Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 96

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрээцэцг би,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Мянган багт оршин суух, 1935 онд төрсөн, 82 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОМ35090513, Бурд овогт Нооноогийн Охины нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, Шаваа овогт Идэшийн Норовт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Н.Охин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр И.Норов нь 100.000 төгрөг зээлдээч, тэтгэвэр буухаар өгнө гэсэн тул 100.000 төгрөг зээлдсэн. Мөнгөө нэхэхэд худлаа хэлээд өгөхгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 10-нд би мал хариулж явтал хээр 5 хүн архи ууж байсан ба Норов намайг дуудахад нь би очоогүй. Гэтэл И.Норов согтуу гүйж ирээд намайг мориноос татаж буулгаад зодсон. Гэртээ ирээд сумын цагдаад мэдэгдэхэд арга хэмжээ аваагүй. Иймд И.Норовоос 100.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг гаргуулж өгнө үү”  гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзан шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд И.Норовоос 100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч И.Норов нь уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

             Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Н.Охин нь хариуцагч И.Норовоос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Норов нь нэхэмжлэгч Н.Охины нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч И.Норов нь нэхэмжлэгч Н.Охины нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч И.Норовоос 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Охинд олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Н.Охины зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 100.000 /нэг зуун мянга/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Норов биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагч И.Норовоос 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Охинд олгож, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ