Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 75

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   М*******-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, гэрч Г.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц******* миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М*******гийн харъяа Батсүмбэр дэх Зөгий аж ахуй эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчээр томилогдсон. Манай байгууллага нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Т******* аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Зөгий аж ахуйн салбар нь үндсэн чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч ашиг хонжоо хайгч хэсэг бүлэг хүмүүсийн объект болон хувирч байгаад их харамсаж байна. Миний бие ажиллах хугацаандаа Зөгийн станцын үйл ажиллагааг сэргээх, судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, менежментийг сайжруулах зэрэг үндсэн чиг үүргийг барьж ажиллаж байсан. Намайг ажлаа авах үед энэ салбар нь гэрчилгээ байхгүй барилга байгууламж нь сууж ажиллах нөхцөл боломжгүй хана туурга нь цууралттай, халаалт дулаан, цахилгаан, унаа техник, захиргааны зардал төсөв байхгүй зэрэг маш хүнд нөхцөл байдалтай байсныг үл ажиран, нөөц бололцоог дайчилж өөрийн зардлаар явж ажиллан, Зөгийн станцыг гэрчилгээжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэн тамга тэмдэгийг шинэчлэн, үйл ажиллагааг сэргээн, Шинжлэх ухаан технологийн санд хүсэлт тавьж 2016 оны 4 дүгээр сарын 08-нд салбартаа урсгал зардлын санхүүжилт авсан боловч зориулалтаар нь зарцуулж үйл ажиллагаагаа явуулах гэтэл Хүрээлэнгийн удирдлагын зүгээс төсвийн тодорхой хувийг Улсын их хурлын сонгуулийн зардал болон хувьдаа шилжүүлэхийг шахаж шаардан дарамталж авсан юм. Энэ нөхцөл байдлыг хүрээлэнгийн дээд удирдлага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Хэрүүгад 2016 оны 4 дүгээр сарын 08-ны тайлангийн хурал дээр болон удаа дараа уулзаж мэдэгдсэн. Үүний хариуд удирдлагын зүгээс чиг үүргийн дагуу ажлаа гүйцэтгэж бай, би өөрөө танай удирдлагатай уулзана гэж мэдэгдсэн байдаг. Намайг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №27 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байтал 6 сарын цалин дансанд орохгүй болохоор нь гайхаад М*******гээс лавлатал таныг ажлаас чөлөөлсөн байна гэсэн. Тэгэхээр нь Б******* даргатай уулзахад чамайг ажлаас чөлөөлөөд өөр албан тушаалд томилох талаар яригдаж байгаа хүлээж бай гэсэн бөгөөд ажлаас чөлөөлсөн талаар огт хэлээгүй. Тэгээд мөн л 7 сарын цалин орохгүй байсан учир ажлаас чөлөөлсөн тушаалаа авмаар байна гэж хэл ам хийж байсны эцэст 8 сарын 12-нд тушаалаа хуулбар хувиар гардаж авсан. Миний бие өмнө нь сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил огт гаргаж байгаагүй. Миний бие ажил үүргийн хувьд хариуцаж байсан эд хөрөнгө, эд хогшилоо дутааж байсан удаа байхгүй бөгөөд энэ байгууллагын эд хөрөнгийг арчлан хамгаалж, ажилласаар ирсэн. Энэ тухай миний бие М*******гийн дээд удирдлага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлуудын зөвлөл ректор Т.Хэрүүгад хандан гомдол гаргасан. Гэтэл 8 сарын 31-ний өдөр нь миний өргөдлийг М*******гийн захирал Г.Б*******ийг шийдээд, танилцуул гэхэд аж ахуйн менежер  ******* нь уг өргөдлийг ураад шидчихсэн бөгөөд Б******* даргад өргөдлийнхөө талаар амаараа хэлж ярихад миний өргөдлийг шийдээгүй. Надад мэдэгдэлгүйгээр 2 удаа тушаал гарч, эхний тушаалаар буюу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот тушаал миний албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулж, энэ тушаалаа танилцуулаагүй байхад ахин 39 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Иймд намайг М*******гийн харъяа Батсүмбэр дэх Зөгий аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчээр буцаан томилж, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 4,442,226 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц*******ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл, мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Ц******* нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хүрээлэнгийн харъяа Батсүмбэр дэх Зөгий аж ахуй, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын даргаар томилогдсон. Тэр ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, 2014, 2015 оны ажлын тайлан, зөгийн аж ахуйгаас хураасан зөгийн балны тооцоог гаргаж танилцуулаагүй бөгөөд ажилчдаас түүнийг ажлын хариуцлагагүй, удирдан зохион байгуулах чадваргүй байгаа талаар өргөдөл гомдол ирүүлж тэр нь үндэслэл бүхий байсан тул захирлын зөвлөл хуралдаж үүрэгт ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнийг ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон захирлын тушаал 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гарсныг захирлын туслах 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан байх бөгөөд Ш.Ц******* нь ажлаа хүлээн авахгүй байсан учраас 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 39 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалыг мөн 2016 оны 6 дугаар сарын 16-нд танилцуулсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ш.Ц******* нь хариуцагч М*******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Ш.Ц******* хариуцагч М******* нь өөр ажилд шилжүүлсэн тушаалыг надад танилцуулаагүй, чиний асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байснаа ажил олгогч гэнэт  2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцласан шийдвэр гаргасан тухай тушаалыг би 2016 оны 8 дугаар сарын 12-нд хөөцөлдөж олж авсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байна.

 

          Хариуцагч М******* нь Ш.Ц*******  үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн, ажлын тайлангаа хугацаандаа тайлагнаагүй, удирдан зохион байгуулах чадваргүй талаар ирүүлсэн гомдол нь үндэслэл бүхий байсан тул М*******гийн харъяа Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажлаас чөлөөлж, инновацийн хэлтсийн туслах ажилтнаар шилжүүлэн ажиллуулсан ба уг ажлаа хүлээн авч, ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан учраас инновацийн хэлтсийн туслах ажилтаны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээ цуцласан шийдвэр гаргасан. Ш.Ц*******т ажил шилжүүлсэн болон хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалуудыг захирлын туслах танилцуулсан ба шүүхэд гомдлоо хугацаандаа гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            “М*******”-ийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 27 дугаар тушаал “... Ш.Ц*******ыг 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Станцын эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй, ... Ш.Ц*******ыг тус хүрээлэнгийн инновацийн туслах ажилтнаар 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай”-аар мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тушаал “... хүрээлэнгийн инновацийн хэлтсийн туслах ажилтан Ш.Ц*******ыг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж тус тус тушаалаар өөр ажилд шилжүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан  нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /ХХ-58, 75 дугаар хуудас/

       

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2  дахь хэсэгт зааснаар 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 27 дугааар тушаалаар ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

          Учир нь ажил олгогч ажилтанг мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцласан боловч мэргэжил ур чадварын түвшин тогтоох албан ёсны дүгнэлт гаргаагүй мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь Хөдөлмөрийн хуульд нийцэхгүй байна.

         

          Хариуцагч буюу ажил олгогч нь  нэхэмжлэгч буюу ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалж өөр ажилд шилжүүлж байгаа бол ажилтаны зөвшөөрлөөр түүнтэй зөвшилцөж тохиролцсон тохиолдолд өөр ажилд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

          Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тушаал гаргаж нэхэмжлэгч Ш.Ц*******ыг инновацийн туслах ажилтнаар томилогдсноос хойш хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил, ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтаны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь баримтаар мөн нотлогдохгүй байхаас гадна урьд эрхэлж байсан эрхлэгчийн ажлыг эрхэлж байхдаа гаргасан зөрчил гэж үзэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцласан нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэж байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хариуцагч буюу М******* гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалыг 2016 он 8 дугаар сарын 12-ны өдөр авсан гэх тайлбарыг баримтаар няцааж чадахгүй байх тул нэхэмжлэгч гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

       

             Иймд Ш.Ц*******ыг  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /2016.05.06 ны өдрөөс – 2017.01.06-ныг хүртэл/ урьд авч байсан сарын дундаж цалин хөлс нь 1 хоногт 23 932 төгрөг, ажлын 162 хоногоор тооцож, нийт 3 876 984 төгрөгийг хариуцагч М*******гээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 565 242 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.         Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах заалтыг баримтлан Ш.Ц*******ыг М*******гийн харъяа Батсүмбэр дэх Зөгий аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан М*******гээс  3 876 984 /гурван сая найман зуун далан зургаан мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж  Ш.Ц*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 565 242 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.         Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М******* нь Ш.Ц*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Ш.Ц*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

5.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар М*******гээс улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 76 981 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ