Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 94

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-32 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ68122600, Саарал овогт Баастын Отгонтуяагийн,

            Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 10 дугаар сарын  27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 оны 2 дугаар сарын 15-нд Увс аймгийн Чандмань сумын Хархираа багт хөдөө төрсөн. Аав ээж маань хөдөөний малчид учраас ууланд өвөлждөг байсан учир намайг төрөхөд бүртгүүлж чадахгүй байсаар зун нь сумын төв орсон хүнд гуйж бүртгүүлснийг тухайн хүн нь таамгаар нэр өгч Заяа, эрэгтэй гэж бүртгүүлсэн байдаг. Намайг Заяа гэж бүртгүүлсэн учир Б.Отгонтуяа нэрээр төрсний бүртгэлийн лавлагаа гарч ирэхгүй байна. Би айлын бага хүүхэд учраас ээж аав сургуульд оруулахгүй гэж насыг дарж 10 настайд нь оруулсан гэж хэлж байсан. Одоо миний бичиг баримтууд 1968 онд төрснөөр буруу бүртгэлтэй байдаг. Иймд намайг 1966 оны 2 дугаар сарын 15-нд Увс аймгийн Чандмань /одоогийн Улаангом/ суманд төрснийг сэргээн тогтоож өгнө үү. Намайг 1966 онд төрснийг сайн мэдэх эгч Б.Туяа, Б.Пүрэвжав нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Отгонтуяа нь 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

            Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр 1 дүгээр сарын 24-ний өдрийн 108/000348 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд: “Саарал овогт Баастын Отгонтуяагийн төрөлтийг шүүж үзэхэд 1964-1968 онуудын төрөлтийн бүртгэлд төрөлт нь бүртгэгдээгүй байна” гэжээ.

          Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 108/001590 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд: “Занын Бааст, Баатарын Моголцог нарын гэр бүлд Б.Заяа нь 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрснийг 1966 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ. 

         Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 108/001594,  108/001592, 108/001593 дугаар төрсний бүртгэлийн лавлагаануудад: “Баастын Батнасан 1959 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Баастын Батбуян 1964 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, Баастын Туяа 1961 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Чандмань суманд төрснийг бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.  

         Түүнчлэн 1955 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Баастын Ганхуягийн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт авагдсан байна.   

       - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар  сарын 28-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд: “Б.Отгонтуяа нь 47-52 настай байх боломжтой” гэжээ. 

        Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Туяа, Б.Пүрэвжав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Туяа “Миний дүү Б.Отгонтуяа нь 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Манай аавыг Бааст, ээжийг Моголцог гэдэг байсан ба Б.Отгонтуяа нь миний 3 дахь дүү юм. Бид нар ах дүү 6-лаа бөгөөд 2, 2  насны зөрөөтэй ба 2 ихэр дүү нар л 3 насны зөрөөтэй. Б.Отгонтуяа айлын бага хүүхэд бөгөөд Б.Отгонтуяагийн өмнө Б.Батсүх, Б.Батбуян гэх хоёр ихэр 1964 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Б.Отгонтуяаг 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсний дараа аав ээж хоёр сумын төв рүү орсон хүнд Б.Отгонтуяаг бүртгүүлээрэй гэж хэлэхэд тэр хүн нь Заяа, эрэгтэй гэж таамгаар бүртгүүлсэн байсан гэсэн. Тухайн үед манай аав, ээж мал малладаг хөдөөний хүмүүс байсан учраас Б.Отгонтуяаг сургуульд оруулахдаа 10 настай байхад нь насыг нь дарж 8 настай болгож оруулж байсан. Тэгэхгүй бол нас нь оройтож сургуульд орвол тухайн үед торгууль төлдөг байсан гэсэн. Тиймээс насыг нь дарж 8 болгож оруулсан гэж байсан” гэх, гэрч Б.Пүрэвжав “Манай аавыг Бааст, ээжийг Моголцог гэдэг. Бид нар ах дүү 6-уулаа бөгөөд Б.Отгонтуяа нь миний 4 дэх дүү бөгөөд айлын бага хүүхэд юм. Б.Отгонтуяа нь 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дээр үед Чандмань суманд харьяалагдаж байсан Хархираа, Түргэний хар үзүүр гэх газар төрж байсан.  Б.Отгонтуяаг төрөхөөс өмнө Б.Батсүх, Б.Батбуян гэх хоёр ихэр дүү маань 1964 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Б.Отгонтуяаг 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсний дараа аав, ээж хоёр сумын төв рүү орсон хүнд Б.Отгонтуяаг бүртгүүлээрэй гэж хэлэхэд тэр хүн нь Заяа, эрэгтэй гэж таамгаар бүртгүүлсэн байсан талаар аав ээж хэлж байсан. Ээж маань 2009 онд 85 насандаа бурхан болсон бөгөөд амьд байхдаа Б.Отгонтуяагийн насыг дарж бүртгүүлсэн, насын зөвтгүүлэх талаар Б.Отгонтуяад хэлж, захиж байсан. Улсын бүртгэлийн лавлагаагаар миний нэрийг хүртэл Батнасан гэж буруу бүртгэсэн байсан. Мөн оныг хүртэл 1959 он гэж буруу бүртгэсэн байгаа” гэх мэдүүлгүүдийг шүүхэд өгчээ.

            Б.Отгонтуяаг бүртгүүлэхдээ “Заяа” гэдэг нэрээр бүртгүүлсэн болох нь гэрч Б.Туяа, Б.Пүрэвжав нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

     Түүнчлэн 1964-1968 онуудад Б.Отгонтуяа нэрээр түүний төрөлтийн бүртгэл бүртгэгдээгүй, нэхэмжлэгч нь ах дүү 6-уулаа бөгөөд түүний ах, эгч нарын төрсөн онтой Б.Отгонтуяагийн төрсөн он давхцахгүй байх тул Баастын Заяа нэртэй төрсний бүртгэлийн лавлагааг Б.Отгонтуяагийнх гэж үзэх үндэслэлтэй.

          З.Бааст, Б.Моголцог нарын гэр бүлд Баастын Отгонтуяа нь 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 108/001590 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 тоот дүгнэлт, гэрч Б.Туяа, Б.Пүрэвжав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Саарал овогт Баастын Отгонтуяаг 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Саарал овогт Баастын Отгонтуяаг 1966 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн болохыг тогтоосугай.  

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ