Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г-н Д-д холбогдох эрүүгийн 2009003530420 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 03-р хороо, Бага Нарангийн 41 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, “ Их монгол төв импиар “ салонд үсчин ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УЗ97071318 / Боржигон овогт Г-н Д- нь:

 

- 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Симпл" нэртэй бааранд согтуурсан үедээ тус баарны орчмын авто зогсоол дээр Ж.Эрдэнэбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүнийг хөлөөрөө хавсран унагаж, зүүн шаант ясны доод булуунд зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Эрдэнэбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд пабаас гараад явж байтал үүдэнд 3 залуу муудалцаад зогсож байхаар нь “ Залуучууд аа. Битгий муудалцаарай “ гэж хэлчихээд цааш яваад зам дээрээс машин барих гээд зогсож байтал ...араас хөл рүү өшиглөж би газарт унасан. Намайг газарт унасны дараа толгой, цээж рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Одоо миний зүүн хөлний шилбэний гол яс бяцралтай хугарсан. Савхан яс, өвдөгний доод тал хугаралтай байна. Хагалгаагаар шилбэний гол ясны дундуур төмөр суулгаж, 4 хадаасаар хадсан. Байнга өвдөж өвчин намдаах эс ууж байна. Таягтай болж, өөрөө бие дааж хөдлөх чадваргүй, хүний асрамжинд орсон. Эрүүл мэндийн хувьд хэцүү, ажил төрөл хийх боломжгүй болсон гэжээ. / хх 4-6 /

 

Яллагдагч Г.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ..2020.01.15-наас 16-нд шилжих шөнө СБ дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Симпл” пабд шатан дээр Ж.Эрдэнэбаттай шүргэлцээд миний толгой руу гараараа цохьсон. Тэгээд гадаа гараад тэр ахын нүүр рүү 5-6 удаа цохьсон. Тэгээд хөлийг нь хавираад унагаасан. Ж.Эрдэнэбат ах газар унахдаа эвгүй унасан гэжээ. / хх 09 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1589 дугаартай дүгнэлтэнд:

            1. Ж.Эрдэнэбатын биед зүүн шаант ясны доод хэсгийн зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонг алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 11-12 /

 

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар / хх 67-76 /

 

Шүүдэгч Г.Дыг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх  30-31 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 4.650.000 төгрөгийг төлсөн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Би өөрөө өвчтэй, зээл авч хохирлыг төлсөн тул хамгийн багаар торгож өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч  Г.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Симпл" нэртэй бааранд согтуурсан үедээ тус баарны орчмын авто зогсоол дээр Ж.Эрднэбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүнийг хөлөөрөө хавсран унагаж, зүүн шаант ясны доод булуунд зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Үүдэнд 3 залуу муудалцаад зогсож байхаар нь “ Залуучууд аа. Битгий муудалцаарай “ гэж хэлчихээд цааш яваад зам дээрээс машин барих гээд зогсож байтал ...араас хөл рүү өшиглөж би газарт унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Эрдэнэбатын мэдүүлэг / хх 04-06 /, ...Тэгээд гадаа гараад тэр ахын нүүр рүү 5-6 удаа цохьсон. Тэгээд хөлийг нь хавираад унагаасан. Ж.Эрдэнэбат ах газар унахдаа эвгүй унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Г.Дын мэдүүлэг / хх 09 /,  ... Ж.Эрдэнэбатын биед зүүн шаант ясны доод хэсгийн зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1589 дугаартай дүгнэлт / хх 11-12 / зэрэг болно.

           

            Шүүхээс шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Дд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн  тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан хуульд заасан 700 / долоон зуун / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  Н.Г.Д нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Дыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Г-н Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Г-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Г.Д нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ