Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 62

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Ч-д холбогдох

Зээлээр худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 2 592 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, хариуцагч Х.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О*******” ХХК Оросын холбооны улсаас импортлон оруулж ирсэн бүтээгдэхүүн болох өндөг, тахианы махыг 2003 оноос хойш Монгол улсад худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа компани юм. Х.Ч******* нь 2014 оны 12 дугаар сард “өндөг их хэмжээгээр танай компаниас худалдан авч борлуулах хүсэлтэй байна” хэмээн санал тавьж, компани дээр ирж уулзан 2014 оны 12 сарын 17-ны өдөр 28 800 ширхэг өндөгийг нэг бүрийг 240 төгрөгөөр тооцон нийт 6 912 000 төгрөгөөр худалдан авсан. Энэ худалдан авалтын дараа Х.Ч******* нь компанид хандан мөн “зээлээр өндөг хүлээн аваад төлбөрийг 10 хоногийн дотор бүрэн төлье” гэж санал гаргасан. Энэхүү саналын дагуу “О*******” ХХК, Х.Ч*******од 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 10 800 ширхэг өндөгийг мөн нэг бүрийг нь 240 төгрөгөөр тооцон нийт 2 592 000 төгрөгийн өндөг зээлээр хүлээлгэн өгч, зарлагын баримт үйлдэн гарын үсэг зуруулан авсан. Ийнхүү 2 592 000 төгрөгийн өндөг зээлээр хүлээн авсан өдрөөс хойш тогтоосон хугацаандаа Х.Ч******* төлбөрийг төлж барагдуулалгүй байсаар 2015 оны 7 сар хүргэсэн. “О*******” ХХК-иас Х.Ч*******од төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсаны үндсэн дээр 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Х.Ч******* “О*******” ХХК дээр ирж уулзан төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах талаар баталгаа гарган өгч гарын үсэг зурсан. Ингэж гарын үсэг зурахдаа өөрийн ажилладаг гэж ярьсан байсан “Н*******” ХХК-ийн тамгыг авч ирэн баталгаа бичсэн өөрийн гарын үсэг дээрээ дарсан. Гэтэл Х.Ч******* нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн авсан өндөгний үнийг төлж барагдуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд уулзахгүй, төлбөр төлөхгүй, шалтаг шалтгаан тоочин зугтааж байна. “О*******” ХХК Х.Ч*******той уулзаж төлбөрөө шаардахаар түүний ажиллаж амьдарч байгаа гэх Баянхонгор аймгийн “Жишиг бетон” зуурмагийн үйлдвэр болон Баянхонгор аймгийн Жаргалан сумын барилга дээр нь 2016 оны 10 сард очсон боловч Х.Ч******* нь уулзалгүй зугтаж, “О*******” ХХК-ийг хохироосоор байна. Иймд “О*******” ХХК Х.Ч*******од зээлээр хүлээлгэн өгсөн өндөгийн үнэ болох 2 592 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Х.Ч*******оос 2 592 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 9 дүгээр сараас эхлэн “Н*******” ХХК-д менежерээр ажиллаж эхэлсэн, би компанийн өмнөөс бусад аж ахуйн нэгжүүдээс өндөг худалдан авдаг байсан. “О*******” ХХК-иас ч гэсэн тухайн үед би “Н*******” ХХК-ийн өмнөөс зээлээр худалдан авалт хийсэн. Тухайн үеийн зээлээр авсан өндөгний борлуулалтын ашиг орлого компанид зарцуулагдсан. Мөн тухайн үеийн зарлагын падаан ч гэсэн “Н*******” ХХК-ийн нэрээр бичигдсэн байдаг. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн акт дээр ч мөн “Н*******” ХХК-ийн тамга тэмдэг байдаг. Би тухайн үед ажил үүргийн дагуу падаан дээр гарын үсэг зурсан. Би 2015 оны 8 дугаар сараас “Н*******” ХХК-д ажиллахаа больсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “О*******” ХХК нь хариуцагч Х.Ч*******од холбогдуулан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 592 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч "О*******” ХХК нь хариуцагч Х.Ч*******од холбогдуулан 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30004154 дугаартай зарлагын баримтын дагуу нийлүүлсэн  өндөгний төлбөрт 2 592 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

             Хариуцагч Х.Ч******* нь зарлагын падааны дагуу “Номгон агро” ХХК нь өндгийг авч, захиран зарцуулсан, миний бие “Номгон агро” ХХК-нд менежерийн ажил үүргийг гүйцэтгэдэг байсан тул тус компанийг төлөөлж зарлагын падаанд гарын үсэг зурсан, уг өндгийг би хувьдаа аваагүй, мөнгийг захиран зарцуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Гэрээний талууд хуулийн хүрээнд зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй ба 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30004154 дугаартай зарлагын баримтаар бараа хүлээн авагч буюу худалдан авагчаар “Номгон агро” ХХК гэж мөн уг компанийн тамга дарсан баримтаар бараа буюу өндгийг “Номгон агро” ХХК-нд худалдсан тухай үйл баримт хэрэгт авагдсан байна.

 

          Нэхэмжлэгч “О*******” ХХК нь барааг “Номгон агро” ХХК худалдан аваагүй иргэн Х.Ч******* худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шаардах эрх нь уг нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдахгүй ба хариуцагчаа зөв тодорхойлон  “Номгон агро” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Х.Ч******* холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 592 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 422  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ