Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2017/00030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Авгачууд овогт Жимбээгийн Энхтайваны улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст зохих материалыг бүрдүүлж өгөхөд улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн. Миний бие Төв аймгийн Барилга угсралтын конторт 1974 оны 07 дугаар сарын 07-ноос 1977 оны 6 дугаар сарын 25-ныг  хүртэл норомчноор ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаад Төв аймгийн Архуст суманд Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан бодогчоор 1980 оны 12 дугаар сарын 04-нөөс 1985 оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл ажилласан. Дараа нь Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст татварын улсын байцаагчаар 1992 оны 01 дүгээр сарын 08-наас  1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажилласан. 1992 онд татвар нь санхүүгийн хэлтсийн нэг тасаг байснаа дараа нь татварын хэлтэс болж тусдаа гарсан. Улмаар 1994 оны 2 дугаар сард засаг  даргын тамгын газраас тусдаа бие даан татварын хэлтэс болж байгуулагдсан. Энэ талаарх тушаал бүгд хэрэгт байгаа. Би 1974, 1980 онд нээлгэсэн 2 хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага бий болсон. Би татварын байцаагчаар 1999 он хүртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас шалтгаалан групп тогтоолгосон. 1995.01.01-ний өдрөөс Нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэн учраас татварын байцаагчаар ажиллаж байсан байдлаа 1994 оныг дуустал тогтоолгохоор нэхэмжлэлээ гаргасан. Иймд хэрэгт хавсаргасан баримтад үндэслэн дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв.

          Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ж.Энхтайван нь 1974.07.19-ний өдрөөс 1977.06.30-ны өдөр хүртэл Төв аймгийн Барилга угсралтын конторт норомчноор, 1980.12.04-ний өдрөөс 1985.09.28-ны өдрийг хүртэл Төв аймгийн Архуст суманд Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан бодогчоор, 1992.01.08-ны өдрөөс 1992.09.30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст татварын улсын байцаагчаар, 1992.10.01-ний өдрөөс 1994.01.20-ны өдөр хүртэл Төв аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн хэлтэст татварын албаны улсын байцаагчаар, 1994.01.20-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал Төв аймгийн засаг даргын дэргэдэх татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Энхтайван нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа “өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм“ гэжээ.

Нэхэмжлэгч нь 1974, 1980 онд нээгдсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, нэхэмжлэгчийн 1994 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гараагүй байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.

Шүүх хүсэлтийг хангах  үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Ж.Энхтайван нь 1974.07.19-ний өдрөөс 1977.06.30-ны өдөр хүртэл Төв аймгийн Барилга угсралтын конторт норомчноор,  1980.12.04-ний өдрөөс 1985.09.28-ны өдрийг хүртэл  Төв аймгийн Архуст суманд Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан бодогчоор, 1992.01.08-ны өдрөөс 1992.09.30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст татварын улсын байцаагчаар, 1992.10.01-ний өдрөөс 1994.01.20-ны өдөр хүртэл Төв аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн хэлтэст татварын албаны улсын байцаагчаар, 1994.01.20-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал Төв аймгийн засаг даргын дэргэдэх татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар

- Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1974.07.19-ний  өдрийн 120 дугаартай ажилд томилох тухай тушаал, уг тушаалд “Дархан, Улаанбаатар хотын барилгын ТМС төгсөж ирсэн ажилчдыг 7 дугаар сарын 7-ны өдрөөс, 15-ны өдрийг хүртэл түр ажиллуулж, 7 дугаар сарын 15-ны өдрөөс заасан хувиараар бригад тус бүрт ажиллуулсугай. Хавсралтад Жалбаагийн бригадад Жимбээ овогтой Энхтайван” гэсэн байв,

- Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977.06.30-ны  өдрийн 86 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалд “1977 оны цэрэг татлагад тэнцсэн Ж.Энхтайваныг 1977 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн байв,

- Төв аймгийн Архивын тасгын 2016.12.12-ны өдрийн 970 дугаартай Барилга угсралтын конторын цалингийн түүвэр

- Төв аймгийн Архуст суманд Худалдаа бэлтгэлийн Удирдах газрын даргын 1980.12.04-ний өдрийн 98 дугаартай ажилд томилох тухай тушаал, уг тушаалд “Ж.Энхтайваныг Архуст сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор томилсугай ” гэсэн байв,

- Төв аймгийн Архуст суманд Худалдаа бэлтгэлийн Удирдах газрын даргын 1985.09.28-ны өдрийн 160 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, уг тушаалд  “Монгол Улсын их сургуульд суралцах болсон тул Жимбээ овогтой Энхтайваныг Архуст сумын Худалдаа бэлтгэлийн  ангийн ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байв,

-Төв аймгийн Архуст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016.12.19-ний өдрийн 06/159 дугаартай албан тоот,

- Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992.01.11-ний өдрийн 06 дугаартай ажилд авах тухай захирамж, уг захирамжинд “Аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст албан татварын улсын байцаагчаар Жимбээ овогтой Энхтайваныг 1992 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс ажиллуулсугай” гэсэн байв,

- Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992.09.30-ны өдрийн 101 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамж, уг захирамжинд  “Засаг даргын ажлын алба Тамгын газар байгуулагдах болсонтой холбогдуулан аймгийн гүйцэтгэх захиргаанд ажиллаж байсан хавсралтад дурдсан хүмүүсийг үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. Хасвралтад Ж.Энхтайван мэргэжилтэн” гэсэн байв,

-Төв аймгийн Засаг даргын 1992.10.15-ны өдрийн 19 дугаартай ажилд томилох тухай захирамж, уг захирамжинд  “Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн ажилтан нарыг 1 дүгээр хавсралтаар томилон ажиллуулсугай. Хавсралтад Жимбээ овогтой Энхтайван Санхүүгийн хэлтэс, татварын улсын байцаагчаар” гэсэн байв,

- Төв аймгийн Засаг даргын 1994.01.25-ны өдрийн 16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамж, уг захирамжинд  “Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс байгуулахтай холбогдуулан дор дурдсан ажилтнуудыг 1 дүгээр сарын 20-ны өдрөөс үүүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Жимбээ овогтой Энхтайван татварын улсын байцаагч” гэсэн байв,

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтсийн даргын 1994.02.10-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаал, уг тушаалд “Татварын улсын ахлах байцаагчаар Жимбээгийн Энхтайваныг 1994.01.20-ны өдрөөс авч ажиллуулсугай” гэсэн байв,

-Төв аймгийн Татварын хэлтсийн 2016.12.27-ны өдрийн 05/1612 тоот албан тоот,

-Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016.12.16-ны өдрийн 04/1742 тоот албан тоот,

- 1981 оны 12 дугаар сард олгосон Дурсгалын хүндэт үнэмлэхний хуулбар,

-1993.07.09-ний өдрийн Баярын бичгийн хуулбар,

-1999.06.21-ний өдрийн Төв аймгийн Татварын хэлтсийн ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, уг тушаалд  “Татварын улсын байцаагч Ж.Энхтайван нь биеийн эрүүл мэндийн байдлаас групп тогтоолгосон учир 1999 оны 06-р сарын 18-ны өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлсүгэй” гэсэн байв.

-Монгол Улсын Батлан хамгаалах яамны “Батлан хамгаалах төв архивын лавлагаа зэрэг нотлох баримтууд болно. 

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулинд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Авгачууд овогт Жимбээгийн Энхтайваныг 1974.07.19-ний өдрөөс 1977.06.30-ны өдөр хүртэл Төв аймгийн Барилга угсралтын конторт  норомчноор,  1980.12.04-ний өдрөөс 1985.09.28-ны өдрийг хүртэл Төв аймгийн Архуст суманд Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан бодогчоор, 1992.01.08-ны өдрөөс 1992.09.30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст  татварын улсын байцаагчаар, 1992.10.01-ний өдрөөс 1994.01.20-ны өдөр хүртэл Төв аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн хэлтэст татварын албаны улсын байцаагчаар, 1994.01.20-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал Төв аймгийн засаг даргын дэргэдэх татварын хэлтэст татварын улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ТУЯА