| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0424/Э |
| Дугаар | 429 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 429
2020 05 06 2020/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1709009380352 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Майн баяр” ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16 гудамжны 340 тоотод оршин суух, урьд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 33 дугаар гудамжны 08 тоот гэрийнх нь гадна хохирогч Б.Мөнх-Одыг “1 сая төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлүүлээч” хэмээн 19-80 ДГО улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг барьцаанд үлдээж байгаа мэтээр итгүүлэн автомашинаа буцаан авч хуурч, иргэн Г.Дашнямын Хаан банкны 5065096144 тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1709009380352 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би залилъя гэж бодоогүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад найз Отгоог дуудаад учраа хэлж “машинаа түр барьцаанд тавьчих, надад мөнгөний хэрэг болоод байна” гэж гуйсан. Хамт явж Мөнхөө ах дээр очоод 18-90 ДГО улсын дугаартай тоёота приус-20 тээврийн хэрэгслийг үлдээгээд мөнгө авсан. Тэр шөнө нь Отгоо буцаж очоод машинаа авсан байна лээ. Хохирлоо төлж барагдуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Мөнх-Од мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 33-08 тоот гэртээ байхад Эрдэнэбат гэх зүс таних залуу над дээр ирээд “мөнгөний хэрэг гарчихлаа 1.000.000 төгрөг зээлчих, барьцаанд нь 18-90 ДГО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машин үлдээе” гэхээр машиныг нь авч үлдсэн. Эхнэрийнхээ данснаас 1 сая төгрөг Эрдэнэбаттай хамт явж байсан Дашаа гэгчийн данс руу шилжүүлсэн. Тэгтэл 2017 оны 7 дугаар сарын 06-наас 2017 оны 7 дугаар сарын 07-нд шилжих шөнө 01 цагийн үед хүнтэй уулзах гээд гэрээс гараад иртэл 18-90 ДГО улсын дугаартай Тоёота приус-20 машин нь алга болсон байсан. Эрдэнэбатын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Надад үлдээж явсан түлхүүрэн дээрх утас руу залгахад 1 эмэгтэй авсан бөгөөд “би өөрийнхөө юмыг мэдэж байна” гээд утсаа салгасан. Эрдэнэбат надад хурдандаа нэг цагийн дотор, удлаа гэхэд маргааш өгнө гэж хэлээд авсан. Би өөрөө хүү авна гэж хэлээгүй. Эрдэнэбат өөрөө мөнгөө өгөхдөө “100.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Би барьцаатай юм чинь гэж бодоод өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-44 дүгээр хуудас/,
“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Г.Дашням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Эрдэнэбат найз охин Олъяад “машиныг нь барьцаанд тавиад 1 сая төгрөг хүнээс зээлчихье, тэгээд 1 хоногийн дараа аваад өгье” гэж тохироод Мөнхөө гэх залуугаас мөнгө зээлэхээр очсон. Мөнхөө гэх залуу нь миний 5065096144 дугаартай Хаан банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд бид 5 Олъяагийн машиныг Мөнхөөд орхиод явцгаасан. Би мөнгийг өөрийн данснаас аваад Эрдэнэбатад өөрт нь өгсөн. Мөнгийг Эрдэнэбат өөрөө зарцуулж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Л.Баянбаатарын мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 04 дүгээр сарын 17-ны өдрийн №326 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64 дүгээр хуудас/, суллагдсан тухай тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/, “Майн баяр” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 114 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 119 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 33 дугаар гудамжны 08 тоотын гадна хохирогч Б.Мөнх-Одыг “1 сая төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлүүлээч” хэмээн 19-80 ДГО улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашиныг барьцаанд үлдээж байгаа мэтээр итгүүлэн автомашинаа буцаан авч хуурч, иргэн Г.Дашнямын Хаан банкны 5065096144 тоот дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан авсан болох нь шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнх-Одын мэдүүлэг, гэрч Б.Дашнямын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Б.Э нь Б.Мөнх-Одыг төөрөгдүүлэн хуурч мөнгийг бусдын дансаар өөртөө шилжүүлүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Б.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Эыг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эаас хохирогч Б.Мөнх-Одод 1.000.000 төгрөг төлөгдсөн /хх-ийн 119/ болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогчид төлбөргүй төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Б.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 470.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Эг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН