Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2017/00035

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 24 тоотод оршин суух, Дуламын Машбатын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байранд байрлах “Тавлаг-Өргөө” СӨХ-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар  сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Машбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 24 тоотод оршин суух манай байрны таазнаас цас, борооны ус гоожиж 3-4 жил боллоо. Тус байрыг хариуцдаг СӨХ-ны удирдлагад тухайн үед удаа дараа хэлж ус гоожсон байдлыг үзүүлж харуулдаг боловч найдвартай  арга хэмжээ авсангүй  өдий хүрлээ. Нөхөөс хийсэн гэж хэлдэг.  Манайх сууц өмчлөгчийн мөнгийг 2016 оны 06 сар хүртэл тогтмол сар бүр төлдөг байсан. Манайх 2012 онд байрандаа бүрэн засвар хийсэн. Үүнээс хойш жил бүр дээврийн ус гоожиж жижиг өрөө, коридорын хэсгүүдийн обойнууд хууларч, таазны хэсэг өмөрч унах, цахилгааны далд монтажинд гэмтэл гарч гэрлийн шил, разетка шатаж байнга масс гардаг. Цахилгаанчин дуудаж ханаа цөмлөөд монтажаа ил гаргаж цахилгаанаа аргалж байна. Энэ дээврийн ус 5 давхраас 2 давхар хүртэл нэвт гоождог. Манайх жижиг засвар байнга хийдэг. Манайд гарсан хохирол 300.000 төгрөгийг Тавлаг-Өргөө СӨХ-ноос  гаргуулж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч Д.Машбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатар нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25-24 тоот байрны иргэн Д.Машбат миний бие нь Тавлаг-Өргөө СӨХ-ноос засварын хохирол болох 300.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Ганбаатартай харилцан ойлголцож тохиролцсоны үндсэн дээр нэхэмжилсэн 300.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж 100.000 төгрөгийг СӨХ-нд төлөх засвар үйлчилгээний хураамжаасаа суутган тооцохоор тохиролцон эвлэрч байна гэжээ. 

Шүүх зохигчдоос  бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Д.Машбат нь хариуцагч  Тавлаг-Өргөө СӨХ-ноос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 300.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд  ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Дуламын Машбатын  нэхэмжлэлтэй, “Тавлаг-Өргөө” СӨХ-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 300.000  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Машбат нь 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  хариуцагч “Тавлаг-Өргөө” СӨХ  нь 100.000 төгрөгийг Д.Машбатаас СӨХ-нд төлөх засвар үйлчилгээний  хураамжаас нь суутган тооцохоор  харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 100.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын орлогоос, 2.275 төгрөгийг хариуцагч “Тавлаг-Өргөө” СӨХ-ноос гаргуулж нэхэмжлэгч Д.Машбатад олгосугай. 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.ЦЭЦЭГДУЛАМ