэл Б.Э гүйж ирээд цохиод авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...33 дугаар байрны гадаа очоод буцаад иргэх гэтэл нөгөө машин нь хашиж машинаараа тулж зогсчихоод эргүүлэхгүй байсан. Намайг гаргахгүй гээд урагшаа хойшоо болж байгаад ард нь байсан том тэргийг мөргөсөн. Тэгээд нөгөө намхан залуу машинаасаа бууж ирсэн. Нөгөө 2 эмэгтэйг манай машинд суучих гээд байсан. Тэр залуу согтуу машин барьж байсан болохоор би цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхгүй нэлээд удсан тэгээд би тэр залууд машинаа холдуулчих гэж хэлсэн чинь надаар оролдвол сайнаа үзэхгүй шүү гээд над руу дайраад заамдаж аваад миний подволкыг урсан. ...Намайг нүүр  ам руу цохиж эхэлсэн. Би тэр залууг шууд ардаас нь барьж аваад тэврээд хөдөлгөхгүй болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,

 

 Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Энжой” бааранд ороод 1 шил “Болор” нэртэй архи авч мөн 2 шил пиво авсан. Тэгээд уугаад сууж байтал бааранд ширээ байхгүй гээд хажууд үл таних 2 эмэгтэй суусан. Тэр 2 эмэгтэйтэй танилцаад юм ярьж сууж байгаад гарах гээд үүдэн дээр ирээд халаасаа тэмтэрсэн чинь миний гар утас, түрүүвч, тамхи, асаагуур байхгүй байсан. Тэгэхээр нь Э-д хэлээд нөгөө 2 хүүхдийн араас гарсан чинь нөгөө 2 эмэгтэй бид хоёрын өөдөөс хэрэлдэж байгаад нэг таксинд суугаад явчихсан. Хойноос нь бид 2 машинтайгаа хөөж байгаад “Алтай” хотхон дотор ороод нөгөө явж байсан таксыг шахаж зогсоогоод нөгөө таксины жолоочтой Э юм яриад байсан. Тэгээд удалгүй хэрэлдэж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад нэг хүүхэн нь Э-ны машиныг өшиглөөд цохиод байсан чинь Э нөгөө хүүхний гар утсыг булааж аваад машинд суусан. Э нөгөө хүүхэнтэй хэрүүл маргаан хийж байхаар нь би салгах гээд гүйж ирэх үед Э нөгөө таксины жолоочтой зодолдсон. Нэг харсан чинь Э-ны хөмсөг нүүрнээс цус гарч байсан. ...Жолоочийн подвалк нь урагдаад цээж нь шалбарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

 

Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...33 дугаар байрны гадаа очиход нөгөө бааранд байсан залуу машинтайгаа хойноос хүрээд ирчихсэн бид 2-ыг машинд суучих гээд таксинаас чирч буулгах гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө 2 залуутай маргалдаад таксинд сууж байсан чинь нөгөө залуу миний гараас манай найзын гар утсыг аваад машин руугаа гүйсэн. Манай найз гар утсаа явъя гээд маргалдаж байх үедээ манай найзын гар утсыг машин барьж явсан эрэгтэй энэ муугаа ав гээд бууж ирээд шидсэн. ...Тэр хүмүүсийн гар утас, түрийвчийг аваагүй, өөрсдөө араас ирсэн. ...Тухайн үед таксины жолооч Б.Э-ыг зодож цохисон зүйл байхгүй. Б.Э бид хоёр руу дайраад байхаар нь тэр залуу бид хоёрыг өмөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал, 118-120 тал/, 

 

Гэрч Э.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Баарнаас гараад таксинд суугаад Алтай хотхонд очсон. Тэгээд би Алтай хотхонд ороод АТМ-аас мөнгө авах гээд АТМ дээр очиход бааранд байсан залуу ирчихсэн намайг машиндаа суучих гээд чирээд байсан. Тэгэхээр нь би ирсэн таксиндаа суугаад өөрийнхөө байр руу явсан. Тэгээд байрны гадаа очиход уг 2 залуу байр руу оруулахгүй хааж зогсоод бид 2-г машиндаа суучих гээд байсан. Тэгж байснаа манай найзын гараас миний гар утсыг булааж аваад нөгөө залуу шууд машин руугаа суугаад явах гэхээр нь би жолоочийн цонхоор нь уг залууг гар утас өг гээд жолооны хүрднээс нь зуурсан чинь уг залуу машинтайгаа шууд хөдөлсөн. Тэгсэн чинь манай таксины жолооч ах хойноос ирээд нөгөө бааранд байсан залуу чи наад машинаа зогсоогооч чи болиоч гээд нөгөө залууг машинаас татаж гаргаж ирсэн. Тэгээд маргалдаад зогсож байтал нөгөө залуу май энэ муугаа ав гээд шууд миний утсыг газар шидсэн. Тэгснээ манай найз Сарангэрэлийг уг залуу боогоод байсан. Тэр үед таксины жолооч бид хоёр салгасан. Тэгээд таксины жолооч нөгөө бааранд байсан хүнтэй маргалдаж байгаад уг бааранд байсан залууг хавирч газар унагаасан. Тэгээд нөгөө бааранд байсан залуу босож ирээд таксины жолооч руу хандан чи өнөөдөр азгүй байна даа буруу хүнээрээ оролдсондоо гээд таксины жолоочийн машины урд номерыг өшиглөж, хуулж авсан. Тэгээд би нөгөө залуучуудыг явуулахгүй гээд барьж байсан чинь тэр залуу найзыгаа аваад явчихъя гээд байсан. Тэгж байснаа нөгөө 2 залуу цаана очиж хоорондоо юм ярьж байхад л цагдаа нар ирсэн. Тэр хүмүүсийг юуг ч аваагүй. Тэгээд цагдаа нар ирэхэд энэ 2 охин миний гар утсыг хулгай хийсэн гээд цагдаад хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 120-121 тал/,

 

Шүүгдэгч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-нд шилжих шөнө найзтайгаа “Энжой” гэх бааранд орсон. Улмаар 2 эмэгтэйтэй танилцсан бөгөөд тэр 2 манай найзын куртикны халаасанд байсан утас, түрийвчийг аваад баарнаас гараад явахаар араас нь дагаад Алтай хотхонд очсон. Тэр 2 эмэгтэйгийн сууж явсан таксины жолоочийн замыг хааж зогсоход таксины жолооч уурласан. Би тэр залууд хандан “чамд хамаагүй” гээд машинд нь сууж байсан 2 эмэгтэйг бууж ирэхгүй байхаар утсыг нь булааж авсан. Нэг эмэгтэй нь ирээд гар утсыг булааж авахад таксины жолооч залуу намайг ирээд цохисон. Улмаар би тэр залуутай зодолдсон. Би П.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрсэн. Баримтаар гарсан эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11921 дугаартай шинжээчийн

П.Д-ын биед баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, хүзүү цээж, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэсэн дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.    

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 11921 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч П.Дыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхонд хохирогч П.Д-тай маргалдан, улмаар хохирогчийн биед баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, цээж зүүн тохой, шуунд зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Мөн хавтаст хэргийн 41 дэх талд авагдсан шинжээч эмчийн 11778 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Э-ны биед “баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, бус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт, зүүн суганы цус хуралт гэмтэл” буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх ба уг үйлдлийг прокуророос шалгаад П.Д-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх шаардлагатай.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч Б.Э-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Э-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Естэй овогт Баатарын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА