| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0318/Э |
| Дугаар | 348 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Н.Т |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Б-д холбогдох эрүүгийн 1909044620206 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НЬ86011893 / Боржигон овогт Ж.Б нь:
- 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хойд эцэг Л.Жаргалсайханы толгойн тус газар нь цохиж зодсон, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө тус тус төрсөн эх Ч.Цэрэнлхамд агсам согтуу тавьж гэрээс нь хөөсөн, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Л.Жаргалсайханыг өшиглөж цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай өөрийн төрсөн эх Ч.Цэрэнлхам, хойд эцэг Л.Жаргалсайхан нарт байнга агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.Цэрэнлхам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний хүү болох Ж.Бнь 9 жил архи ууж байгаа бөгөөд сүүлийн 1 жилийн хугацаанд 3 удаа дараалан ар гэртээ архи ууж агсам согтуу тавьж, аавынхаа толгой тархийг хагалж хэцүү байдалтай байлгаж байна. Архи уух болгондоо 1000 төгрөг өг гээд мөнгө байхгүй гэхээр янз бүрийн ааш араншин гаргаад дийлдэхгүй хэцүү байдаг юм. 2019 оны 08 дугаар сараас 11 дүгээр cap хүртэл 3 удаа баривчлагдсан. Одоо энэ хүнээс залхаж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ. / хх 16-17 /
Хохирогч Л.Жаргалсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний хүү болох Ж.Бнь өнгөрсөн жилээс эхлэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, гэр орондоо өдөр болгон согтуу ирдэг болсон. Тэгээд тэр талаар хэлэхээр надтай муудалцаад сүүлдээ надад гар хүрдэг болсон юм. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтуу гэрт орж ирээд хэвтээд байхаар нь би “Гарч ажил төрөл олж хийгээч чи” гэж хэлсэн чинь “Танд ямар хамаатай юм” гэж хэлээд над руу аяга авч шидээд миний толгойны зүүн чихний дээд хэсэгт онож хагарч, оёдол тавиулж байсан. Тэр шалтгааны улмаас баривчилгаанд явсан. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ бас согтуу орж ирсэн бөгөөд ээж Ч.Цэрэнлхамтай маргалдаад агсам согтуу тавиад байж сууж чадахын аргагүй болоод цагдаа дуудаж бас баривчлагдсан гэжээ. / хх 21-22 /
Гэрч Ж.Мөнхсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ах Ж.Бнь архи уух болгондоо худлаа яриад гэрийн эд зүйлийг ломбардаад байдаг. Тэгээд энд тавьсан тэнд тавьсан ломбарднуудаа зааж өгдөг гэжээ. / хх 26-27 /
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 620, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 665, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 802 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулсан шийтгэврүүд / хх 41-49 /
Ж.Б-ы хувийн мэдээлэл / хх 41-46 /
Шүүгдэгч Ж.Б-ыг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-5 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 35 / зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ ирээд агсам согтуу тавьдаг нь үнэн. Хойд эцэг Жаргалсайхан байнга хөөж туудаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2016 онд эхнэр, хүүхдээсээ салаад архи уух болсон. Би архи уухаараа их тавьтаргүй зантай. 2019 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 3 удаа баривчлагдсан гэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хойд эцэг Л.Жаргалсайханы толгойн тус газар нь цохиж зодсон, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө тус тус төрсөн эх Ч.Цэрэнлхамд агсам согтуу тавьж гэрээс нь хөөсөн, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Л.Жаргалсайханыг өшиглөж цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай өөрийн төрсөн эх Ч.Цэрэнлхам, хойд эцэг Л.Жаргалсайхан нарт байнга агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Миний хүү болох Ж.Бнь 9 жил архи ууж байгаа бөгөөд ар гэртээ архи ууж, агсам согтуу тавьж аавынхаа толгой тархийг хагалж хэцүү байдалтай байлгаж байна. Архи уух болгондоо янз бүрийн ааш араншин гаргаад дийлдэхгүй хэцүү байдаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Цэрэнлхамын мэдүүлэг / хх 16-17 /, ...Миний хүү Ж.Бнь өнгөрсөн жилээс эхлэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, гэр орондоо өдөр болгон согтуу ирдэг болсон. Тэгээд тэр талаар хэлэхээр надтай муудалцаад сүүлдээ надад гар хүрдэг болсон . Согтуу гэрт орж ирээд хэвтээд байхаар нь би “Гарч ажил төрөл олж хийгээч чи” гэж хэлсэн чинь над руу аяга авч шидээд тэр нь миний толгойны зүүн чихний дээд хэсэгт онож хагарч оёдол тавиулж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Жаргалсайханы мэдүүлэг / хх 21-22 /, ...Ах Ж.Бнь архи уух болгондоо худлаа яриад гэрийн эд зүйлийг ломбардаад байдаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Мөнхсайханы мэдүүлэг / хх 26-27 /, ...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 620, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 665, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 802 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулсан шийтгэврүүд / хх 41-49 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б-ыг ахмад настай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч нар нь өндөр настай бөгөөд тэдгээрийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулж, удаа дараа эрх чөлөөнд нь халдаж байсан, мөн архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй дурьдаж, түүний цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Б-ыг ахмад настай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Б-ы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Б-ы цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ