Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, Баянхайрхан 5 дугаар гудамж 30 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянхайрхан 2 дугаар гудамж 31 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДН60102919, Номч овогт Жамжлайн Амгалангийн нэхэмжлэлтэй,  
       Э.Эрхэмбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
                    
Нэхэмжлэгч нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин А.Нэргүй 2012 онд HONDA CV маркийн 9915 ГАА улсын дугаартай машинаа сургуульдаа унахаар Улаанбаатар хотод очоод суралцаж байгаад төрөхөөр гэртээ ирэхэд уг машиныг миний найз залуу Э.Эрхэмбаяр аваад үлдсэн. Гэтэл нэг жилийн дараагаас Э.Эрхэмбаяр холбоо сураг тасарч утсаа ч авахгүй байх болсон. Энэ хүний аав, ээжтэй нь ярихад бид олоод яриулья гэхээс өөр юм хэлдэггүй. Энэ машин миний охин А.Нэргүйгийн нэр дээр байсан. Гэтэл одоо 5-6 хүний нэр дээр шилжиж бүртгэгдсэн байна. Э.Эрхэмбаяраас автомашины үнэ, хүүхдийн тэтгэвэр шаардах гэхээр хаана оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Тухайн үед холбоо барьж байсан утасны дугаар байхгүй, регистрийн дугаар нь хүүхдийнх нь төрсний гэрчилгээн дээр бүртгэлтэй байгаа. Харин Эрхэмбаярын фото зураг байхгүй. Иймд Э.Эрхэмбаяр нь хаана оршин сууж, амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Амгалан нь Энхбаатарын Эрхэмбаярыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн охин А.Нэргүйгээс олгосон итгэмжлэлээр төлөөлөн шүүхэд гаргажээ /хх-1, 3/.

А.Нэргүй нь HONDA CR-V маркийн 9915 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн автомашины өмчлөгч байсан болох нь тээврийн хэрэгслийн бүртгэх картаар тогтоогдож байх бөгөөд уг машин 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Буяннэмэх, Э.Эрхэмбаяр, Л.Александр, Ш.Өлзийбаяр зэрэг хүмүүсийн нэр дээр бүртгэгдсэн болох нь дээрх картын бүртгэлээр тогтоогдож байна /хх-12/.

Энхбаатарын Эрхэмбаяр /ФМ87021274/, Амгалангийн Нэргүй /ДН89080604/ нар эцэг, эхээр нь бүртгэгдсэн Эрхэмбаярын Эрдэнэчулуун /ДЮ13260313/ нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн болох нь 209 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-11/.

Түүнчлэн Энхбаатарын Эрхэмбаяр /ФМ87021274/ нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлгүй, хүн ам өрхийн мэдээллийн сангийн программаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороонд бүртгэлтэй байгаа тухай Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/76 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дугаартай албан бичгүүд хэрэгт авагдсан байна /хх-24, 25/. 

Э.Эрхэмбаяр нь А.Нэргүйгийн нэр дээр бүртгэлтэй байсан автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлсэн, түүний нэрээр овоглогдсон хүүхэд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн байх бөгөөд уг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, тээврийн хэрэгсэл бүртгэх карт, 209 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга нарын Э.Эрхэмбаяр оршин суудаггүй, хаягийн бүртгэлгүй тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж Э.Эрхэмбаярыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна /хх-12, 11, 24, 25/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Боржигон овогт Энхбаатарын Эрхэмбаяр /ФМ87021274/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Эрхэмбаярыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ж.Амгаланд /холбоо барих утас-99489365, 95892929/ мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Боржигон овогт Энхбаатарын Эрхэмбаяр нь ФМ87021274 регистрийн дугаартай, 99491499 дугаарын утастай, түүний аав, ээж 97071520, 95745280 дугаартай утастай болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.ЯНЖИНДУЛАМ