| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00854/И |
| Дугаар | 99 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 99
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-50 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ81112000, Баавшууд овогт Адилбишийн Чулуундарийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 22-02 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ82102774, Зуутраг овогт Сэсээрийн Мөнхбатад холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Чулуундарь, хариуцагч С.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Чулуундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн С.Мөнхбаттай тохиролцон Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 16 айлын байрны, 1 давхрын 01 тоот, 28.9 м.кв 1 өрөө орон сууцыг 28.900.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар болж гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Ингээд би гэрээний дагуу орон сууцны үнэ болох 28.900.000 төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан болно. Гэтэл С.Мөнхбат нь одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох байрны өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Уулзаад байрны ордер гаргаж өг гэхэд “За, удахгүй гаргаж өгнө, түр хүлээж бай” гэж хүлээлгэсээр өнөөдрийг хүрлээ. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр уулзахад “байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 9 дүгээр сард багтаан гаргаж өгнө” гэж тодорхойлолт хийж нотариатаар гэрчлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөлгүй зугатаасаар байна. Одоо би С.Мөнхбатаас худалдаж авсан байр болох Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 16 айлын байрны 1 давхрын 01 тоотод амьдарч байна. Хэдий байрандаа амьдарч байгаа ч хуулийн дагуу тус байрны албан ёсны өмчлөгч болоогүй тул С.Мөнхбатаас гэрээний дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж миний нэр дээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь А.Чулуундарьтай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1 өрөө 28.9 м.кв байрыг зарсан нь үнэн. Төлбөрийг м.кв нь 1.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Одоогоор тооцоо дахин тулгаагүй бөгөөд төлбөрийг ямар хэлбэрээр хэрхэн хийж байсныг А.Чулуундарь өөрөө мэдэж байгаа. Миний бие нь хамтарч ажиллаж залилуулсан хүнтэйгээ шүүхийн асуудалтай байгаа болохоор уг байрны ордер гаргахыг зогсоочихсон байгаа болно” гэжээ.
Нэхэмжлэгч А.Чулуундарь, хариуцагч С.Мөнхбат нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “С.Мөнхбат, А.Чулуундарь бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж 28.9 м.кв, 1 өрөө байрыг 1 м.кв нь 1.000.000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Бидний хооронд байрны төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлж барагдуулсан нь үнэн болно. Иймд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрах хорооллын 22 байрны 1 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Чулуундарийн нэр дээр гаргуулж өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Чулуундарь нь хариуцагч С.Мөнхбатад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид нь “Байрны төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлж барагдуулсан тул Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрах хорооллын 22 байрны 1 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Чулуундарийн нэр дээр гаргуулж өгөхөөр” тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан байх тул Төрийн сангийн 15000941 тоот данснаас 35.100 төгрөг, хариуцагч С.Мөнхбатаас 35.100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Чулуундарьт олгож, 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Чулуундарь, хариуцагч С.Мөнхбат нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, “байрны төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлж барагдуулсан тул Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрах хорооллын 22 байрны 1 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Чулуундарийн нэр дээр гаргуулж өгөхөөр” зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар Төрийн сангийн 15000941 тоот данснаас 35.100 төгрөг, хариуцагч С.Мөнхбатаас 35.100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Чулуундарьт олгож, 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ