Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 336

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэндэн овогт Э-н Х-д холбогдох эрүүгийн 1909026901381 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зик Зак” ХХК-д үйлчилгээний ажилтан, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байр, 197 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: УП 93030918 / Гэндэн овогт Э-н Х нь:

 

- 2019 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн цагаан байрны 10 дугаар байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Өсөхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Өсөхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрнуудын 10 дугаар байранд байдаг Номтөгс гэх залуугийн гэрт очсон. Э.Х шууд миний нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж миний шүд эмтэрч унасан. Тэгсэн Мөнхсүлд намайг өмөөрч Э.Хтай маргалдсан. Номтөгсийн эхнэр Өлзийгийн эхнэр хоёр намайг Номтөгсийн гэрээс гаргаж өгөөд явуулсан юм. Баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Харин шүдээ нэхэмжилнэ гэжээ. / хх 17-19 /

Гэрч Б.Мөнхсүлд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би нэлээн согтуу байсан болохоор болж байгаа асуудлыг сайн ойлгоогүй. Нэг харсан Өсөхбаяр буйдан налаад сууж байхад Э.Х нэг юм яриад хоёр удаа алгадсан. Би босож ирээд тэр хоёрыг салгаад Э.Хтай маргалдсан. Өлзий бас орж ирээд салгасан гэжээ. / хх 22-23 /

 

Гэрч Г.Өлзий мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Гол дээр байж байгаад орой 23 цагийн үед машинтайгаа хөдлөөд хот руу орж Номтөгсийн гэр болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байранд очиж бид хэд дахин ууж идсэн юм. Номтөгс бид хоёр гэрээс гарч орцонд тамхи татаад зогсож байтал Номтөгсийн гэрт бөөн орилоон болж хүмүүс хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг байхаар нь гайхаад ороод хартал Мөнхсүлд, Э.Х хоёр маргалдаж хэрэлдээд хоорондоо ноцолдоод дээр доороо орчихсон байдалтай байсан гэжээ. / хх 24-25 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8970 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Өсөхбаярын биед тархи доргилт, эрүүний сорви /шарх/ баруун дээд 6-р шүд хазах гадаргуун эмтрэл, баруун нүдний дээд хэсэг, дух орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. / хх 31 /

 

Яллагдагч Э.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Өсөхбаяр нь дээгүүрээ өмсөж байсан хувцсаа тайлаад шалдан болчихоод над руу хэрүүл хийгээд байхаар нь нүүрэн тус газарт 2-4 удаа гараараа алгадаад авсан чинь Мөнхсүлд нь болиоч гэж хэлээд хойноос хөлөөрөө хавсарч газарт унагаасан юм. Газраас босож ирээд Мөнхсүлдтэй гадаа юм ярих гээд Номтөгсийн гэрээс гарсан. Би Б.Өсөхбаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 3-6 /

 

Шүүгдэгч Э.Хг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 45-47 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Номтөгсийн гэрт Өлзий, Өсөхбаяр, Төгсбаяр бид нар  архи уугаад би Өсөхбаяртай маргалдаж, түүнийг цохьсон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Баримт аваагүй гэв. 

Шүүгдэгч  Э.Х нь 2019 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн цагаан байрны 10 дугаар байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Өсөхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...  Э.Х шууд миний нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж, миний шүд эмтэрч унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Өсөхбаярын мэдүүлэг / хх 17-19 /, ... Нэг харсан Өсөхбаяр буйдан налаад сууж байхад Э.Х нэг юм яриад хоёр удаа алгадсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Мөнхсүлдийн мэдүүлэг / хх 22-23 /, ... Б.Өсөхбаярын биед тархи доргилт, эрүүний сорви /шарх/ баруун дээд 6-р шүд хазах гадаргуун эмтрэл, баруун нүдний дээд хэсэг, дух орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8970 дугаар дүгнэлт / хх 31 /, ...Өсөхбаяр нь дээгүүрээ өмсөж байсан хувцсаа тайлаад шалдан болчихоод над руу хэрүүл хийгээд байхаар нь нүүрэн тус газарт 2-4 удаа гараараа алгадаад авсан. Би Б.Өсөхбаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Хгийн мэдүүлэг / хх 3-6 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Х-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Өсөхбаяр шүдний эмчилгээ хийлгэхтэй холбоотой хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Э.Х нь төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Х-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэндэн овогт Э-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Б.Өсөхбаяр шүдний эмчилгээтэй холбоотой хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Э.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ