Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00022

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 06 тоотод оршин суух, Харчу овогт Цэнд-Аюушын Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Баярхүү овогтой Ичинхорлоог эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баярхүү овогтой Ичинхорлоо үндсэн зээлдэгчээр, Ц.Лхагвасүрэн би хамтран зээлдэгчээр өөрийн нэр дээрх 32 дугаар байрны 06 тоот 3 өрөө байраа “Капитал” банкинд барьцаанд тавьж, 30.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 25 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлээ 15.000.000, 15.000.000 төгрөгөөр хуваан авч сард нийт 1.671.481 төгрөг 71 мөнгийг буюу нэг хүний 835.750 төгрөгийг 2 талаасаа банкинд төлөхөөр болсон. Б.Ичинхорлоо уг мөнгөө аваад, дэлгүүрийн бараа авахаар Орос улс руу яваад 2013 оны 3 сар хүртэл Орос улсаас зээлийн төлбөрөө өгч байгаад 2013 оны 4 сараас төлбөрөө цаг тухайд нь өгөхгүй болохоор банкны хүү бодогдож эхэлсэн. Ингээд аргагүйн эрхэнд 2013 оны 8 дугаар сард банкны барьцаанд байсан байраа зараад банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 19.672.400 төгрөгийг төлж барагдуулсан. Б.Ичинхорлоог 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирэхэд нь уулзаж, Түвшинжаргалаас 3.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй зээлж авч өгөөд, энэ мөнгөн дээр байр зарсан мөнгөнөөсөө 1.980.000 төгрөг нэмээд, нийт 4.980.000 төгрөгийг зээлэндээ өгч барагдуулсан.

Ингээд нийт 17.561.250 төгрөгийн хохирол бид нарт учирсан. Иймд хэл сураггүй болсон Б.Ичинхорлоог эрэн сурвалжилж олж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Баярхүү овогтой Ичинхорлоог эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Баярхүү овогтой Ичинхорлоо иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021000789 дугаартай зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021000789 дугаартай барьцааны гэрээ, депозит дансны хуулга, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын Тодорхойлолт, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Баярхүү овогтой Ичинхорлоо, УГ78071303 регистрийн дугаартай, Хэрлэн худалдааны төвд ажиллаж байсан, түүний гар утасны дугаар 88085860, Орост байдаг дугаар нь 7904140534, 79501262288, 79041124748, аав, ээж нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 53 тоотод оршин суудаг, аав Баярхүүгийн гар утасны дугаар 98652345, Ичинхорлоогийн хүүхдийн гар утасны дугаар 96665650 зэрэг нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гаргасан тайлбартаа өгсөн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Баярхүүгийн Ичинхорлоог эрэн сурвалжилсугай.
  2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  3.  Шийдвэрийн хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд үүрэг болгосугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА