Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2017/00036

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч “Үүдэн Чулуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 32.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтүвшин, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч “Үүдэн чулуу” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржтой 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Хос боржин чулуун арслан” нийлүүлэх гэрээг байгуулж, Багануур дүүргийн “Шувуун саарал” аялал жуулчлалын цогцолборт 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 32.000.000 төгрөг авахаар харилцан тохиролцсон.

          Бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ цаг тухайд нь зохих ёсоор гүйцэтгэн, “Хос боржин чулуун арслан”-г нийлүүлсэн. Талуудын хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлд санхүүжилтийг 2016 онд олгоно гэж заасан боловч захиалагч тал өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг төлөхгүй байна.

          Иймээс 2015 онд байгуулсан “Хос чулуун арслан” нийлүүлэх гэрээний дагуу авах ёстой 32.000.000 төгрөгийг захиалагч талаас гаргуулж өгнө үү. Тухайн үед манай компанитай гэрээ байгуулсан захиалагч тал болох Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж байсан боловч түүний эрх үүрэг хариуцлага шинэ засаг дарга Ц.Сандаг-Очирт шилжсэн болно гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “Хос боржин чулуун арслан” хийх ажлыг гүйцэтгэсэн нь үнэн. Хийсэн ажил минь одоо болтол байгаа. Засаг даргын Тамгын газраас ажлын хөлсөө нэхэж, хэд хэдэн удаа очиход “Өгнө” санхүүжилт болж өгөхгүй байна гэж Төрийн сангийн дарга хэлсэн. Гэтэл одоо болохоор “2 арсланг наасныг нь салгаад аваад яв гэж хэлсэн” гэх нь байж боломгүй юм. Биднийг ажлаа хийж байхад ч тэр, ажлын гүйцэтгэлийг дундуур нь шалгаад явж байхдаа ч энэ үгийг хэлээгүй юм шүү. Энэ хоёр арсланг өөрсдөө захиалаад гэрээ байгуулсан. Бид худлаа хэлээд гэрээ байгуулаагүй. Түүгээр зогсохгүй сая Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаад энэ цогцолборын зургийг тараагаад бид ийм юм барьж гүйцэтгэсэн гээд танилцуулж явсан. Иргэний хуулинд заасан байдаг, захиалагч ажлаа хүлээж авах үүрэгтэйг. Энэ “Хос боржин чулуун арслан”-г цогцолборын ажлыг хийж байх үед хамт хийсэн. Танай хүмүүс ирж үзээд “Манай дарга нүдтэй хүн шүү, энэ 2 арсланг хийлгүүлсэн нь сайхан болж гэж хэлж байсан”. Бид захиалсан ажлыг гүйцэтгэсэн. Иймээс ажлын хөлсийг гаргуулж өгнө үү, гэв.

 Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн “Хос боржин чулуун арслан” нийлүүлэх гэрээг гэрээний стандарт нөхцөлийг бүрэн хангасан гэрээ гэж үзэхгүй байна. Учир нь:

Гэрээнд Засаг дарга гарын үсэг зурсан ч гэрээний дугаар, захиалагч болон гүйцэтгэгч талыг төлөөлж гэрээ хийсэн хүний нэр, гарын үсэг, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, эрх үүрэг байхгүй зэрэг зөрчилтэй байгаа тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй байна. Мөн “Хос боржин чулуун арслан”-гийн захиалагч Багануур дүүргийн Засаг дарга биш учраас “Хос боржин чулуун арслан”-г албан ёсоор хүлээж аваагүй. Хэрвээ энэ гэрээ, гэрээний шаардлага хангаж, байгуулагдсан бол манай талаас ажил хүлээн авах баг байгуулагдаад мөн тендер зарлаад, төсөвт мөнгийг суулгаад хийх байсан. Гэтэл баг байгуулагдаагүй учраас ажлыг хүлээн аваагүй. Гэрээг хоёр тал харилцан зөвшөөрөөд нэг, нэг хувь авч архивт хадгалдаг байтал Засаг даргын Тамгын газарт гэрээний нэг хувь байхгүй. Шүүхэд хандахдаа “Үүдэн чулуу” ХХК хоёр хувь гэрээ өгсөн байдаг. Манай зүгээс нэхэмжлэгч компанид ямар нэгэн хохирол учруулаагүй, үгүй ядаж энэ ажил дээр зураг хүртэл гарах ёстой. Би Бямбадорж даргатай утсаар ярихад “2016 оны төсөвт үнийг нь суулгуулж чадвал авъя гэж хэлж байсан” гэсэн. Энэ бол ажил гүйцэтгэх гэрээ биш худалдах, худалдан авах гэрээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “Үүдэн чулуу” ХХК, хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 32.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

           “Үүдэн чулуу” ХХК, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Шувуун саарал” аялал жуулчлалын цогцолборт “Хос боржин чулуун арслан” нийлүүлэх гэрээ байгуулсан нь “Хос боржин чулуун арслан” нийлүүлэх гэрээ, зохигчдын тайлбар, гэрэл зургуудаар тогтоогдож байна.

           Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх”, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3, 4 дэх хэсэгт “гэрээний дүн 32.000.000 төгрөг, санхүүжилтыг 2016 онд олгоно”, гэрээний 9 дэх хэсэгт “ Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээнэ”, гэрээний 6 дахь хэсэгт “ гэрээ нь энд дурдсан ажлыг гүйцэтгэх талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно. Хэрэв гэрээний баримт бичгүүд хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан дарааллын дагуу ач холбогдол өгч шийдвэрлэнэ” гэж зааснаар “Үүдэн чулуу” ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэлээ.

         Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтүвшин “Гэрээний “Батлав” хэсэгт байгаа гарын үсэг Бямбадорж даргынх мөн, тамга ч гэсэн байгууллагын тамга мөн. Гэхдээ гэрээнд дугаар байхгүй, энэ ажлыг хүлээн авахаар бол манайх талаас баг гарах ёстой ийм бүрэлдэхүүн батлагдаагүй” гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж зааснаар “Үүдэн чулуу” ХХК, ”Хос боржин чулуун арслан”-г 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор гэрээнийхээ дагуу хийж гүйцэтгэсэн буюу “Шувуун саарал” цогцолборыг барьж, ашиглалтанд оруулах явцад дуусгасан нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, цогцолбор барьж байх үеийн гэрэл зургуудаар нотлогдож байх тул Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар төлбөрийг ажил гүйцэтгэгчид төлөх нь зүйтэй байна.      

           Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 317.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас 317.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Үүдэн чулуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 32.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 317.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас 317.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА