Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 349

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Т.Ц,

Хохирогч А.Алтан-Од нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-н Ц-т холбогдох эрүүгийн 2009002430179 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөл 2-1 тоотод оршин суух,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 299 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ФА84041032/ Боржигон овогт Т-н Ц нь:

 

- 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Гэрэл” төвийн замын эсрэг талд байрлах вагончик дотор хохирогч А.Алтан-Одыг “нүүрэн тус газар цохилоо” гэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Алтан-Од мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 сарын 08-ны өдрийн 17 цаг өнгөрч байх үед би согтуу, найзынхаа ажил буюу Гэрэл төвийн эсрэг талын цэнхэр өнгийн вагончигт очтол найз Ёндонгийн эхнэр Хонгор болон танихгүй 3 хүн байсан. Тэгээд найз байхгүй болохоор хүлээгээд сууж байтал унтчихсан байсан. Тэгтэл нэг хүн үснээс татаад “Энэ хэн бэ” гэхээр нь би нойрмог байсан учраас эсэргүүцээд гараараа нэг удаа шанаа хэсэг рүү нь цохьсон. Тэгтэл тэр эрэгтэй миний 2 шанаа руу 4 удаа гараараа цохиод заамдаж байгаад намайг татаад мөргөсөн. Тэгтэл бид 2 давхралдаж унаад би доор нь тенэн дээр унасан гэжээ.  / х х 4 /

 

Хохирогч А.Алтан-Од мөрдөн шалгалтын явцад дахин мэдүүлэхдээ: ...Би нэг удаа гараараа баруун шанаа хэсэгт нь биеэ хамгаалж цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг Т.Ц нь 4-5 удаа гараараа цохиж зодож, мөргөсөн. Өнөөдрийн байдлаар 1-р эмнэлэгт хамрын таславч эмчилсэн 120.000 төгрөг, толгойн томаграф зураг авахуулсан. 110.000 төгрөгийг нийт 330.000 мянган төгрөгний эмчилгээний баримт байна гэжээ. / хх 5 /

 

Яллагдагч Т.Ц хохирогчоор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Буйдан дээр нэг хүн доошоо хараад хэвтэж байхаар нь зүс таних Бэлдээ ах шиг харагдахаар нь “Мөн юм болов уу. Биш юм болов уу” гээд гадуур хувцасных нь захыг холдуулаад хартал өөр хүн байсан. Тэгэхээр нь танихгүй хүн байна гэж хэлчихээд буруу хараад зогсож байтал буйдан дээр хэвтэж байсан хүн шууд босож ирээд баруун талын нүд, чамархай хэсэг рүү гараараа цохьсон. Тэгтэл миний нүдэнд оч манараад юу болж байна гээд эргээд хартал буйдан дээр хэвтэж байсан залуу намайг цохьсон байсан. Би “Яаж байгаа юм” гэж хэлээд заамдаж автал нөгөө залуу зөрүүлээд намайг заамдаж аваад “Давраад байгаарай. Муу мангар бацаан минь” гэж хэлээд миний зүүн талын шанаа чамархай хэсэгт цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл нөгөө залуу намайг дахиж нэг цохихоор нь би зөрүүлээд хавирч газар унагаагаад хоёулаа газар унасан гэжээ. / хх 10-11 /

 

Гэрч Ч.Ундрахбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед шиг санаж байна ажлаа хийгээд байж байтал Ёндонжамцын эхнэр Хонгорзул явахдаа “Манай вагончикийг хаачихаарай” гэхээр нь Хонгорзулыг явсны дараа хамт ажилладаг Амартүвшиний хамт Ёндонжамцийн вагончиг дотор орох үед үл таних эрэгтэй хүн буйдан дээр доошоо хараад унтаж байсан. Тэгэхээр нь тэр хүн дээр очоод “Босоорой. Хаалаа шүү” гэж хэлэх үед сэрээгүй. Ингээд тухайн хүнийг сэрээх гээд байж байтал гаднаас Т.Ц, “Ундрах ах аа. Тантай нэг хүн ярья” гэж хэлээд утсаа надад өгсөн. Би Цэнд-Очирын гар утсаар хүнтэй яриад буруу хараад пийшинд гараа ээгээд нэг гараараа утас бариад зогсож байтал ар талд тас няс хийгээд хүмүүс хоорондоо цохилцоод авах шиг болсон. Тэгэхээр нь эргээд хартал Т.Ц А.Алтан-Од 2 хоёр биенээ заамдаад авчихсан зогсож байхаар нь очоод салгах гэтэл хоёулаа ханараад пийшингийн суурь өрөм хоёрын голоор газарт унасан. Тэгэхээр нь тэр хоёрыг босгоод гарцгаа гээд хөөж гаргачихаад шалан дээр дуссан цусыг арчаад ванчинкоо түгжээд гараад явсан гэжээ. / хх 12-13 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1287 дугаар дүгнэлтэнд:

1. А.Алтан-Одын биед хамрын ясны хугарал, зовхины арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 16 /

 

                Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Зүүн талын нүдний ухархайн дотор хана 2.3 см хэсэгт этмойд хөндий рүү 0.5 см хүртэл хэмжээтэй цөмөрсөн хугаралтай гэсэн дээрх хэсгийг би дүгнэлтэндээ орхиод биччихжээ. Уг гэмтэл нь мөн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Эдгээр гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхийдөө ухархайн ясны цөмрөл нь дүгнэлтэд заагдсан бусад гэмтлүүдтэй нийлэхэд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 25 /

 

                Яллагдагч Т.Ц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...”Яадаг муу мангар пацаан бэ” гэж хэлээд миний зүүн хацар, нүд орчмоор гараараа 1-2 удаа цохьсон ба би тэр залуугийн хамар хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би тэр залууг түлхтэл бид 2 давхралдаад тэр залуу миний доор дээшээ харж унасан гэжээ.  / хх 31-33 /

 

Шүүгдэгч Т.Ц-ыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 31-33 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 35 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болчимгүй зангаасаа болж гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 230.000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

 Хохирогч А.Алтан-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байсан. Найз Ёндонтой уулзах гээд ажил дээр очсон. Орох үед Ёндон байхгүй эхнэр Хонгороо нь байсан. Шөнө 3 цаг өнгөрсөн байсан. Ёндон удахгүй ирнэ гэхээр нь би хүлээсэн. Би урт вандан дээр сууж хүлээж байгаад унтсан байсан. Унтаж байхад нэг хүн миний үснээс татаад “Энэ хэн бэ” гэсэн. Миний үснээс татахаар нь би баруун гараараа баруун талын шанаанд нь нэг цохьсон. Цэнд-Очир миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохьсон. Намайг заамдаж байгаад өөр рүүгээ  татаад 1 удаа миний хамар руу мөргөсөн. Би хамраа дараад доошоо суусан. Цэнд-Очир гараад явсан. Би үүдээр нь гараад 102 руу дуудлага өгсөн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрсөн. Хамрын хугарлын зардал, томограф авахуулсан төлбөр болох 230.000 төгрөг авсан. Нүдний ухархайн яс цөмөрсөн гэх дүгнэлт гарсан. Бохир орох аюултай тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Эмнэлгийн байгууллага түрүүлж баримт өгөхгүй тул надад эмчилгээний зардал нэхэмжлэх баримт байхгүй. Надад одоогоор эрхэлсэн ажил байхгүй. Би мөнгөгүй тул эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна. Орбита эмнэлэг дээр очоод нүдний хагалгааны зардал болон ор хоног нийт 3.500.000 төгрөг болно гэсэн. Нүдний ухархайны хагалгаа хийлгэх зардлаа нэхэмжилж байна. Өөр гомдол саналгүй гэв. гэв.

Шүүгдэгч Т.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Гэрэл” төвийн замын эсрэг талд байрлах вагончик дотор хохирогч А.Алтан-Одыг “нүүрэн тус газар цохилоо” гэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Нэг хүн үснээс татаад “Энэ хэн бэ” гэхээр нь би нойрмог байсан учраас эсэргүүцээд гараараа нэг удаа шанаа хэсэг рүү нь цохьсон. Тэгтэл тэр эрэгтэй миний 2 талын шанаа руу 4 удаа гараараа цохиод заамдаж байгаад намайг татаад мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Алтан-Одын мэдүүлэг / хх 4 /, ... Вагончик дотор орох үед үл таних эрэгтэй хүн буйдан дээр доошоо хараад унтаж байсан. Тэгэхээр нь тухайн хүн дээр очоод “Босоорой. Хаалаа шүү” гэж хэлэх үед сэрээгүй. Гаднаас Т.Ц, “Ундрах ах аа. Тантай нэг хүн ярья” гэнэ гэж хэлээд утсаа надад өгсөн. Би Цэнд-Очирын гар утсаар хүнтэй яриад буруу хараад пийшинд гараа ээгээд нэг гараараа утас бариад зогсож байтал ар талд тас няс хийгээд хүмүүс хоорондоо цохилцоод авах шиг болсон. Тэгэхээр нь эргээд хартал Т.Ц А.Алтан-Од 2,  хоёр биенээ заамдаад авчихсан зогсож байхаар нь очоод салгах гэтэл хоёулаа ханараад пийшингийн суурь өрөм хоёрын голоор ороод газар унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Ундрахбаярын мэдүүлэг / хх 12-13 /, ...А.Алтан-Одын биед хамрын ясны хугарал, зовхины арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1287 дугаар дүгнэлт / хх 16 /, ...ухархайн ясны цөмрөл нь дүгнэлтэд заагдсан бусад гэмтлүүдтэй нийлэхэд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй хөнгөн зэрэгт хамаарна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг / хх 25 /, ......”Яадаг муу мангар пацаан бэ” гэж хэлээд миний зүүн хацар, нүд орчмоор гараараа 1-2 удаа цохьсон ба би тэр залуугийн хамар хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би тэр залууг түлхтэл бид 2 давхралдаад тэр залуу миний доор дээшээ харж унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Цын мэдүүлэг / хх 31-33 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шинжээчийн дүгнэлтэнд зүүн талын нүдний дотор хана 2.3 см хэсэгт этмонд хөндий рүү 0.5 см хүртэл хэмжээтэй цөмөрсөн хугаралтэй гэж тэмдэглэгдсэн. Энэ гэмтлийг шинжээчийн дүгнэлтийн хэсэгтээ орхигдуулсан талаар шинжээч эмч Н.Энхцолмон / хх 26 / мэдүүлсэн байна. Дээрх гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа хохирогч А.Алтан-Од нь баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Ц-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хохирогч А.Алтан-Одыг / хх 65 / зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгосон болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Т-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон  зуу / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдан, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Т.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ