| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0600/Э |
| Дугаар | 630 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 630
2020 04 07 2020/ШЦТ/630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: И.Ариунсанаа
хохирогч : Я.Хүрэлмаа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Ганбаатарын Ганзаяад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01221 0635 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Г-д, 1994 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх,эцэг, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан байрны 02-12 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлт дурдсанаар/
Яллагдагч Г.Г нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нийтийн байрны үүдэнд Я.Хүрэлмаатай маргалдаж улмаар түүний зүүн талын гуя руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар 13-ны оройн 22 цагийн үед эхнэр, агаа, аав, бид нар гэртээ амрах гэж байх үед манай бэр эгч, нэг залуу, хохирогч нар хамт орж ирсэн. Бэр эгч ахад агсам тавьсан. Би эдгээр хүмүүсийг гэрээс гаргах гэхэд бэр эгч над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Би бэр эгчийг гэрээс гарах гэхэд хохирогч намайг хажуугаас бариад авахаар нь би өшиглөсөн. Тухайн асуудал гэр дотор болсон. Аав эхэлж цагдаад дуудлага өгсөн. Бэр эгчтэй хамт явсан залуу асуудлыг зохицуулж уучлалт гуйж, аав дуудлагыг буцаасан гэв.
Хохирогч Я.Хүрэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Отгонцэцэг нөхөртэйгээ маргалдсан байсан. Тухайн өдрийн 09 цаг 10 минутын үед Отгонцэцэг бид хоёр ажлаас гараад, Отгонцэцэг хадмынхаа гэр лүү явна гэсэн. Би Отгонцэцэгийг нөхөртэйгээ эвлэрэхээр явж байна гэж ойлгоод дагаад явсан. Отгонцэцэг хадмынхаа гэрт нөхрийнхөө нэрийг дуудаад агсам тавиад байхаар нь би гэрээс гараад явсан. Би Отгонцэцэгийн хажууд гэрийн үүдэнд зогсож байх үед Отгонцэцэгийн нөхрийн дүү нь хүрч ирээд намайг шууд өшиглөсөн. Миний бие өвдөөд байсан учир цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхгүй удаад байсан ба би тухайн айлын гэрийн хаягийг мэдэхгүй байсан. Маргааш нь эгч миний биеийг хараад шууд эмнэлэг явсан. Би тухайн гэмтлээс хойш байнга өвчин намдаах эм ууж, хэд хэдэн удаа дусал хийлгэсэн. Хүүхдээ авахуулаад удаагүй байсан учир шавхараг гарч байсан юм. Өшиглүүлсэнээс хойш цус гарахгүй байхаар нь эмэгтэйчүүд болон мэс заслын эмчид үзүүлсэн. Тухайн өдрөөс 1 өдрийн өмнө өсөлтгүй жирэмслэлт болоод хүүхдээ авахуулсан байсан юм. Өшиглүүлсэн талдаа цус хурж, хавдаж бондойсон байсан юм. Мэс заслын эмчид үзүүлэхэд эм бичиж өгөөд “10 хоногийн дараа ирж үзүүлээрэй” гэж хэлсэн. Одоо эмчийн бичиж өгсөн эмийг уугаад жижгэрч байна. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Эмчилгээний 182.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хохирогч Я.Хүрэлмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Отгонцэцэг бид хоёр очтол Отгонцэцэг өөрийн нөхөр болох Алдарзаяатай нийтийн байрныхаа үүдэнд маргалдсан би хажууд нь дуугүй зогсож байсан чинь гэнэт нийтийн байрнаас Алдарзаяагийн төрсөн дүү Ганзаяа гэх залуу гарч ирээд шууд миний толгойн үснээс баруун гараараа үсдэж байгаад баруун хөлөөрөө нэг удаа зүүн талын цавь хэсэг рүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-10/
Гэрч Г.Алдарзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ...Найз Хүрэлмаа, Ганзаяа руу намайг өшиглөчихлээ гэж хөлөө бариулсан, би өмдний гаднаас нь барьж үзсэн учраас хавдсан эсэхийг хараагүй. Ганзаяа нь Хүрэлмаагийн яг хаашаа өшиглөснийг би нүдээрээ хараагүй Хүрэлмаа миний цавь руу ашиглачихлээ гэж байсан.. гэсэн мэдүүлэг / хх-н 11/,
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 13-ны орой 22 цаг 40 минутанд би ах Алдарзаяагийн хамт гэртээ байж байсан. Тэгтэл гаднаас манай ахын эхнэр Отгонцэцэг, Хүрэлмаа гэх найзтайгаа орж ирсэн. Найз Хүрэлмаа нь намайг Сайн байна уу? Гэсэн тэгэхээр би аяархан дуугаар: Сайн сайн байна уу? Гэтэл Хүрэлмаа гэгч нь:Чи яахаараа надтай мэндэлдэггүй юм вэ гэтэл манай ахын эхнэр Отгонцэцэu ах бид хоёрыг “гараад ир” гэсэн тэгэхээр нь би Отгонцэцэг эгчид хандан “Жирэмсэн юм байж архи уулаа” гэхэд миний өөдөөс “чи жоохон хүүхэд надад заах гээд байгаа юм уу?” гээд бага зэрэг маргалдсан. Удалгүй би тамхинд гарах гэсэн чинь Отгонцэцэг эгчийн найз Хүрэлмаа нь хувцаснаас зуураад тавихгүй байсан тэгэхээр би Хүрэлмааг нь зүүн хөлийн хоншоороор цавь хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг /хх-н 38/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2679 дугаартай шинжээчийн дүгнэлт 1. Я.Хүрэлмаагийн биед умдаг зүүн гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 17-18/,
Шинжээчийн дүгнэлт танмилцуулсан тэмдэглэл/ хх-н 20-21/
Г.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/, оршин суух хорооны тодорхойлолт / хх-н 24/, Г.Гд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 33-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-38/ Г.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40-41/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нийтийн байрны үүдэнд Я.Хүрэлмаатай маргалдаж улмаар түүний зүүн талын гуя руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нийтийн байрны үүдэнд Я.Хүрэлмаатай маргалдаж улмаар түүний зүүн талын гуя руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Я.Хүрэлмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...дээ: “...Би Отгонцэцэгийн хажууд гэрийн үүдэнд зогсож байх үед Отгонцэцэгийн нөхрийн дүү нь хүрч ирээд намайг шууд өшиглөсөн. Миний бие өвдөөд байсан учир цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхгүй удаад байсан ба би тухайн айлын гэрийн хаягийг мэдэхгүй байсан.Одоо эмчийн бичиж өгсөн эмийг уугаад бэрсүү шиг юм жижгэрч байна. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Эмчилгээний 182.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг
Гэрч Г.Алдарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Найз Хүрэлмаа, Ганзаяа руу намайг өшиглөчихлээ гэж хөлөө бариулсан, би өмдний гаднаас нь барьж үзсэн учраас хавдсан эсэхийг хараагүй. Ганзаяа нь Хүрэлмаагийн яг хаашаа өшиглөснийг би нүдээрээ хараагүй Хүрэлмаа миний цавь руу өшиглөчихлээ гэж байсан гэсэн мэдүүлэг / хх-н 11/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2679 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Я.Хүрэлмаагийн биед умдаг зүүн гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... манай бэр эгч, нэг залуу, хохирогч нар хамт орж ирсэн. Бэр эгч ахад агсам тавьсан. Би эдгээр хүмүүсийг гэрээс гаргах гэхэд бэр эгч над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Би бэр эгчийг гэрээс гарах гэхэд хохирогч намайг хажуугаас бариад авахаар нь би өшиглөсөн. Тухайн асуудал гэр дотор болсон гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Г.Гд холбогдох хэргийн зүйллэл зөв тохирсон байх тул Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэсэлэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Я.Хүрэлмаа эмчилгээний зардалд 182.000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Гд ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,шүүгдэгчээс нэхэмжилсэн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Г нь хохирол төлөөгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Г нь хохирол төлөөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Хохирогч Я.Хүрэлмаа нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН