Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 92

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОП69010716, Зөөд овогт Идэшийн Нэргүйгийн,

          Цагаатгалын нөхөн олговор 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Нэргүй, прокурор С.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч И.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нагац ах болох Н.Гэмпэл нь Увс аймгийн Улаангомын хийдэд шавилан сууж байгаад 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, баривчлагдсан бөгөөд Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45, 47 дугаар зүйлүүдээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм. Хэлмэгдэгч Н.Гэмпэлд холбогдох хэргийг хянаад нотлох баримтгүй бөгөөд эдний нутагт эсэргүү байгууллага байгаагүй болохыг тодорхойлсон, Ёнзонхамбын эсэргүү бүлэг байгаагүй болох нь тодорхой болсон гэдэг үндэслэлээр БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, миний нагац ах Н.Гэмпэлийг цагаатгасан билээ. Ингээд миний аав Б.Идэш нь өөрийн нагац ах Н.Гэмпэлийн цагаатгалын нөхөх олговрын материалыг 2000 оноос хойш тасралтгүй хөөцөлдөж, цагаатгалын үнэмлэхийг нь гаргуулан авч, садан төрлийн холбоогоо шүүхээр тогтоолгож, зөвхөн Үндэсний төв архивын лавлагаа гаргуулж амжилгүй 2010 онд нас барсан юм. Үүний дараа миний бие уг нөхөн олговрыг үргэлжлүүлэн хөөцөлдөж, Үндэсний төв архивын лавлагаа гаргуулж аваад шүүхэд хандах болоход хэлмэгдэгч Н.Гэмпэлийн цагаатгалын үнэмлэх олдохгүй байсан тул өмнө нь манай аав Б.Идэшийн хөөцөлдөж гаргуулж авсан цагаатгалын үнэмлэхийг сонинд зарлуулан хүчингүй болгож, дахин 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр миний бие хэлмэгдэгч Н.Гэмпэлийн цагаатгалын үнэмлэхийг шинээр гаргуулан авснаар, Зууны мэдээ сонинд хэлмэгдэгч Н.Гэмпэлийн нөхөх олговрыг төрөөс авах эрхтэй нэхэмжлэгч нь хэлмэгдэгчийн зээ дүү И.Нэргүй гэж нийтэд мэдээлсэн байна. Иймд хэлмэгдэгч Н.Гэмпэлийн нөхөн олговрыг зээ дүү болох И.Нэргүй надад олгож өгнө үү” гэв.

      Прокурор С.Удвал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...И.Нэргүйд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар нөхөх олговрын 1.000.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч И.Нэргүй нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Н.Гэмпэлийн цагаатгалын нөхөх олговорт 1.000.000 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Шүүх хуралдаанд оролцсон прокурор “Н.Гэмпэлийн нөхөх олговрыг И.Нэргүйд олгох үндэслэлтэй” хэмээн тайлбарлав.

         Нэхэмжлэгч И.Нэргүйгийн эцэг Б.Идэш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Намжилын Гэмпэлийн зээ дүү болохыг Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн боловч Б.Идэш нь 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан ба 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний төрсөн хүү Идэшийн Нэргүйд “Хэлмэгдэгч Н.Гэмпэлийн цагаатгалын нөхөн олговор авах” эрхийг шилжүүлж өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

          Иймд И.Нэргүй нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.

         Намжилын Гэмпэлийг 1938 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 12 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэжээ.

          Н.Гэмпэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар магадлалаар цагаатгасан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/2012 дугаартай архивын лавлагаа, Улсын Дээд Шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр олгосон 16485 тоот цагаатгалын үнэмлэхээр тус тус тогтоогдож байна.

       Түүнчлэн Зууны мэдээ сонинд нийтлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад Идэшийн Нэргүйгийн нэр бичигджээ.

           Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж заасны дагуу Увс аймгийн Төрийн сангаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Нэргүйд олгох үндэслэлтэй гэж үзэв.

        Улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч И.Нэргүйгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Төрийн сангаас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ОП69010716, Зөөд овогт Идэшийн Нэргүйд олгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар И.Нэргүйгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ