Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00023

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, Нямбуугийх овогт Чойжамцын Баяртөгсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 03 тоот хашаанд оршин суух, Боржигон овогт Энхболорын Энхбаярт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Баяртөгс, хариуцагч Э.Энхбаяр, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь

           Нэхэмжлэгч Ч.Баяртөгс нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Энхбаяртай 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 187 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах явцад бидний дундаас 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Энхзаяа, 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин Э.Энхтуяа, 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр охин Э.Отгонзаяа, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э.Буянхишиг нар төрсөн. Энэ хугацаанд бид таарамжгүй харьцаатай байсан бөгөөд нилээн олон удаа салж нийлсэн. Биднийг салсан хугацаанд Э.Энхбаяр өөр хүүхэнтэй гэр бүл болоод одоо хүртэл хамт амьдарч байгаа. Э.Энхбаяр архи байнга ууж, агсан тавьж, намайг зодож, үр хүүхдүүдээ хайр халамж тавьдаггүй. Бид 2015 оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн тусдаа амьдарсан. Мөн хүүхдүүд гадагшаа уралдаан тэмцээнд явах мөн сургуульд суралцахаар болоход аав нь хэрэгтэй байна гэдэг шаардлага тавьдаг. Яг тийм үед нь хайгаад олдохгүйн улмаас явж чадахгүй хохироод үлдэж байна. Иймээс Э.Энхбаяраас гэрлэлтээ цуцлуулж, бидний хүүхдүүд болох Э.Энхзаяа, Э.Энхтуяа, Э.Отгонзаяа, Э.Буянхишиг нарын асрамжийг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

            Харицагч Э.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Баяртөгсийн гаргасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

          Нэхэмжлэгч Ч.Баяртөгс, хариуцагч Э.Энхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч Э.Энхбаяр дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Нэхэмжлэгч Ч.Баяртөгс, хариуцагч Э.Энхбаяр нар 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь 0035582 дугаартай гэрчилгээний хуулбараар, хамт амьдарч байх хугацаандаа охин Э.Энхзаяа 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, охин Э.Энхтуяа 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, охин Э.Отгонзаяа 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, хүү Э.Буянхишиг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн болох нь Г-305, Г-1585, Г-856, Г-582 дугаартай гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

          Зохигчид 2015 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “ Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар охин Э.Энхзаяа, Э.Энхтуяа, Э.Отгонзаяа, хүү Э.Буянхишиг нарыг эх Ч.Баяртөгсийн асрамжинд үлдээж, эцэг Э.Энхбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

          Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг анхааруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, 2001 оноос мөрдөгдсөн, Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох болон амьжиргааны баталгаажих доод түвшин, бүс нутгаар Багануур дүүрэгт 183700 төгрөгөөр тооцож,  11-ээс дээш насны 2 хүүхдийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 4.408.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 85491 төгрөг, 11 наснаас доош 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 2.204.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 50220 төгрөгийг, хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Энхболорын Энхбаяр, Нямбуугийх овогт Чойжамцын Баяртөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Энхзаяа, 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Энхтуяа, 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Отгонзаяа, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Буянхишиг нарыг эх Ч.Баяртөгсийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Энхзаяа, 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Энхтуяа нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Отгонзаяа, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Буянхишиг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг Э.Энхбаяраас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  Э.Энхбаяраас гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
  6.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд даалгасугай.
  7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э.Энхбаяраас нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 6.613.200 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 135.711 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.         
  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА