| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00812/И |
| Дугаар | 91 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 91
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ68080527, Шаазган овогт Сайнжаргалын Урианхайгийн,
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Урианхай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Чандмань сумын нутаг Цагаан арал гэх газар гэртээ төрсөн. Ээж Ж.Хөхсүрэн маань намайг төрүүлээд төрөхийн хүндрэлээр нас барсан. Ээжийг маань нас барснаас хойш удалгүй аав Ё.Сайнжаргал өвчний улмаас нас барсан. Миний бие төрсөн цагаасаа эхлэн аавынхаа ээж Журмаа дээр өссөн болно. Тухайн үед эмээ маань намайг улсын бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ аваагүй байсан бөгөөд 2 жилийн дараа буюу 1968 онд бүртгүүлэхдээ миний төрсөн оныг 1968 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн гэж бүртгүүлсэн жилдээ төрсөн болгож бүртгүүлсэн байсан. Учир нь миний дээд талд олон хүүхэд төрсөн боловч бүгд нас барсан тул намайг төрсөн жил нь бүртгүүлэхгүйгээр явж байгаад 2 жилийн дараа буюу 1968 онд улсын бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан байсан. Одоо миний бүх бичиг баримтан дэээр 1968 онд төрсөн гэсэн бүртгэл хийгдсэн тул би 48 настай болоод байна. Гэтэл миний бие нь 1966 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн бөгөөд одоо 50 настай болно. Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас маань болж байгаа тул шүүхэд хандаж насаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1966 оны 8 дугаар 05-ны өдөр төрсөн, одоо 50 настай болохыг тогтоож өгнө үү. Намайг 1966 онд төрсөн болохыг сайн мэдэх А.Гилаан, М.Бадамсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Урианхай нь 1966 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Чандмань сумын 1968 оны төрөлтийн бүртгэлд: “Иргэн Ёндон овогтой Сайнжаргал, Жургаан овогтой Хөхүрэн нарын гэр бүлд Урианхай нь 1968 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрснийг 1968 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэв” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.Бадамсүрэн, А.Гилаан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.Бадамсүрэн “Намайг бага байхад С.Урианхай нь эмээтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд манай 2 гэр Улаангом суманд айл хошой, лагерьт зуншдаг байсан. С.Урианхай нь их ажилсаг тусч охин байсан. Манай аав ээжид их тусалдаг байсан. Тухайн үед аав ээжээсээ “С.Урианхайгийн аав ээж хоёр нь эрт нас барсан, С.Урианхайг төрөхөөс өмнө түүний дээр олон хүүхэд алдагдаж байсан учраас эмээ нь С.Урианхайг хүн болохгүй байх гээд төрсний бүртгэлд хэдэн жилийн дараа л бүртгүүлж байсан гэсэн” гэж сонсож байсан” гэж, гэрч А.Гилаан “Манай ээж аав С.Урианхайгийн эмээ Журмаатай хамт Увс аймгийн Чандмань суманд лагерьт зуншдаг, хамт ногоо тарьдаг байсан ба би тухайн үед хүүхэд байсан. С.Урианхайгийн талаар аав ээжээсээ сонсож байсан. Манай бэр “С.Урианхайгийн ээж нь түүнийг төрүүлээд төрөхийн хүндрэлээр нас барсан гэдэг. С.Урианхайгийн ээжийг нас бараад удаагүй байхад түүний аав нь нас барсан бөгөөд С.Урианхай аавынхаа ээж Журмаа дээр өссөн. С.Урианхай нь 1966 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Чандмань суманд төрсөн бөгөөд С.Урианхайгийн дээд талд олон хүүхэд гараад нас барж байсан тул түүний эмээ нь С.Урианхайг хүн болохгүй байх гэж бодоод түүнийг бүртгүүлэхгүй байж байгаад 2 настай байхад нь төрсний гэрчилгээ авч, бүртгэлд бүртгүүлсэн” гэж тухайн үед манай аав ээж болон С.Урианхайгийн эмээ Журмаа нар ярьж байсныг сонссон гэж надад ярьж байсан” гэх мэдүүлгүүдийг шүүхэд өгчээ.
Нэхэмжлэгч С.Урианхайг Увс аймгийн Чандмань сумын 1968 оны төрөлтийн бүртгэлд 1968 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрснөөр бүртгэжээ.
Түүнчлэн гэрч М.Бадамсүрэн, А.Гилаан нарын “С.Урианхай нь 1966 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Чандмань суманд төрсөн бөгөөд С.Урианхайгийн дээд талд олон хүүхэд төрөөд нас барсан тул түүний эмээ нь С.Урианхайгийн насыг дарж бүртгүүлсэн” гэх мэдүүлгүүд нь өөр нотлох баримтаар нотлогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.
Иймд С.Урианхай нь 1966 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шаазган овогт Сайнжаргалын Урианхайгийн 1966 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Урианхайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ