Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2017/0029/З |
Дугаар | 06 |
Огноо | 2018-04-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 06
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Малайз улсын иргэн М.С нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
“Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрсний бүртгэлийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0029/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, өмгөөлөгч С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Тайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Малайз улсын иргэн Ч,Т,Л олон Монгол улсын иргэн Б.М нар нь 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Малайз улсын Путрайжай хотод гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ч. З.Ч Энхтэмүүлэн хүү төрснөөр тус улсын иргэний бүртгэлийн СА76115 дугаарт бүртгэгдэж, 080621-10-1457 дугаартай хүүхдийн иргэний үнэмлэхийг авсан байдаг. Хүү Энхтэмүүлэн нь Малайз улсын иргэний бүртгэлд бүртгүүлж, тус улсын харъяат хүүхдийн иргэний үнэмлэхийг авсан байхад Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүүгийн ээж Б.М хүсэлтээр хүү Энхтэмүүлэнг 0165 дугаарт бүртгэсэн нь Харъяатын тухай хууль болон Иргэний бүргэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны байгууллага болох Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хүү Энхтэмүүлэнд төрсний гэрчилгээ олгох шийдвэрийг гаргахдаа хүүгийн эцэг Ч.Т.Л-д мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг татан оролцуулаагүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 13.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс гаргасан уг шийдвэр дээрх хуулийн хэм хэмжээг зөрчсөнөөр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт болж байна. Уг хууль бус актаас болж эцэг Ч.Т.Л нь өөрийн нэрээр хүү Энхтэмүүлэнг овоглох эрхгүй болж, цаашлаад Гэр бүлийн тухай хуульд заасан хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөр болж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С өмгөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Малайз улсын иргэн Ч.Т.Л хүү Энхтэмүүлэн нь 2008 онд Малайз улсад төрөөд тус улсдаа бүртгүүлэн, хүүхдийн иргэний үнэмлэх авсан байдаг. Хүүгийн эцэг Ч.Т.Л болон эх Б.М нар нь Малайз улсад гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг ба хүүхэд төрөх үед М нь Малайз улсад амьдарч байсан. 2009 онд Энхтэмүүлэн хүүг Монгол улсын иргэнээр бүртгүүлж, төрсний бүртгэл хийлгэн гэрчилгээ авахдаа Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан эцгээс нь зөвшөөрөл авах буюу аавд нь мэдэгдэж энэ тухай харилцан тохиролцсон эсэхийг тодруулалгүй шууд бүртгэл хийсэн нь буруу юм. Нэхэмжлэгчийн хувьд түүний өөрийн хүүхдээ өөрийн нэрээр овоглох, өв залгамжлуулах, хүүхэдтэйгээ хамт улс хооронд зорчин явах зэрэг эрхийг нь хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргагч хүний эрх зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, актыг хянуулах эрх үүсэхийг хуульчилж өгсөн байдаг. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь анх хүүхдийн төрсний бүртгэлийг хийхдээ шаардлагатай бичиг баримтыг шаардаагүй, бодит байдалд тулгуурлалгүй бүртгэл хийснээрээ нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн байгаа. Мөн нэхэмжлэгчийн хувьд дээрх захиргааны акт буюу бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан сөрөг нөлөөлөл бүхий акт юм. Иймд уг захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Малайз улсын иргэн Ч.Т.Л итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Монгол улсын иргэн М овогтой Энхтэмүүлэнгийн 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төрсний бүртгэлийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг шалгахад тухайн бүртгэлийг бүртгэхдээ 2008 оны 6 дугаар сарын 21-нд төрснийг 2009 оны 7 дугаар сарын 16-нд буюу нэг нас хүрсэн байсныг нөхөн бүртгэлээр бүртгэсэн байх бөгөөд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12.1-д заасан хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг баримт буюу Малайз улсаас олгосон хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг бүртгүүлэх үндэслэл болгосон байна. М.Энхтэмүүлэнгийн төрсөн эх Б.М нь Монгол улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т заасан гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл байхгүй байсан бөгөөд тухайн төрсний бүртгэлийг бүртгэхэд гэрлэлтийн гэрчилгээ шаардаагүй нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд Малайз улсын иргэн Чиа Тек Лүүнд мэдэгдэх шаардлагагүй юм. Иймд Монгол улсын иргэн Мөнгөнцэцэг овогтой Энхтэмүүлэнг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед М гэдэг хүн өөрийн хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлэхэд Монгол улсад бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэл байгаагүй учир М,с гэрлэлтийн гэрчилгээг шаардах шаардлага байхгүй. Хууль ёсны гэрлэлт байхгүй тохиолдолд хүүхдийг эхээр нь овоглож бүртгэдэг. Энэ бүртгэлийг хийлгэхэд хүүхдийн төрсөн тухай лавлагаанд үндэслэж бүртгэсэн. Архивт анх бүртгэл хийхэд ямар материал бүрдүүлж өгсөн талаар баримт байхгүй, бүртгэлийн журналд зөвхөн эхийн тухай мэдээлэл тусгагдсан байдаг. Тухайн үед хүүгийн эцэг бүртгэлийг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар одоо тогтоох боломжгүй” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Тайван шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Энхтэмүүлэн хүүг 2009 онд Монгол улсад бүртгүүлэн төрсний гэрчилгээ авсан байдаг. Үүнээс хойш 9 жил өнгөрсөн байхад энэ талаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ч.Т.Л нь хүүгийн эх Б.М,с Малайз улсын иргэнээр бүртгүүлэх санал асуугаагүй ба М нь өөрийн хүүхдийг Малайз улсын иргэнээр бүртгүүлэхэд олгосон зөвшөөрөл байхгүй байхад нэхэмжлэгч хүүгийн харьяаллын асуудлаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Б.М нь Монгол улсын иргэн учраас өөрийн хүүхдийг бүртгүүлэх үүрэгтэй тул хүү Энхтэмүүлэнг бүртгүүлсэн байгаа. Тухайн үед хүүг бүртгүүлэхэд Малайз улсын иргэн Ч.Т.Л болон М нарын гэрлэлтийн бүртгэл Монгол улсад бүртгэгдээгүй байсан тул М,г гэрлээгүй гэж үзэж түүний хүүг эхээр нь овоглосон нь хууль зөрчсөн үйлдэл биш. Улсын бүртгэгчийн буруутай үйлдэл байхгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй, харин ч хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Малайз улсын иргэн Ч.Т.Л итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Малайз улсын иргэн Энхтэмүүлэнг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрөлтийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх иргэн Б.М хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн түүнийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 123 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна[1].
Нэхэмжлэгч тал маргаан бүхий захиргааны акт буюу Энхтэмүүлэнг Монгол улсад төрсний бүртгэлд бүртгүүлэн, төрсний гэрчилгээ авсан үйл баримтын талаар Улсын бүртгэлийн төв архивын 00/001224 дугаарын төрсний бүртгэлийн лавлагааг гаргуулан авснаар мэдсэн байх бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын Ерөнхий бүртгэгчид тус тус гомдол гаргасан[2] байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2017/5196[3] дугаарын шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ -д заасан үндэслэлээр, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2017/5433[4] дугаарын шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/-д заасан үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Дээрх захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан байх ба захирамжид гомдол гаргаагүй байна[5]. Нэхэмжлэгч талаас М,н Энхтэмүүлэнг Монгол улсын иргэний бүртгэлд бүртгэн төрсний гэрчилгээ олгосон үйлдэлийг хууль бус хэмээн Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан маргаан үүсгэж, хариуцагч болон түүний дээд шатны байгууллагад хандаж зохих журмаар хариуг авсан[6].
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэж тодорхойлон “Энхтэмүүлэнд төрсний гэрчилгээ олгосон захиргааны шийдвэрийг хүчингүй болгохыг Улсын Ерөнхий бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа боловч маргааны агуулга нь “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрөлтийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, үйл баримтын талаар тасралтгүй маргаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С ирүүлсэн нэхэмжлэлийг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 26 минутад хүлээн авч, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт “шуудангаар” гэсэн тэмдэглэлийг хийсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Хугацааг тодорхойлох, тоолохдоо Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан хугацааг тодорхойлох, тоолох журмыг баримтална”, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Баримт бичгийн тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ”, 33.4-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2017/5433 дугаарын захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацаа/30 хоног/ 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байна. Энэ өдөр нь бямба гаригт таарч дараагийн ажлын өдөр нь 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байх ба нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон бусад материалыг 2017 оны 10 дугаар сарын 9-ны өдөр баталгаат шууданд буюу Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан хугацаанд Улаанбаатар хотын шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлснээр Булган аймагт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирсэн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Малайз улсын иргэн Энхтэмүүлэнг Монгол улсын иргэнээр бүртгэж төрсний гэрчилгээ олгохдоо түүний эцэг Ч.Т.Л,с зөвшөөрөл аваагүй, түүнд мэдэгдээгүй нь нэхэмжлэгч Ч.Т.Л эрх ашгийг зөрчсөн, гадаад улсад хийгдсэн гэрлэлтийн бүртгэл нь Монгол улсад хүчинтэй байх тул иргэний бүртгэлийг хийхдээ хуульд заасан зөвшөөрөл, эцэг, эхийн харилцан тохиролцсон байдлыг тодруулахгүйгээр гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдийг ганц эхийн хүсэлтээр бүртгэсэн нь Иргэний бүртгэлийн тухай хууль, Харъяатын тухай хуулийг тус тус зөрчсөн тул хууль бус захиргааны акт болсон” гэж тодорхойлсон ба
Хариуцагчаас “М.Энхтэмүүлэнг төрснөөс 1 жилийн дараа нөхөн бүртгэл хийхдээ төрсөн тухай эмнэлгийн магадлагааг үндэслэсэн. Уг бүртгэлийг хийх үед хүсэлт гаргасан Б.Мөнгөнцэцэг нь гэрлэлтийн бүртгэлд гэрлээгүй гэж бүртгэгдсэн байсан тул гэрлэлтийн гэрчилгээг шаардаагүй нь хууль зөрчсөн үйлдэл биш” гэж маргасан байна.
Малайз улсын иргэн Ч.Т.Л Монгол улсын иргэн Б. М нар нь 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Малайз улсын хуулийн дагуу тус улсын Путражай хотод гэрлэлтээ батлуулж 410691 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ[7] авсан, гэрлэгчдийн дундаас 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Ч.З.Ч Энхтэмүүлэн төрснийг 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Малайз улсын төрсний, нас барсны газрын Ерөнхий бүртгэгч бүртгэж, төрсний гэрчилгээ, хүүхдийн иргэний үнэмлэх[8] олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Гуравдагч этгээд Б.М нь Монгол улсын харьяат хэвээрээ ба өөрийн хүүхдийг Монгол улсад бүртгүүлэхээр 2009 онд буюу хүү Энхтэмүүлэнг төрснөөс хойш нэг жилийн дараа Булган аймгийн Булган сумын иргэний бүртгэлийн ажилтанд хүсэлтээ гаргасан байх ба иргэн М,н хүсэлтийн дагуу сумын иргэний бүртгэлийн ажилтан түүний хүү Энхтэмүүлэнг эх М,р овоглон бүртгэл хийжээ. Гуравдагч этгээд Б.М нь хүү Энхтэмүүлэнг бүртгүүлэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 /Нэгээс дээш настай хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хүүхдийн эцэг, эхийн, эсхүл хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана/-д заасны дагуу хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, дархлаажуулалтад хамрагдсан тухай бүртгэлийн хуудас[9] зэргийг бүрдүүлэн өгсөн гэж тайлбарладаг боловч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт энэ тухай баримт байхгүй гэдэг нь хариуцагчийн тайлбар[10] болон гэрчийн мэдүүлгээр[11] тогтоогдож байна. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Булган сумын 2009 оны төрөлтийн журнал”-ын 165 дугаарт хүүхдийн төрсөн газар, эхийн мэдээллээс өөр мэдээлэл бичигдээгүй байх ба уг бүртгэлийг хийхэд ямар баримтад үндэслэж хийсэн, хүүгийн эцэг хэн болох талаар тодруулга хийсэн эсэх болон эх Мөнгөнцэцэгийн гэрлэлтийн талаар лавлагаа авсан эсэх нь нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй байгаа нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д заасан төрсний бүртгэл хийсэн бол мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 /Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно/, 12.5 /Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна/ -д заасныг тус тус зөрчсөн байна. Мөн улсын бүртгэгч буюу сумын иргэний бүртгэл хариуцсан ажилтан нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1 /улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн хуулийн этгээдээс гаргуулан авах/-д заасан үүргээ биелүүлэлгүй Энхтэмүүлэнг Монгол улсын иргэний төрсний бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ.
Малайз улсын иргэн Ч.Т. Л, Монгол улсын иргэн Б.М нар нь Малайз улсад хуулийн дагуу гэрлэсэн гэрлэлтээ Монгол улсад бүртгүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрдөг ба Малайз улсад бүртгүүлсэн гэрлэлт хүчин төгөлдөр байгаа, энэхүү гэрлэлтийн талаар гэрлэгчдийн хэн нэг нь гомдол гаргаагүй тул тэднийг хууль ёсны эхнэр, нөхөр гэж үзнэ. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Монгол улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол улсад хүчинтэйд тооцогдоно”, 9 дүгээр зүйлд “Гэрлэхэд харшлах шалтгаан”-ыг тус тус хуульчилсан байна. Дээрх хуулийн дагуу Малайз улсын иргэн Ч.Т.Л болон Монгол улсын иргэн Б.М нарын гэрлэлт Монгол улсад хүчинтэйд тооцогдох ба Монгол улсын иргэн Б.М,г хуулийн дагуу гэр бүл болсон, гэрлэлтийн баталгаатай гэж үзэх үндэслэлтэй юм.
Хариуцагчаас гуравдагч этгээд Б.М нь Монгол улсад гэрлэлтийн бүртгэлгүй байсан учраас хүү Энхтэмүүлэнг эхээр нь овоглож, төрсний гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй гэж маргаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 –т “Хүүхэд эцгийн нэрийг авна”, 24.4-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж заасантай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Энхтэмүүлэн хүүгийн эх Б.М нь гадаад улсад гэрлэлтээ батлуулж, тэрхүү гэрлэлт нь хуулийн дагуу Монгол улсад хүчинтэйд тооцогдож байгаа нь түүнийг гэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн хүүгийн эцэг Ч.Т.Л нь гуравдагч этгээд Б.М,н хууль ёсны нөхөр, гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдийг өөрийн нэрээр овоглох бүрэн эрхтэй юм. Нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны гэр бүлд төрсөн, өөрийн хүүхдийг өөрийнхөө нэрээр овоглон төрсний гэрчилгээнд эцгийн мэдээллийг үнэн зөв тусгахыг шаардаж, бүртгэлийг буруу хийсэн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдийг эцгийн хувьд асран хамгаалах, тэжээн тэтгэх эрхээ эдлэх, өөрийн мэдээллийг хүүхдийн бичиг баримтанд тусгуулахыг хүссэн нь хүүхдийн эрх ашгийг хөндөхгүй ба хүүхэд хуульд заасан насанд хүрснээр өөрийн овог нэр, оршин суух газраа өөрөө сонгох эрхийг хязгаарлахгүй юм.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Төрснийг бүртгэх” зохицуулалтыг хуульчилсан ба хуулийн 12 дугаар зүйлийн 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ” гэжээ. Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Энхтэмүүлэнг Монгол улсад бүртгэх бүртгэлийг хийхдээ түүний эцэг, эх хоёр харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, хүүгийн эцэг зөвшөөрөл олгож, хүүг бүртгүүлэх талаар гаргасан хүсэлт зэрэг баримт байхгүй байгаагаас 2009 онд Энхтэмүүлэн хүүг ямар баримтад үндэслэж бүртгэснийг тодорхойлох боломжгүй байна. Үүнээс гадна гуравдагч этгээд Б.М анх хүүхдийг бүртгүүлэхэд хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг баримтаар өгч байсан, Малайзад гэрлэлтийн бүртгэлтэй гэдгээ мэдүүлсэн боловч Монгол улсад гэрлэлт бүртгэгдээгүй байсан учраас хүүгийн эцгийн талаарх мэдээлэл төрсний бүртгэл, гэрчилгээнд тусгагдаагүй гэж тайлбартаа дурдсан байх ба хүүхдийг төрсөн улсдаа бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан эсэхийг бүртгэл хийж буй албан тушаалтан шаардаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ. Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 /Эцэг, эх нь хоёулаа, эсхүл тэдний хэн нэг нь Монгол улсын харьяат бол тэдгээрийн гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийн тухайн оронд олгосон төрсний гэрчилгээг үндэслэн түүнийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэн, гадаад оронд олгосон төрсний гэрчилгээн дээр тэмдэглэл хийж гэрчилгээг сольж олгож болно/-д Энхтэмүүлэн хүүд Малайз улсаас олгосон төрсний гэрчилгээг үндэслэн бүртгэл хийж, гадаад улсын төрсний гэрчилгээнд тэмдэглэл хийн гэрчилгээг сольж олгох боломжийг хуулиар олгосон байхад эцэг Ч.Т.Л овоглоогүй эх Б.М,р овоглож хүүхдийн төрсний гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хөндсөн захиргааны акт байна гэж дүгнэн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны акт нь Монгол улсын Харъяатын тухай хуулийг зөрчсөн гэж маргадаг боловч төрсний бүртгэлийг хийсэн улсын бүртгэгчийн үйлдэл нь Иргэний бүртгэлийн тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эх, хүүхдийн хуулиар олгогдсон эрхийг хөндсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно. Харъяатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч Малайз улсын иргэн Ч.Т.Л болон гуравдагч этгээд Монгол Улсын иргэн Б.М нар нь хүү Энхтэмүүлэнгийн иргэний харьяаллын асуудлаар бичгээр харилцан тохиролцсон зөвшөөрөл байхгүй, энэ талаар өмнө нь маргаж байгаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй.
Маргаан бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр буюу захиргааны актыг хүчингүй болгосон нь насанд хүрээгүй хүүхдийг Монгол Улсад эхийн асрамжинд байх эрхийг хөндөхгүй бөгөөд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17-д заасны дагуу Малайз улсаас олгосон төрсний гэрчилгээнд үндэслэж, Энхтэмүүлэн хүүг төрсөн эцэг Ч.Т.Л,р овоглон төрсний гэрчилгээ олгоход саад болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 12 дугаар зүйлийн 12.16, 12.17, Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус баримтлан Энхтэмүүлэнг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны Булган сумын төрөлтийн 165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдний өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 38-40 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн 18-24 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 196-199 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 202-206 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 195, 207 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 12, 13 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 11, 14-17 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 64-68 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 50-52 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 56-58 дугаар тал