Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/05278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Солонгын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Чухал амжилт” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр “Чухал амжилт” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийсэн. Тус компанийн захирлын 2016 оны 1 сарын 12-ны өдөр а/01 дугаартай тушаалаар гоо сайхны багшийн ажилд орсон. Би өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлж 3 ээлжээр ажилладаг байсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “ажлаа хүлээлгэж өг” гэсний дагуу 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд “ажлаас халсан тушаалаа авъя” гэж удаа дараа хэлсэн боловч өгөхгүй байсаар, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн а/37 дугаартай захирлын Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн надтай байгуулсан гэрээг цуцалж ажлаас халсан тухай тушаал байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тогоочийн багш н.Болорбаяраар дамжуулж авсан. Би ажиллаж байх хугацаандаа ажлаас гарах тухай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, хэвийн ажлаа хийж байсан. Иймээс ямар ч үндэслэлгүй ажлаас гэнэт халагдсанд гомдолтой байна. Үүнээс өмнө ч гэсэн “амарч бай” гэж хэлээд ажилгүй олон сар цалин хөлсгүй сул зогсоож байсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож,  урьд эрхэлж байсан гоо сайхны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртлэх хугацааны 5 сарын цалинд 2 200 600 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

           

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Солонго нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг “Чухал амжилт” сургалтын төвтэй байгуулж гоо сайхны багшаар ажиллаж эхэлсэн. Гоо сайханы багш Д.Солонго нь урд нь тус сургалтын төвд гоо сайхны багшаар түр зуур ажиллахад сургалтанд суралцагч байхгүй, сургалт явуулж байсан. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 118 байрны түрээсийн гэрээ дуусч ажиллах боломжгүй болсон. Энэ үе бол 2014 оны 12 дугаар сарын 30-ны үе юм. “Чухал амжилт” сургалтын төвийн удирдлагаас 2016 оны 2 дугаар сард батлагдсан багш нарт заавал байх ёстой баримт бичгийн жагсаалтын дагуу өгөгдсөн үүргийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шалгаж үзэхэд 21 бичиг баримт бүрдүүлэхээс 10 бичиг баримт дутуу байсан учир 4 дүгээр сард цалинг 10 хувь хасах тухай ярихад гоо сайхны багш Д.Солонго нь өргөдөл гаргаж намайг ажлаас гаргах гэж байгааг ойлголоо, цалинг битгий хасаач гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн цалинг нь хасалгүйгээр журмын дагуу олгож шийдвэрлэсэн. Гоо сайхны багш Д.Солонго нь 7 хоног бүрийн ажлын тайландаа удирдлагад тавих санал, шийдвэрлэх асуудлын талаар ямар нэгэн санал, гомдол хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл гаргаж байгаагүй, суралцагчаа төгсгөж өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн. Д.Солонго нь гоо сайхны багшаар ажиллах хугацаандаа багшийн ёс зүй зөрчөөгүй боловч гоо сайхны ангийн суралцагч нараас удаа дараа “гоо сайхны багш Д.Солонго нь хичээлээ зааж чадахгүй байна, хичээлийнхээ онолоо заахгүй, шууд хүний нүүрэнд массаж хийлгэж байна, ийм мэргэжил мэдлэггүй багшаар заалгахгүй” гэдэг шүүмжлэл, гомдол гарч, гоо сайхны ангид сурч байсан суралцагч нар өөр ангид шилжих, сургалтын төлбөрөө буцаах зэрэг хүндрэл учирч байсан. Тиймээс гоо сайхны багш Д.Солонгоог Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу “ажилтан мэргэжил , ур чадвар нь гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байсан нь суралцагч нарын удаа дараагийн гомдлоор тогтоогдсон учир Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж өөрт нь мэдэгдэж, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэлээр ерөнхий захирлын тушаал гарч ажлаас өөрчилсөн юм. Иймд гоо сайхны багш Д.Солонгоог ажлаас үндэслэлгүйгээр халаагүй учир цалинг олгох ямар нэгэн асуудал байхгүй байна. Сургалтын төвийн бүтэц зохион байгуулалтад 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт орж, гоо заслын ангийг өргөтгөж 1.Гоо засалын ерөнхий анги 2.Маке ап 3. Гоёлын шивээсний ангийг бий болгож хамтатган нэг багшаар хичээлийг цогц болгон удирдуулах болсон учир ажлын байрны шаардлагыг хангахгүй учир багшийн ажлаас нь чөлөөлсөн. Сургалтын төвийн багш нарын ажлын байрны тодорхойлолтын шалгуур үзүүлэлт хангахгүй байгаа тул ажиллуулах боломжгүй болсон. Энэ нь мэргэжил боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна гэж заасан. Д.Солонго нь мэргэжлийн хувьд чадвар муутай, цалин хөлсөө голж, хамт олны дунд уур амьсгал эвддэг, идэвхи санаачилгагүй, багшийн ур чадваргүй. Д.Солонго нь цалин багатай ажлаасаа гарах гэж байгаа тул сургалтын төвийн багш нарт тавьсан шаардагыг биелүүлээгүйн төлөөх цалингийн хувийн суутгалын торгуулийг суутгалгүй цалинг маань бүтэн өгнө үү хэмээн өргөдөл гаргаж ажлаасаа гарсан болно. "Чухал амжилт" ХХК нь түүний хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж цалинг нь бүтнээр олгосон. Д.Солонго ажлаас гарснаас хойшхи нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг манай байгууллага нөхөн төлөх үндэслэлгүй үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дамдинсүрэнгийн Солонгыг “Чухал амжилт” ХХК-ийн гоо сайхны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 2 200 600 төгрөгийг хариуцагч “Чухал амжилт” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Д.Солонгод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Солонгын ажилгүй байсан хугацааны ниигмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Чухал амжилт” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Чухал амжилт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50 160 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь шүүхээс хууль тогтоомжинд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг үнэлж дүгнээгүй байна. "Чухал амжилт" ХХК-ийн захирлын 2016 оны 5 сарын 26-ны өдрийн а/37 дутаартай тушаал нь Д.Солонгыг ажлаас халах биш харин ажлаас чөлөөлсөн тушаал байсан бөгөөд нэхэмжлэгч Д.Солонгын зүгээс ажлаас үндэслэлгүй халсан талаар өмнө нь компанид хандаж гомдол санал гаргаагүй, мөн талуудын хооронд маргаан огт үүсээгүй, зөвхөн цалингийн талаар харилцаж байсан бөгөөд огт маргаан үүсээгүй, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан байхад шүүх үүнийг огт харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр үзэж, ямар нэгэн мэтгэлцэх боломж олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болох нь харагдаж байгаа тул шүүхээс 2 200 600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх Д.Солонгоос ажил олгогчид гаргасан гэх өргөдөл нь хэзээ гаргасан нь тодорхойгүйгээс гадна цалингаа бүтнээр авахыг хүссэн өргөдөл байх тул уг баримтуудаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар талууд тохиролцсон байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тухайн өргөдөлд огноог дурдаагүй боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдох баримт гэдгийг тогтоох боломжтой байсан төдийгүй уг өргөдөлд нэхэмжлэгч “... би одоо ажлаас гарах гэж байгаа тул цалингаа бүтэн авах хэрэгтэй байна ...” гэж бичсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд ажлаас халах тухай биш харин нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн болох нь ойлгомжтой байсан гэж үзэж байна. Хамгийн гол нь талууд ажлаас халсан, халагдсан талаар маргалдсан тухай нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байгаа юм. Шүүх Д.Солонгын гаргасан нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Солонго нь хариуцагч “Чухал амжилт” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Д.Солонго нь “Чухал амжилт” ХХК-д гоо сайханы багшаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс ажиллаж байсан талаар маргаагүй байна.

 

Ажил олгогч “Чухал амжилт” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/37 тоот тушаалаар ажилтан Д.Солонгыг гоо сайхны багшийн албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 8 дугаар тал/

 

Ажил олгогчоос ажилтантай харилцан тохиролцож түүнийг ажлаас чөлөөлсөн гэх боловч ажилтан Д.Солонгоос ажил олгогчид гаргасан хүсэлтэд “… ажлаас үндэслэлгүйгээр халагдаж байгаа тул цалингаа бүтэн авах хэрэгтэй байна …” гэснээс дүгнэхэд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар талуудын хүсэл зориг нэгдээгүй, тэдгээрийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагч байгууллагын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасантай нийцэхгүй байна.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв.

 

Хариуцагч  байгууллага нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэслэлээ “… ажилтан нь  мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй, ажилтаны ажлаас гарах хүсэлтийн дагуу харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь ажилтаныг мэргэжил ур чадварын түвшин тогтоож шалгаагүй атлаа зөвхөн суралцагч нарын санал хүсэлтээр мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй гэж ажил олгогчоос үзсэн нь үндэслэлгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэлээ заагаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Солонгыг “Чухал амжилт” ХХК-ийн гоо сайхны багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн болно.

 

           Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 2 200 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

                Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/05278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 160 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО      

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ