| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2017/0383/Э |
| Дугаар | 805 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 805
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Ц.М,
шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Ч, Б.Э,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б-д холбогдох 201724000163 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн Д-гийн Б, 19.. оны 6 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 43 дугаар гудамжны, 658 тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 390 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 209 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /;
Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн орчим, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Зүүн цагаан давааны 9 дүгээр гудамжид “Хьюндэй Старекс” загварын, 58-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Б-ыг дайрч амь насыг нь хохироосон, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-д тээврийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, Д.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар Д.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял тус бүрийг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-гийн торгох ялыг 1 жилийн хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг нь тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Д.Б-гийн эзэмшлийн “Хьюндэй Старекс” загварын, 58-49 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өөрт нь тээврийн хэрэгслийн 0218824 дугаартай гэрчилгээний хамт буцаан олгож, Д.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 438804 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж, Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 25-наас эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “... Би 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дугаар зүйлийн “ухрах хөдөлгөөн хийхдээ аюулгүй байдлыг бүрэн хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би тухайн осол болох үед миний машины ард талийгаачийг зогсож байсныг мэдээгүй. Хашааны хаалга дугарахаар нь Н эгч болон талийгаачийг гэртээ орчихлоо гэж ойлгосон. Ухрах үйлдэл хийх үедээ хоёр талын толинд арын хэсгийг харахад ямар ч хүн харагдаагүй. Миний машин үйлдвэрээсээ кабины дунд хэсгээр давхар төмөр тасалгаатай тул кабины толинд эгц ар талыг харах боломжгүй байдаг. Өмнө нь талийгаачийнд олон очиж байсан, дандаа л тэр байрлалд зогсоод ухраад гардаг байсан. Миний машинд үзлэг хийж, арын гупер хэсэгт цус болсон байсныг хараад ухрахдаа осол гаргаснаа ойлгосон. Би осол гаргаснаа мэдээгүй бөгөөд хэргийг газрыг санаатай орхиж зугтаагаагүй юм. Тухайн үед мэдсэн бол ах шигээ санадаг хүнээ хаяад зугтахгүй байсан. Анхан шатны шүүх “шүүгдэгчийн өмгөөлөгч Баасансүрэнг хэргийг газрыг орхиж зугтаагаагүй гэдгийг нотолж чадаагүй учир шүүгдэгч нь хэргийн газрыг орхиж зугтаасан байж таарна” гэсэн үндэслэлээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн би өөрийн буруутайгаас ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохиролдоо 18.100.000 төгрөгийг сайн дураараа төлж, хохирогчийн нэхэмжилсэн гомдлыг барагдуулсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Ч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "Шүүгдэгч Д.Бг 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв" гэж дурдахдаа хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаагаа тодорхой бичээгүй. Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Б нь Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг нотлох нэг ч хуудас нотлох баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл Д.Б Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд бүрэн дүүрэн тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь илт эргэлзээтэй байхад шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулсан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж заасан байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бг авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж байгаа боловч ямар нотлох баримтаар үүнийг үгүйсгэж байгаагаа нотлоогүй учир шүүх гаргасан саналыг хүлээн авах боломжгүй" гэж дурдсан нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүй болохыг нотлоогүй бол тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцдог ямар ч хуулийн заалт байхгүй.
З. Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь жолооч зам тээврийн осол гаргасан, өөрийгөө гэм буруутай гэдгээ мэдсэний дараа хэргийн газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэм буруугийн санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг.
Гэтэл шийтгэх тогтоолын 13 дугаар хуудсанд "Шүүгдэгч Д.Б нь авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв" гэж Эрүүгийн хуулийн үг хэллэгийг буруу хэрэглэж утга, найруулгыг алдагдуулан “хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан" гэсэн хэсгийг хасаж бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл жолооч осол гаргаснаа мэдсэн ч бай, мэдээгүй ч бай хэргийн газрыг орхиж явсан л бол гэм буруугүй гэсэн утгатай зүйл бичсэн нь Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлгийн 1.3 дах хэсэгт заасан "Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруугийн шинжийг гэмт хэрэгт тооцохгүй" гэсэн хуулийн заалтыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Д.Б нь өөрийнхөө үйлдлийг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас зам тээврийн ослын газрыг орхиж явсан болох нь түүний удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны явцад шинжээч нарын өгсөн мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн тогтоогдсон. Иймд Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "Хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэнэ" гэж заасан байхад анхан шатны шүүх Д.Б-д хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Учир нь: Эрүүгийн хуульд хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирлоо сайн дураараа төлсөн тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалт байсан тул миний үйлчлүүлэгч хорих ял авахгүйн тулд байгаа эд хөрөнгөө зарж борлуулан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан.
Гэтэл анхан шатны шүүх дээрх гэмт хэрэг гарах болсон санамсар болгоомжгүй нөхцөл байдал, гэм буруугийн шинж, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй учраас гомдол гаргасан. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэв зугтаах бодолтой байсан бол Д.Б нь эх Нэргүйг дуудахад талийгаачийнд очихгүй байсан. Мөн автомашинаа угааж, цэвэрлэх ямар ч үйлдэл хийгээгүй. Тийм ч учраас автомашины гупер дээрх цусны толбыг шинжээч илрүүлсэн... Хэргийн газрын үзлэгээр тээврийн хэрэгсэл урагш хойш явж, хөдөлгөөнөө жигдрүүлсэн тухай баримт байхгүй. Ийнхүү улсын яллагч мэдэх боломжтой байна хэмээн таамаг дэвшүүлснээс бус нотлогдоогүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад Д.Б-гийн зугтаах үйлдлийн талаар прокурор хэлэхдээ “Дугуйн доогуур саад тээглэхэд тээврийн хэрэгсэл 4 жил жолоодсон хүн мэдрэх боломжтой. Ямар нэгэн дуу чимээ гарах ёстой” гэсэн таамаг дэвшүүлсэн. Энэ мэдүүлэг, таамгуудаа нотлоогүй, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдийг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж няцаасан. Шинжээч Г шүүх хуралдаанд “талийгаачийн дээгүүр автомашины дугуй гарсан тул мөр байхгүй” гэж мэдүүлсэн. Уг автомашин явж байх үедээ хөгжим дугарсан тохиолдолд ямар нэг чимээг мэдэх боломжтой эсэх талаар шинжээч томилж тогтоогоогүй.
Иймд дээрх гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр Д.Б нь “хэргийн газрыг зориуд орхин зугтаасан” идэвхтэй үйлдэл хийгээгүй ба харин ослын талаар огт мэдээгүй явсан болох нь тогтоогдож байна. Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэнсэх заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Д.Б нь талийгаач нөхөртэй маань олон жил найзалж нөхөрлөсөн, дотно харьцаатай, тухайн үед ахтайгаа золгох гэж ирсэн, би ахыг дайрснаа мэдээгүй гэж ярьдаг. Миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Тэрээр урьд өмнө цагаан сараар манай нөхөртэй ирж золгож байгаагүй бөгөөд цуг манайх руу ирсэн хүмүүсээс зориуд хоцорч тусдаа ирсэн, тэднийг явахад цуг явалгүй үлдсэн, бэлэг өгөхөд авахгүй гээд аваагүй, мөн өөрөө цуг архи ууж байгаа дүр үзүүлж талийгаачид маань зориуд их уулгаж согтоочихоод манай хадам ээж танай хаяанд байх ёсгүй, ах таньтай хоёулаа ярих юм байна гээд ганцааранг нь авч явах гээд байсан. Талийгаач бид 2 түүнийг манайд хоноод яв гэсэн боловч хоноогүй, хадам ээжийнх нь манай хажууд байхад тэднийд ч орж хонохгүй гээд явсан зэргээс үзэхэд түүнийг зориуд нөхрийн маань амь насыг хохироосон гэж үзэж байгаа. Талийгаач нөхөр болон шүүгдэгч Б хоёрын хооронд ямар нэгэн тооцоо, өр авлага, өс хонзон байсан эсэхийг би мэдэхгүй.
Д.Б нь хашааны гаднаас машинтайгаа хөдлөхөд манай нөхөр уг машины хойно байх ямар ч боломжгүй юм. Яагаад гэвэл намайг үнсээ асгаад зогсож байхад Д.Б машиндаа машин нь асаалттай сууж байсан, манай нөхөр хашааны хаалганы хажууд байдаг жорлонд бие засаад зогсож байсан. Би гэртээ ороод гарч ирэх хооронд 1 минут хүрэхгүй хугацаа өнгөрсөн ба нөхөр маань байхгүй, Б-гийн машин урд хашааны урдуур гэрэл нь гараад явж харагдсан. Манай жорлон хашааны хаалганы хажууд байдаг ба нөхөр маань Баасансүрэнгийн машинд суухаар гарсан бол хаалгаар гараад шууд суух боломжтой, хойгуур нь тойрох шаардлага байхгүй юм. Тэгээд ч талийгаачийг хашаанаас гараад хойшоо явсан бол Баасансүрэн харах бүрэн боломжтой байсан. Мөн машин доороо хүн хийж 35 метр газар чирж, дайрч амь насыг нь хохироочихоод "Би мэдээгүй" гэх ганц үгээр өөрийн гэмт хэргийг хаацайлж байхад шүүх дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.
Миний бие Д.Б-г зориуд машин ашиглан нөхрийг маань санаатай алсан гэж үзэж байгаа тул шүүхээс түүнд 3 жил 8 сарын хорих ял оноосонд маш их гомдолтой байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, Д.Б-д оногдуулсан ялыг хүндрүүлж, нэмж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-ын өмгөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний ар гэрийнхэн уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үздэг. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй тул эргэлзээ бүрэн тайлагдаагүй. Осол гарсны дараахан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргахад өмгөөлөгч байлцах талаар хүсэлт гаргасан. Учир нь хэргийн газар талийгаачийн булгарч унасан шүд байсан. Ямар хүчин зүйлийн улмаас уг шүд унасан бэ гэдгийг шалгаж тогтоох зорилготой байсан. Хохирогчийг зориуд өөр газарт авч яваад тухайн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор автомашинаар дайрсан байж болзошгүй гэсэн хардлага байсан учраас шинжилгээ хийхэд хамт оролцох хүсэлт гаргасан. Гэтэл энэ талаар ажиллагаа хийгдээгүй тул хохирогчийн гомдол тайлагдаагүй. Мөн талийгаачийн нас барсан цаг хугацааг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Хэдийгээр талийгаачийг 35 метр газар чирээд явахад Д.Б-г мэдэх боломжгүй гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад мэдэх боломжтой нь хангалттай нотлогддог. Тухайн үед талийгаачийг осолд орсныг хэлээгүй явсны улмаас талийгаачийн амь насыг аврах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хувцасанд үзлэг, шинжилгээ хийсэн баримт хэрэгт авагдсан. Ингэхдээ талийгаачийг тухайн “Хьюндай Старекс” загварын автомашины доор чирэгдэж явсан гэдэг. Гэтэл гадуур куртик, цамцанд урагдалт байхгүй атлаа майканд Г хэлбэрийн урагдалт үүссэн. Талийгаач 90 кг жинтэй хүн майкны урагдалт дээр тогтоод 35 метр явах боломжтой эсэх нь эргэлзээтэй байсан учраас үүнд туршилт хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч энэ ажиллагааг хийж өгөөгүй. Мөн Д.Б нь өөрөө би согтуу байсан учраас юу ч мэдээгүй гэх үгээр хэргийн хувь заяаг шийдвэрлэж байна. Хэрэв гупер дээр цус илрээгүй бол уг хоёр хэргийг үйлдээгүй гэх нөхцөл байдал үүсэх байсан нь харагдаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн заалт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан байхыг шаарддаг. Гэтэл Д.Б өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй болох нь давж заалдах гомдлоос харагдаж байна. Мөн 18.000.000 төгрөг өгч, оршуулгын зардал төлөгдсөнөөр талийгаач босоод ирэхгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Иймд тэдгээрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. ... Хэргийн газрын үзлэг хийхэд талийгаачийн хажууд шүд байсан. Ингээд цогцост үзлэг хийхэд талийгаачийн аманд шинэ шүдний хугарал бүхий ул мөр олдсон. Эд мөрийн баримтаар уг шүдийг хураан авч, уг шүдийг анх тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн А цэг гэж үзсэн. Гэтэл талийгаачийн шүдийг цагдаагийн ажилтнууд эд мөрийн баримтаар бэхжүүлж авалгүй хохирогчийн ар гэрийнхэнд өгсөн учраас өмгөөлөгч Майбаярын хүсэлтийн дагуу харьцуулсан шинжилгээ хийлгэх объектгүй болсон. Мөн талийгаачийг ямар байдалтай мөргөгдсөн, ямар байдлаар амь насаа алдсаныг туршилт хийж тогтоолгох хүсэлтийг прокурорын хяналтын шатанд гаргасан. Талийгаачийн өмссөн хувцасны энгэр хэсэг нь урагдаж цоорсон, сэмэрсэн, товчны бэхэлгээ тасарсан, урагдаж, гогдсон байсан. Эдгээрээс ганцхан майкны гогдогдсон гэдгийг онцлоод байгааг ойлгохгүй байна. Мөн талийгаачийн нүүр хэсэг их хэмжээний зулгаралттай байсан ба улмаар уг хүчин зүйлийн улмаас шүд нь хүртэл унасан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд туршилт хийх гэхээр уг чихмэлээ ямархуу байдалтай байлгах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тооцоолж болохгүй байдал байгаа учраас уг туршилтыг хийгээгүй бөгөөд боломжгүй гэж үзсэн... Д.Б мухар гудамж руу тээврийн хэрэгслийн жолооч талын толгой хэсгийг байрлуулан улмаар ухарч гарахаас өөр замгүйгээр тээврийн хэрэгслээ байрлуулсан байсан, харин гарахдаа ухарч улмаар хөдөлгөөнөө урагш хөдөлгөсөн даралтын мөр үүссэн байсан. Талийгаач гудамжны төгсгөл хэсэгт үлдэн амь нас нь хохирсон байдалтайгаар олдсон. Үүнийг тээврийн хэрэгслийн доор тээвэрлэгдэн явсан гэж үзсэн. Д.Б согтуу байсан хэдий ч хэрэг болсон байдлыг мэдэх боломжтой байсан. Иймд хохирогчийг мөргөж амь насыг хохироогоод зугтсан гэж үзэн, шүүгдэгчийг ялласан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Д.Б-г согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодон явах Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас П.Баттогтохын амь насыг хохироосон гэж үзэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг согтуугаар үйлдсэн бол уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...Д.Б-г хамт архи уусан хүмүүс болон өөрөө архи уусан байснаа хүлээн зөвшөөрсөн...” гэж согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн дурдсан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй...” байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдов.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийг дахин хянан хэлэлцэхдээ техникийн шинжээчийн дүгнэлтэнд дурдаагүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар зохицуулагдсан заалт, хэсгийг зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх бүрэн эрхтэй болохыг анхаарах нь зүйтэй.
Хэргийг дээрх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр болсон тул шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцээгүй орхисон болно.