Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0038

 

                                                    

 

 

 

 

 

 

 

В.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182ШШ2016/00932 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.Төмөрцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 103 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.Төмөрцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Төмөрцэцэгт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкнаас 6 сарын хугацаатай, тэтгэвэрийн зээл авч 2 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Мөн би Д.Төмөрцэцэгт бараа заруулахаар өгсөн бөгөөд бөгөөд тооцооны үлдэгдэл 560 000 төгрөг үлдсэн төлөөгүй болно. Дараа нь Д.Төмөрцэцэг хамт наймаа хийж байгаа хүмүүс 10 хувийн хүүтэй зээл авъя гэнээ, би зуучлаад өөрийнхөө нэрээр зээлж гарын үсэг зураад цаг тухайд нь мөнгийг нь авч өгөөд, хариуцаад байж чадна гэж тохиролцоод н.Ариунтамирт 500 000 төгрөг, н.Одмаад 1 000 000 төгрөг, н.Бямбасүрэнд  500 000 төгрөг, н.Бат-Оргилд 500 000 төгрөг тус тус зээлж байна гэж хэлээд надаас 2 500 000 төгрөг зээлж авсан. Үндсэн мөнгө болон хүүгийн хамт н.Ариунтамирын бүх тооцоо дууссан. Н.Одмаад 523 000 төгрөг, н.Бямбасүрэнд 740 000 төгрөг, н.Бат-оргилд 850 000 төгрөг тус бүр үлдэж байгаа. Одоо Д.Төмөрцэцэг нь үндсэн зээл, хүүгийн хамт 2 430 000 төгрөг, зарагдсан барааны үлдэгдэл мөнгө 560 000 төгрөг, бусдад зээлж өгсөн гэх 2 113 000 төгрөг нийт 5 103 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

           

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхнаасаа зээл аваагүй. В.Алтанчимэгийг тэтгэврийн зээл авсан талаар сонсоогүй. Намайг Эрээн хот руу явахад хүүгээ анх удаа хил гаргаж явуулж байгаа юм, чи ямар байдгийг нь үзүүлээд ирээрэй гээд надад бэлэг болгож 2 000 000 төгрөг өгсөн. Надад энэ мөнгийг В.Алтанчимэг анхнаасаа бэлэглэсэн учраас би зээл гэж үзэхгүй байна. Бидний хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй. 10 хувийн хүүний хувьд хадгаламж зээлийн хоршооноос өөрөө зээл авах гээд надаас материал шаарддаг байсан. Надад зээл авах үндэслэл байгаагүй, би тэтгэврээс гадна өдөрт 40 000 төгрөгөөс 300 000 төгрөгийн орлого олдог. Манай нөхөр сарын 4 500 000 төгрөгийн орлогтой учраас надад зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Өөрөө хадгаламж зээлийн хоршооноос зээл аваад бусдад 10 хувийн хүүтэй зээлмээр байна, найдвартайгаар эргээд төлөх хүн байвал сураглаад өгөөч гэсэн. Тэгээд лангуун дээрээсээ би асуугаад сайн дурын үндсэн дээр зээл авах хүсэлтэй хүмүүсийг В.Алтанчимэгтэй танилцуулж өгсөн. В.Алтанчимэг нь нэгэнт зээл авах гэж байгаа хүмүүс байгаа бол чи иргэний үнэмлэхийг нь хуулбарлаад доор нь гарын үсгийг зуруулаад хүрээд ир гэж хэлсэн. Би хооронд нь танилцуулах журмаар тэднийг зуучилсан. Энэ нь өөрсдийнх хүсэлтээр болсон асуудал юм. Иргэний үнэмлэх хуулбарласан цаасан дээр зээл авсны баталгаа болгож гарын үсэг зур гээд надаар зуруулсан. Зээлдэгч нар гарын үсгээ давхар зурсан байгаа, гэхдээ дээр нь зээлийн гэрээ гэсэн үг үсэг байгаагүй. Гэхдээ Бат-Оргилыг бол лангуун дээр ажилладаггүй юм бол зээл өгөхгүй гээд В.Алтанчимэг зээл өгөөгүй. Тэгээд дахиад зээл авах хүн байвал хэлээрэй гэхэд нь би Төгс төгөлдөр цайны газрын захирал Төгсөөтэй уулзуулаад Бат-Оргилд зээлэх гэж байсан 500 000 төгрөг дээрээ 1 000 000 төгрөг нэмээд Төгсөөд зээлүүлсэн. Надад зээлсэн гээд байгаа 2 000 000 төгрөгийн хувьд би буцаагаад 20 000 төгрөг, 40 000 төгрөг, 50 000 төгрөг, 60 000 төгрөг гээд цувуулаад өгч байсан ба холбогдох тэмдэглэгээ дэвтэрт бий. Би нийт 980 000 төгрөг өгсөн. Харин барааны хувьд В.Алтанчимэгийн үндсэн бараа огт биш ба хүүхэд нь надтай хамт явахдаа замын зардалаа нөхөх зорилгоор хэдэн бараа авсан тэмдэглэгээ надад байдаг. Хүүхэд нь өөрийнхөө мөнгөөр бараа авсан. Гэтэл В.Алтанчимэг миний авдарнаас ширхэг бүр нь 25 000 төгрөгийн үнэтэй тэмээний ноосон өмд 15 ширхэг, ширхэг нь 15 000 төгрөгийн үнэтэй эрэгтэй ноосон өмд 10 ширхэг, ширхэг нь 10 000 төгрөгийн үнэтэй хүүхдийн өмд 10 ширхэгийг, харин Ариунтамираас ширхэг нь 15 000 төгрөгийн үнэтэй эмэгтэй кармаатай зузаан ноосон өмд 10 ширхэгийг аваад явсан байдаг. Энэ нь нийт 625 000 төгрөг болсон. Тэгээд 12 дугаар сарын 20-ны өдөр 35 000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 60 000 төгрөг, 12 дугаар сарын 29-ний өдөр 20 000 төгрөг, 01 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 төгрөгийг тус тус өгч байсан. Мөн Одмаагийн төлөлт дээр би 10 000 төгрөг, 80 000 төгрөгийг нэмж өгч байсан. Тэгэхээр надад бэлэглэж өгсөн 2 000 000 төгрөгөөс 1 180 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой, үгүй гэвэл би огт зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар Д.Төмөрцэцэгээс 1 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Алтанчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 203 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Төмөрцэцэгээс 45 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Алтанчимэгт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх дүгнэхдээ зээлийн гэрээ гэж дүгнэсэн. Энэ нь бодит байдалтай нийцээгүй. Учир нь В.Алтанчимэг анхнаасаа бэлэглэсэн учраас би зээл гэж үзэхгүй байна. Бидний хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй. Надад зээл авах үндэслэл байгаагүй, би тэтгэвэрээс гадна өдөрт 40 000 төгрөгөөс 300 000 төгрөгийн орлого олдог. Манай нөхөр сарын 4 500 000 төгрөгийн орлогтой учраас надад зээл авах ямарч шаардлага байгаагүй. В.Алтанчимэг нь зээлийн гэрээг хуурамчаар санаагаараа зохиож бичсэн байдаг. Энэ нь шүүхэд өгсөн зээлийг гэрээ гэсэн дөрвөлжин шугамтай цаасан дээр хэзээ ч бичигдээгүй зүйлийг санаагаараа бичсэнг Сандмаа, Одмаа, Ариунтамир, Төмөрцэцэг нар нь бүгд гэрчилж шүүхэд мэдүүлэг өгсөн. Шүүх дүгнэхдээ намайг мөнгийг эргүүлэн өгсөнийг зээлийг төлсөн мэтээр дүгнэсэн нь буруу. Мөнгөө буцааж өгсөнөөр намайг зээлээ төлсөн мэтээр ойлгосон байна. Хэрэв зээлээ төлсөн гэж үзсэн бол миний өгсөн мөнгийг хасах үндэслэлтэй. Ингэвэл миний нийт өгсөн 920 000 төгрөг хасагдан 1 080 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй болж байгаа юм. Харин энэ мөнгөө бэлэглэсний шалтгаан нь В.Алтанчимэг нь хүү Нямдоржийгоо эсэн мэнд Эрээн хот руу дагуулж яван газар үзүүлсний шанд өгсөн бэлэглэлийн мөнгө гэдэг нь Нямдоржийн гадаад паспортын хуулбараар нотлогдсон байгаа. Мөн В.Алтанчимэг нь Хадгаламж зээлийн хоршооноос зээл авах гэж надаар "Төсөл" бичүүлснийхээ хөлсөнд нь бэлэглэж өгсөн 2 000 000 төгрөг юм. Энэ нь нотлох баримтуудаар нотлогдсон. В.Алтанчимэг нь цагаан тэмдэглэлийн дэвтэр дээр байнга надаар бичүүлдэг байсан. Үүнийг В.Алтанчимэг нь байнга хянаж шалган, тулгаж байдаг гол баримт бичиг нь юм. В.Алтанчимэг нь өөрөө хүнээс мөнгө төгрөг авахдаа огт гарын үсэг зурдаггүйг Одмаа, Сандмаа, Ариунтамир, Төмөрцэцэг бид дөрөв гэрчилсэн, нотолсон. Танилцаж итгэл олж аваад санаатайгаар урьдаас төлөвлөж хуурамч зээлийн гэрээ бичиж, өндөр хүү бодож гүжирдэж байгаа нь В.Алтанчимэгийн буруу үйлдэл гэж үзэж байна. Хариуцагч би хүнийхээ хувьд сэтгэлийн хөдлөлөөр өгсөн мөнгийг адилхан тэтгэвэрийн хүн, амьдрах гэж байгаа учраас би буцаан өгье гэсэн хүн чанарын үүднээс бага багаар өгсөн. Үүнд: 12 дугаар сарын 20-ны өдөр 35 000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 60 000 төгрөг, 12 дугаар сарын 29-ны өдөр 20 000 төгрөг, 01 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 төгрөг тус тус, мөн Одмаагийн төлөлт дээр 10 000 төгрөгөөр нийт 80 000 төгрөг нэмж өгсөн, мөн хадгаламж зээлийн хоршооны дансанд Алтанчимэгийн нэрээр 50 000 төгрөг өгсөн. Мөн миний 17 ширхэг өмдийг Сандмаа болон Атанчимэг нар нь хүлээн зөвшөөрсөн нотолсон гарын үсэгтэй баримтууд нь шүүхэд байгаа. Сандмаад 17 ширхэг бараа өгсөн В.Алтанчимэг нь өөртөө үлдсэнийг нь үлдээсэн магадлалтай. Ариунтамирын тоолсноор ширхэг бүр нь 25 000 төгрөгийн үнэтэй тэмээний ноосон өмд 15 ширхэг, ширхэг нь 15 000 төгрөгийн үнэтэй эрэгтэй ноосон өмд 10 ширхэг, ширхэг нь 10 000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүүхдийн өмд 10 ширхэг гээд нийт 625 000 төгрөг болно. Ариунтамир шүүхэд гараар бичсэн нотлох баримт, нэг фото зургийн хамт шүүхэд байгаа. Алтанчимэг нь одоо надаас нийтдээ 920 000 төгрөг авсан байна. Би хүний хувьд хүн чанарын үүднээс өгч байсан мөнгийг зээл, хүүтэй мэтээр худал ярьж байгаа тул шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч В.Алтанчимэг нь хариуцагч Д.Төмөрцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 430 000 төгрөг, барааны үлдэгдэл төлбөрт 560 000 төгрөг, бусдад зээлдүүлсэн гэх мөнгөний үлдэгдэл 2 113 000 төгрөг нийт 5 103 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 1 180 000 төгрөг холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан хуулиар заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд байгуулах боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

            Хариуцагч нь 2 000 000 төгрөгийг зээлж аваагүй, уг мөнгийг бэлэглэсэн гэж маргасан байх боловч тэрээр бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн болохоо баримтаар нотлоогүй, харин 2 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

  Хариуцагч нь зээлийн төлбөрөөс зарим хэсгийг буцааж төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй боловч нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг 100 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүрэг 1 900 000 төгрөг үлдсэн талаар тайлбарласан байх тул анхан шатны шүүх хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээл буцаан төлөх үүргийн зохицуулалтад нийцжээ. 

 

Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний хүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцсон  баримтгүй  байх тул нэхэмжлэгч зээлийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог ба нэхэмжлэгч нарт зээлдүүлсэн гэх мөнгөний үлдэгдэл 2 113 000 төгрөгийг хариуцагч шаардсан нь үндэслэлгүй тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 82 ширхэг 967 482 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч барааны үлдэгдэл төлбөр болох 560 000 төгрөгийг  төлөөгүй гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн  буюу хариуцагчид эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул уг барааны үнийг шаардсан шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг буруу тайлбарлан хэрэглэж, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсантай холбоотой шаадлага  гэж дүгнэсэн нь буруу юм.

                                                                       

            Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталвал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг зөвтгөн өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182ШШ2016/00932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “… 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 …” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                  ШҮҮГЧИД                                               А.МӨНХЗУЛ    

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ