Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

2020          05            06                                 2020/ШЦТ/428    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,  

Шүүгдэгч П.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Сд холбогдох эрүүгийн 1909039150496 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Билэгт” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянсуудал Баянбулаг гудамж 44 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-159 тоотод түр оршин суух, урьд:

 

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №1395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч П.С нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” кузов засварын газрын гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт ажиллаж байсан Н.Энхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909039150496 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Энхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ажил Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” кузов засварын газарт ажлаа хийгээд байж байхад Саруулзаяа, Эрдэнэзул нар жаахан согтуу ирсэн. Эрдэнэзулын төрсөн өдөр 10 дугаар сарын 15-нд байсан гээд “нэг юм авч өг” гээд байсан. Би нэг шил “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авч хувааж ууцгаасан. Миний хувьд Саруулзаяатай маргалдсан зүйл байхгүй. Миний халаасыг үзээд “тамхи байна уу” гэхээр нь “байхгүй” гэхэд Саруулзаяа намайг цохиж зодсон. Надад учирсан гэмтлийг урьд нь хамт ажиллаж байсан Саруулзаяа гэх залуу ар хэсгээр газарт унагаж гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж бэртэл, гэмтэл учруулсан. Би эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч П.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би машины сэлбэг авахаар 32-н тойргийн задаргаа орох гээд явж байхдаа хуучин ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” кузов засварын грашаар ороход Энхбат, Эрхээ нар нь Эрдэнэхүүгийн машинд сууж байсан. Эрдэнэзул “2 хоногийн өмнө төрсөн өдөр болсон, найздаа нэг шил архи аваад өгөөч” гэсэн. Би “за задаргаа орчихоод эргээд ирье” гэсэн. Энхбат “би ажилтай байна та нар явчихаад хүрээд ир” гэсэн. Задаргаа орчихоод замаараа дэлгүүр орж нэг шил 0,5л хараа нэртэй архи аваад грашын гадаа ирээд Эрдэнэхүүгийн машинд Эрдэнэзул, Энхбат бид 3 хувааж уусан. Энхбат “би нэг шил архи авъя” гээд 0,5л нэг шил архи аваад ирсэн. Машинд Эрдэнэзул, Гэрэлтод бид 3 үлдсэн байсан. Энхбат буугаад 20 орчим минут болсон би араас нь буугаад хажуу талын цайны газар руу ороход Энхбат сууж байсан. Би “юу хийж сууж байгаа юм бэ” гэхэд “эртхэн юмаа ууж дуусгаад харъя” гээд нэг удаа татсан. Энхбат намайг “цаашаа бай ална шүү” гээд хараагаад байсан. Би “чи чинь согтсон юм уу” гэхэд босож ирээд намайг заамдаад авсан. Энхбат “хоёулаа гаръя, гадаа гараад сайхан зодолдъё” гээд байсан. Бид хоёр барилцаж авсан чигээрээ Гэрэлтодын машины хажууд очсон. Энхбат намайг цохих гээд далайгаад цохиход нь би зайлаад зөрүүлээд нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохиход Энхбат хойшоогоо дээшээ хараад унасан. Гэрэлтод, Эрдэнэзул нар машинаас бууж ирээд “яагаад Энхбатыг цохичихвоо” гээд Энхбатыг Гэрэлтод, Эрдэнэзул хоёр өргөөд өөрийнх нь машинд суулгасан. Эрдэнэзул бид хоёр такси бариад гэр рүүгээ харьсан. Энхбат намайг хэл амаар доромжлоод байсан учраас маргалдсан. Би маргалдаж байхдаа зүүн гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж учруулсан. Тухайн үед Гэрэлтод, Эрдэнэзул хоёр машин дотор суугаад харж байсан. Бууж ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Эрдэнэзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр Энхбатын ажил болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 57-р сургуулийн хажууд байдаг кузов засварын газар дээр 14 цагийн үед очоод байж байхад Саруулзаяа ирсэн. Манай найз Энхбат, Саруул бид гурав 0,5 литр архи хувааж уусан. Энхбат болон Саруул хоёр найзууд гээд юм яриад уугаад байсан. Орой болоод харанхуй болсон байсан. Нэг мэдсэн Саруул, Энхбат хоёр хоорондоо зодолдоод гээд байсан. Би зодоон болсон талаар хараагүй. Машинд сууж байсан ба би нийлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12658 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Н.Энхбатын биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №1395 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-51 дүгээр хуудас/, “Бат-Мөнх эргэлэг” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.С нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” кузов засварын газрын гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт ажиллаж байсан Н.Энхбаттай хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний толгой, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.Энхбатын “...Надад учирсан гэмтлийг урьд нь хамт ажиллаж байсан Саруулзаяа гэх залуу ар хэсгээр газарт унагаж гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж бэртэл, гэмтэл учруулсан....” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Ш.Эрдэнэзулын “...Нэг мэдсэн Саруул, Энхбат хоёр хоорондоо зодолдоод гээд байсан. Би зодоон болсон талаар хараагүй....” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч П.Сгийн “...Энхбат намайг хэл амаар доромжлоод байсан учраас маргалдсан. Би маргалдаж байхдаа зүүн гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Н.Энхбатын биед хөнгөн гэмтэл учирсан талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12658 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.С нь хохирогч Н.Энхбаттай архидан согтуурсны улмаас хоорондоо зүй зохисгүй харилцаж, улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч П.Сгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүгдэгч П.С нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Н.Энхбатын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч П.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Энхбатаас “...Хохиролд 128.200 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн хүсэлтээ илэрхийлж 128.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч П.Сгаас уг төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин Н.Энхбат цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай П.Сгаас нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч П.Сг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч П.Сгаас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Энхбатад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ууганбаярд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН