Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум 4-р баг, Баянмод огзом гэх газарт хаягийн бүртгэлтэй, одоо Дархан уул аймгийн Хонгор сумын 1-р баг, Цайдам 10-31 тоотод оршин суух, эрэгтэй, ДЕ56020115, Буурал овогт Анандын Шарайголын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Шарайгол, гэрч Д.Баянсан, Д.Мэндбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. Дэлгэр сумын дунд сургуулийн 1972 онд 8 дугаар ангиа төгсөөд МХЗЭвлэлийн илгээлтээр Бадрал нэгдлийн туслах аж ахуйд ажиллаж байгаад 1975 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд Дэлгэр сумын Бадрал нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл жолоочоор, Эрдэнэ сумын Чойбалсан зам нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 30-ны хүртэл жолоочоор, Дэлгэр сумын Бадрал нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Эрдэнэ сумын Чойбалсан зам нэгдлийн ажил орсон гарсан тушаал нь бүрэн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн ажилд орсон гарсан тушаал архивт байхгүй учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би өөрийнхөө бичиг баримтыг биедээ авч яваад хулгайд алдсан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй. 07-р ангид цэрэг байхдаа жолооч болсон. Цэргийн ангиас Говь-Алтай аймагт шилжүүлсэн. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэслэн 1979-1980 оны хооронд Дэлгэр сумын Бадрал нэгдэлд, 1981-1982 онд Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэл, 1982-1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Дэлгэр сумын Бадрал нэгдэлд тус тус жолоочоор ажилласан болохыг тогтоож өгнө үү. 1990 он гэсэн шаардлага байхгүй, 1989 оныг дуусталх хугацаа л байгаа гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Шарайгол нь 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолоочоор, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолоочоор, 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолоочоор тус тус ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.

А.Шарайгол нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд жолоочоор, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нэгдэлд барилгачин, жолоочоор,

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд нэгдлийн УАЗ-469 маркийн машины жолоочоор, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочоор тус тус ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 42, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16, 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8Б дугаартай тушаалуудын хуулбар, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай тушаал, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаартай архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна /хх-6, 7-8, 9, 19, 5/.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Д.Баянсан, Д.Мэндбилэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд жолооч, барилгачинаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн барилга, угсралтын ажилд барилгачинаар томилсон нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 46 тоот тушаалаар тогтоогдож байна /хх-19/.

Харин гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгчийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн он хүртэл ажиллаж байсан талаар тодорхой зааж мэдүүлээгүй, Эрдэнэ суманд очиж хэсэг хугацаанд ажиллаж байгаад Дэлгэр суманд ирж хамт ажиллаж байсан талаараа тус тус мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийг Чойбалсангийн зам нэгдэлд УАЗ-469 маркийн машины жолоочоор томилж чөлөөлсөн, Бадрал нэгдлийн барилга угсралтын ажилд барилгачинаар томилсон тушаалын хуулбар, 1979 оны 02 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд авч байсан цалингийн лавлагаа нотлох баримтаар авагдсан байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн А.Шарайголыг 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 дугаар сарын 15-ны өдөр, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд барилгачин, жолоочоор, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолоочоор тус тус ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буурал овогт Анандын Шарайгол /ДЕ56020115/ нь 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 дугаар сарын 15-ны өдөр, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд барилгачин, жолоочоор, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэлд жолоочоор тус тус ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ