Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2018/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******-д холбогдох “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3214077 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 600.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2009 оноос Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******-ын 35 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг шүүхийн ажилтан хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 131/ШЗ2017/02026 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, захиргааны хэргийн шүүхээр харъяалан шийдвэрлэх маргааны төрөлд орно гэдгийг заасан ба Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хандсан. Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 176 тоот албан бичгээр “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хуралдааны ирц бүрдэхгүй байгаа тул 30 хүртэл хоногоор нэмж сунгаад, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 188 тоот албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т зааснаар энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасны дагуу манайд гомдлоо гаргаагүй учраас хянан хэлэлцэх боломжгүйг мэдэгдсэн тул иргэн миний бие Захирганы хэргийн анхан шатны шүүхэд “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 тоот тушаалыг хүчингүй болгох, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3214077 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 600.000 төгрөг гаргуулах, хотоос ирж буцсаны зардлын мөнгөө гаргуулахаар замын баримтуудаа өгсөн. Өмгөөллийн хөлс болох 600.000 төгрөг гаргуулахаас татгазлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний зүгээс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар *******-г ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ******* нь төрийн жинхэнэ албан хаагч учраас түүнийг ажлаас халах, болон чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Төрийн албаны тухай хуульд заагаагүй эрх зүйн байдлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт маргаж буй тушаал дээр байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах талаар зааж өгсөн. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад бодлогын чанартай ажил хийе гэсэн. Бодлогын чанартай үйл ажиллагаа явуулахаар байгаль орчны дотоод үйл ажиллагааг хариуцаж явуулах хүнд улсын байцаагчийн эрх олгож болно гэж журамд заасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Тамгын газрын даргын 35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгэх, замын зардлын үнэ болох 192.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “******* нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсныг дараах баримтуудаар нотлогдон, улсын байцаагчийн эрх нь цуцлагдсан.

Эрх цуцлагдсан нь Байгаль Орчны хяналтын улсын байцаагчийн ажил үүргийг гүйцэтгэж Байгаль орчныг хамгаалах болон холбогдох хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болсон учир ажлаас чөлөөлсөн. Аймгийн Засаг даргын 2016 оны А/630, А/636 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Аймгийн Засаг даргын 2017 оны А/35 дугаар захирамж, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 тоот тогтоолоор арга хэмжээ авахаар зааж, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны Б/59 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх нь цуцлагдсан.

Мөн 2017 оны 3 дугаар сараас эхлэн Загийн голын эхэнд алтны уурхай ажиллахаар ирж голын эх болон ай сав дагуу учир иргэд эсэргүүцэж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт уул уурхайн үйл ажиллагааг зогсоох хяналт шалгалт хийх, лацдахыг шаардаж байсан. Энэ үед Байгаль Орчны хяналтын улсын байцаагчийн эрхгүй учир орон нутгийн удирдлагуудаас арга хэмжээ авахад хүндрэл учирсан.

Мөн 2-р багийн нутагт гэрээ хэлцэл хийгээгүй уурхай үйл ажиллагаа явуулах өрөм тавих үйлдэл гаргаж үүнийг зогсоох зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд хяналт шалгалт хийх лацдах үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байсан.Мөн Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2007 оны 1/276 тоот бичигт Байгаль Орчны хяналтын улсын байцаагчийг нэн даруй томилохыг мэдэгдсэн.

******* нь улсын байцаагчийн эрхээ сэргээлгэхээр 7 хоногийн цалинтай чөлөө авч Улаанбаатар хот явсан. Мөн эрхээ сэргээлгэх хугацаа боломж олгохыг хүссэний дагуу эрх цуцлагдснаас хойш 2 сар ажиллуулсан.

Цаашид уул уурхайтай холбоотой асуудал их гарсан учир эрхгүй байцаагч ажиллуулах боломжгүй байсан. Өөр ажилд шилжүүлэх талаар эрж хайсан боловч орон тоо байгаагүй. Улсын байцаагчийн эрх сэргээгдэх эсэх талаар Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас лавлахад манай байгууллагаас эрх сэргээлгэх хүсэлт яваагүй учир эрх сэргээгдэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Байгаль орчны улсын байцаагчийн зарлагдсан ажлын байранд Төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн *******ыг Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилон, улсын байцаагчийн эрхээ аван ажиллаж байна.

Ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн нь тогтоогдсон дээрх шийдвэрүүдийг үндэслэн ажлаас хууль тогтоомжийн дагуу чөлөөлсөн болно.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие нь хариуцагч *******-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар тушаалд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхой дурдаж өгсөн. Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 5/59 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрхийг цуцалсан. Байгаль орчны улсын байцаагч тусгай эрх эдэлж түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. *******-гийн улсын байцаагчийн эрхийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан. Нөхөн сэргээлтийн ажил ямар явж байна гэдэг тал дээр шалгалт хийгээд ажлын хэсгийн дүгнэлт гарсан байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр хангалтгүй хийсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ тал дээр нэхэмжлэгч ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Сонсох ажиллагааг 2017 оны 4 сард сонсох ажиллагаа явуулсан байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж заасны дагуу Д *******-г ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжилж байгаа зардлын мөнгийг харъяаллын асуудлын харгалзан шүүх шийдэхийг хүсч байна. Ямар нэг нам улс төрийн зорилгоор нөлөөлсөн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдахгүй байна” гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2004-2005 онд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газрын даамлын албан тушаалд, 2005-2007 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2007 онд Төрийн албаны шалгалтанд орохдоо Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байран дээр орж тэнцээд Газрын даамлын албан тушаал тусдаа гарч энэ албан тушаалд 2007-2017 хүртэл зөрчил дутагдал гаргалгүй хууль дүрмийн дагуу ажилласан. 2017 оны 6 дугаар сарын 02-ноос Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон, улсын байцаагчийн эрхээ аван ажиллаж байна. Төрийн албанд нийт 14 жил ажиллаж байна.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд Байгаль орчны улсын байцаагчийн ажлын байран дээр орж тэнцсэн. Хөдөө аж ахуйн Их сургуулийг 2004 онд Экологич, Байгаль хамгаалагч мэргэжлээр төгссөн. Байгаль орчны чиглэлээр өмнө нь ажиллаж байсан дадлага туршлагатай. Улсын байцаагчийн эрхтэй зэрэг, ажлын байранд тавигдах шаардлага шалгуур үзүүлэлтийг ханган томилогдон ажиллаж байна.

Иймд цаашид энэ албан тушаалдаа ажиллах боломжтой тул ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.

******* нь төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орохдоо Байгаль хамгаалагчийн ажлын байранд орж тэнцээд байгаль хамгаалагч хийж байгаад Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шалгалтанд оролгүйгээр, тухайн үед Аймгийн Байгаль орчны газрын дарга нь хүргэн ах *******, сумын Засаг даргаар хадам дүү ******* нар ажиллаж байсан учир ах дүү, танил талаа ашиглан шууд дэвшин Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан боловч ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 600.000 төгрөгийг гаргуулах, замын зардал 192.500 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр “...хууль зүйн туслалцааны төлбөр 600.000 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын болон тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож хянан шийдвэрлэсэн болно.

Нэг. “Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар тушаалыг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

******* нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь 2017 оны 35 дугаар тушаалыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг үндэслэн ...сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хууль тогтоомж биелүүлээгүй нь Аймгийн Засаг даргын 2016 оны А/630, А/636 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Аймгийн Засаг даргын 2017 оны А/35 дугаар захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дугаар тогтоолоор тогтоогдон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 5/59 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх цуцлагдсан. Улсын байцаагчийн эрх цуцлагдсан нь Байгаль хамгаалах тухай хууль хэрэгжүүлэх, хяналт шалгалт хийх боломжгүй болсон тул *******г үүрэгт ажлаас нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс чөлөөлсүгэй... гэжээ.

Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь *******тай 2016 оны 2 сарын 01-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дүгнэж, 77,2 буюу “С” хангалттай үнэлгээ өгсөн, 2017 оны үр дүнгийн гэрээг 2017 оны 1 сарын 10-ны өдөр *******-тай байгуулсан байх ба уг гэрээг бүтэн жилээр тайлагнаж, дүгнэхээр гэрээнд заасан боловч гэрээ дүгнэх хугацаанаас өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *******-г ажлаас чөлөөлжээ. ******* нь 2017 оны 1 сарын 8-ны өдөр хийх ажлынхаа төлөвлөгөөг баталж, 1, 2, 3 сард хийсэн ажлынхаа тайлан, танилцуулгыг бичиж, Тамгын газрын дарга *******-д хянуулж байсан тухай баримтууд хэрэгт авагдсанаас харахад ажилласан хугацаандаа гэрээнд тусгагдсан тодорхой ажлыг гүйцэтгэжээ гэж үзэхээр байна.

Харин Аймгийн Засаг даргын 2016 оны А/630, А/636 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Аймгийн Засаг даргын 2017 оны А/35 дугаар захирамж зэргээр нэр бүхий сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын ажлыг шалгаж, хариуцлага тооцуулах саналыг Улсын мэргэжлийн хяналтын газар болон сумдын Засаг дарга нарт уламжлахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж, үүний дагуу Аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/88 дугаар албан бичгийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/59 дүгээр тушаалын хавсралтаар *******-гийн улсын байцаагчийн эрхийг цуцалжээ.

*******-гийн эрхэлж байсан байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаал нь тухайн ажлын байрны тодорхойлолтод тусгаснаар Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар төрийн захиргааны, 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж заасны дагуу ******* нь төрийн жинхэнэ албан хаагч юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол...”, мөн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-д “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” тохиолдолд төрийн албанаас чөлөөлөхөөр хуульчилсан байхад хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч *******-г ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж заасан нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажиллах чиг үүрэг, эрх хэмжээний ерөнхий заалт юм.

Харин Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч *******-г ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулиудын холбогдох заалтыг үндэслэх нь зүйд нийцэх байжээ.

Түүнчлэн Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 35 дугаар тушаалыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, тайлбар авах, шийдвэр гардуулалт хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах үйлдлийг хийгээгүй, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг шийдвэрлэхдээ Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, үндэслээгүй байна.

Иймд уг тушаал нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэж заасныг тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “...урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******-г төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу 8 сар 15 хоногийн нийт 5.676.894 /таван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Гурав. ...хууль зүйн туслалцаа авсны төлбөр 600.000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр “...хууль зүйн туслалцаа авсны төлбөр 600.000 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Дөрөв. ...замын зардал 192.500 төгрөг гаргуулах... шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр баг Залаа-Овоо гэх газар оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхээр нотлогддог бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...миний бие 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод түр амьдарч байгаа. Өндөр настай ээжийгээ хотод сахиж байгаа тул шүүх хуралдаанд оролцохоор Баянхонгор аймаг уруу ирж, буцсны замын зардалаа нэхэмжилж байна...” гэсэн тайлбар гаргасан. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******-г урьд эрхэлж байсан ажил болох Заг сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу 8 сар 15 хоногийн нийт 5.676.894 /таван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “...хууль зүйн туслалцаа авсны төлбөр 600.000 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Нэхэмжлэгчийн гаргасан “...замын зардал 192.500 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдсугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА