Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

2020           05          04                                   2020/ШЦТ/419      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Д.Агар,                                         

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2003000430086 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын цахилгааны механик мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-нд гүнийн уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эгчийн гэр бүлийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 хороолол, 16 байр 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Орхон аймаг Бор-Өндөр баг ПДУ-н 3-13 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны 19 цаг 30 минутын орчимд өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Номин“ их дэлгүүрийн баруун замд 94-91 УБТ улсын дугаартай “Тоуоta Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэснийг зөрчсөний явган зорчигч М.Сансармааг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2003000430086 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би хөдлөөд төв зам руу ороод 300 орчим метр газар явж байхад машины зүүн талаар гэнэт нэг хүн гараад ирсэн. Би тэр хүнийг мөргөөд зогссон. Би өөрөө шоконд ороод машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очтол араас цагдаа нар ирсэн. Би Анхбаярын гэрийн үүд буюу Салхитаас 7-н буудлын номын их дэлгүүрийн харалдаа хүртэл согтуугаар машинаа барьсан. Би явган зорчигчийг хараад тормосоо гишгээд баруун гар тийш дараад нэгдүгээр эгнээн дээр очоод зогссон. Би Сансармаагийн эмчилгээний зардалд нийт 2.040.000 төгрөгийг өгсөн. Эмчилгээний 2 сая төгрөгөөс гадна 7.000.000 гаран төгрөг нэхээд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

 

Хохирогч М.Сансармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг 7 буудлын эцсээс хойшоо байдаг нүүрс борлуулах цэг дээрээс тараад орлогоо өгчихөөд гэрлүүгээ харих замдаа замын эсрэг талд байдаг дэлгүүр буцаад зам гарах гээд Номин худалдааны төвийн зүг явж байтал хойд зүгээс нэг машин ирээд намайг мөргөсөн байх. Тэгээд 2 хоногийн дараа гэмтэлд сэрсэн. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 9-15, 18-23 дугаар хуудас/,

 

Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэлд “...тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх 1 ширхэг зэргийг хураан авав...” гэжээ /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Prius 20 маркын 9491 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Быг драйгер багаж ашиглан шалгахад 2.46% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Анхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Баянзул “өнөөдөр ууя, миний машиныг бариад өг” гэж хэлсэн. Би Баянзулд машин барихгүй гэдгээ хэлсэн. Машинд нь Баянзул бид хоёр 6 лаазтай пиво ууцгаасан. Орой 18 цагийн орчим Баянзулын машиныг манай ажлын Ариунбаяр гэх хүнээр бариулаад эхлээд 10 ширхэг лаазтай пиво аваад манай гэр рүү буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд Салхит руу явсан. Баянзул бид 2 тухайн үед дэлгүүрээс авсан пивоо уугаад явсан. Гэрийн гадаа очоод би түрүүлж буугаад 00-руугаа орохдоо наад гүйдэг хаалгаа онгойлгоод машиныг нь оруул гэж хэлсэн. Гэтэл Ариунбаярыг хаалга онгойлгох хооронд Баянзул нь өөрөө машинаа унаад хөдөлсөн байсан. Би гарч ирээд Баянзулыг эргээд ирэх байх гээд 5 минут хүлээж зогссон боловч Баянзул эргэж ирээгүй. Маргааш өглөө нь Баянзул эрүүлжүүлэхээс хүний утсаар над руу баригдсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Мягмаржав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай эхнэр Сансармаа гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмч нар 6 сарын дэглэм барь гэж хэлсэн. Сансармаагийн зүүн хөлний хавдар буугаагүй вений судас нь бөглөрөлтэй гэсэн. Одоогоор 3 дугаар эмнэлэгийн зүрх судасны эмчийн хяналтанд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Чинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тоёота приус 20 маркийн машин аваараа татсан замын 1, 2 дугаар эгнээний гол хэсэгт урагшаа харсан байдалтай зогсож байсан. Би машинаасаа буугаад очтол уг машин нэг эмэгтэй хүнийг мөргөсөн. Мөргүүлсэн хүн нь уг машины зүүн хойд талд 4-5 орчим метрийн зайд газарт хэвтэж байсан.Тэр эмэгтэй ухаангүй байхаар нь би өөрийн 80860130 дугаарын утсаар 102-т дуудлага өгсөн. Надтай хамт явсан офицер 103-т дуудлага өгсөн байх. 103 удаагүй ирээд эмэгтэйг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1152 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. М.Сансармаагийн биед нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний чацархай няцрал, нойр булчирхайн няцрал, тархины зүүн талд аалзан хальсны дээр цус харвалт, тархины баруун талд чамархайн дэлбэнгийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д ба 3.1.3-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Уг автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн баруун гар талын их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Салхины шил цөмөрч цацарч хагарсан, капот 50x50 хмжээтэй хонхойсон, урд буфер хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
  2. Салхины шил цөмөрч цацарч хагарсан, капот 50x50 хмжээтэй хонхойсон, урд буфер хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
  3. Салхины шил цөмөрч цацарч хагарсан, капот 50x50 хмжээтэй хонхойсон, урд буфер хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Тухайн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаа газар шинжээчийн №56 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Тоуоta prius-20 маркийн 94-91 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.7. дэх заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3. дахь заал “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч М.Сансармаа нь МУ-ын ЗХД-ийн 5.12. дахь заалт “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Өвчний түүх /хх-ийн 98-113 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 115-129 дүгээр хуудас/,

 

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 145-146 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 147 дугаар хуудас/,

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 152 дугаар хуудас/,

 

Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 153-162 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Н.Туяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хохирогч М.Сансармаагийн биед нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний чацархай няцрал нойр булчирхайн няцрал, тархины зүүн талд аалзан хальсны дээр цус хуралт, тархины баруун талд чамархайн дэлбэнгийн цусан хураа гэмтлүүдээс болж зүүн хөлөнд венийн судасны бөглөрөл үүсэх боломжтой юу гэсэн асуултанд гэмтлийн эмнэлгийн өвчний түүхэнд тусгагдаагүй мөн өөрсдөө ямар нэг өөр эмнэлгийн дүгнэлт авчраагүй тул хариулах боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 165-166 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Төрболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Уг бичлэгт хохирогч эмэгтэй Бүрэн плаза төвийн баруун замаар зам хөндлөн гарахдаа чигээрээ гараагүй баруун урагшаагаа ташуу гарч яваад хойноосоо урагшаа чиглэсэн 2 эгнээ замын 1 болон 2 дугаар эгнээний гол хэсэгт машин ирдэг зүг рүү ерөөсөө харахгүйгээр явж байхад нь араас нь Тоёота приус маркын машин ирээд түүнийг мөргөөд газарт унагаж байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 167 дугаар хуудас/,

 

Гэрч М.Мандахгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би уг бичлэгийг үзсэн. Бичлэгт замын хөдөлгөөн ерөнхийдөө бага байсан. Мөргүүлсэн эмэгтэй нь найгасан байдалтай тэр замыг тэс хөндлөн гараад явж байсан. Гэтэл хойд талаас нэг машин ирээд эмэгтэйг мөргөөд хол шидээд унаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 167 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70 дугаар хуудас/, RJE Mongolia LLC-ийн тодорхойлолт /хх-ийн 144 дүгээр хуудас/, гэрч Т.Учралын мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Ц.Ууганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 149-150 / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Номин“ их дэлгүүрийн баруун замд 94-91 УБТ улсын дугаартай “Тоуоtа Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Сансармаагийн мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

- Хохирогч М.Сансармаагийн мэдүүлэг,

 

- Гэрч Ш.Анхбаяр, Э.Төрболд, М.Мандахгэрэл нарын мэдүүлэг,

             

              - Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

 

              - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1152 дугаартай дүгнэлт /М.Сансармаагийн биед шинжилгээ хийж хүнд гэмтэл учирсан талаар/,

 

  • Тээврийн цагдаагийн албаны №56 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

  • “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

              - Өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Б.Б “Toyota prius-20” маркийн 94-91 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч М.Сансармааг мөргөж гэмтээсэн болохыг хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар, хохирогчид хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Б.Бын үйлдэл нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр атлаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцож, тухайн явган хүн зорчиж байхад тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 а, 12 дугаар зүйлийн 12.3-т заасан заалтуудыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Сансармаад 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж цаашид 4.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар түүнтэй эвлэрч төлбөр барагдуулах гэрээ байгуулж эрх бүхий этгээдээр баталгаажуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг хохирогч М.Сансармаагийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 100-101/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хохирогчоос нэхэмжилсэн баримтын хүрээнд төлөх төлбөргүй боловч хохирогчоос цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй.   

 

Харин М.Сансармаа нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нэхэмжилсэн баримтаар учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн гэм буруутай шууд үйлдэл байхаас гадна гэмт хэрэг гарахад хохирогчоос явган хүний гарц, гарамгүй хэсгээр зорчсон байдал нөлөөлснийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Б нь согтуурч улмаар замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй, хохирогчоос явган хүний гарц, гарамгүй хэсгээр зорчсон байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураагдсан Б.Бын №683960 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

        

         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Быг тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль, зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэх, мөн хууль зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн баримтаар хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

8. Хэрэгт хураагдсан Б.Бын №683960 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН