Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0039

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01034 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Улаанбаатар пропертиз” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 40 516 785 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний торгуульд 2 976 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Отгонтөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн захиалан бариулж байгаа “Экс-Aпартмент” байрны В блок, 10 давхарт, Д загвар, 39 тоот, 59,5 м.кв талбайтай, 3 өрөө байрыг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №-/00061 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 2 дугаар улиралд байрыг ашиглалтанд орох хугацаатайгаар байгуулж 29 760 000 төгрөгийг тушаасан. Гэрээний хугацаа дууссан боловч “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн “Экс-Aпартмент” байр өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй мөн бидэнд мэдэгдэлгүйгээр захиалсан байрны зураг төслийг өөрчлөн байхгүй болгосон учир бид гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авсан боловч төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Байр захиалсан 29 760 000 төгрөгөөс Хаан банкны материал импекс тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗГ-526 тоот гэрээгээр сарын 1,8 хувийн хүүтэйгээр 24 000 000 төгрөг, иргэн Д.Баасанжаваас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 6 000 000 төгрөгийг бүрдүүлж төлсөн болно. Би 2015 оны 6 дугаар сараас эхлэн амаржсаны листээ авч 2015 оны 7 дугаар сард төрсөн учир тогтмол орлогогүй болж Хаан банктай хийсэн зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадахгүй болсон тул 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 13 640 000 төгрөгийг өөрийн эгч болох Д.Солонгоос зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй авч төлж байна. Үүний хүүний төлбөр 4 092 000 төгрөг болно. Хууль болон гэрээнд заасны дагуу миний төлсөн төлбөр 26 760 000 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс надад үүссэн бодит хохирол 13 756 758 төгрөг нийт 40 516 758 төгрөг мөн тэмдэгтийн хураамжийг хариуцагч “Улаанбаатар пропертиз” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

  

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэрэнпунцаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Отгонтөгстэй 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо “Экс-Aпартмент”, В блок, 10 давхар Д загвар 39 тоот, 3 өрөө 59.5 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 118 405 000 төгрөг, гарааш 19 900 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож 14/00061 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь дээрх 14/00061 тоот гэрээний дагуу худалдан авах байрны байршлыг солих хүсэлт гаргасан тул 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр огноолон тус байрны Д блок 9 давхар Д загвар 31 тоот 3 өрөө 61 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 121 390 000 төгрөгөөр, гарааш 19 900 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож 15/00140 тоот орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулж, анх байгуулсан 14/00061 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цуцалж хүчингүй болгосон болохоос нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан захиалсан байрны зураг төсөл өөрчлөгдсөн байхгүй болсон зүйл огт байхгүй болно. Нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь нэхэмжлэлдээ захиалсан байр нь 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох хугацаатайгаар байгуулсан гэсэн байна. Хоёр талын байгуулсан гэрээний 4.2.3-т орон сууцыг худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг тусгаж харин хэзээ хүлээлгэж өгөх эсэх нь тодорхой бус орон сууц хүлээлгэж өгөх хугацааг нөхөж бичээгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй бөгөөд ямар эрх зүйн баримтанд тулгуурлан 2015 оны 2 дугаар улирал гэсэн хугацааг тодорхойлон гаргаж байгаа нь ойлгомжгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд худалдагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй болно. Хоёр талын байгуулсан гэрээг цуцлах талаар “Улаанбаатар пропертиз" ХХК татгалзах зүйлгүй. Учир нь: Хоёр талын байгуулсан гэрээний 3.1-т заасан төлбөр төлөх хуваарийн дагуу нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөг төлсөн боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6 657 000 төгрөг, үлдэгдэл 84 973 000 төгрөгийг банкны зээл, гараашийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл cap бүр 2 343 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь  хоёр талын байгуулсан 15/00140 тоот гэрээний 3.1-т заасан төлбөр төлөх хуваарийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Тиймээс нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь хоёр талын байгуулсан 15/00140 тоот гэрээний 4.4.5-д заасан үүргээ зөрчсөн учир тус гэрээний 4.1.4-т заасны дагуу хоёр талын байгуулсан гэрээг цуцалж харин урьдчилгаа болгож төлсөн 29 760 000 төгрөгөөс гэрээний 4.1.5-д зааснаар уг байрыг өөр байгууллага, хувь хүнд худалдан, шинээр гэрээ байгуулсны дараа нийт төлсөн төлбөр болох 29 760 000 төгрөгөөс 10 хувийн торгууль болох 2 976 000 төгрөгийг суутган авч үлдэгдэл төлбөрийг буцаан шилжүүлнэ. Тиймээс гэрээ байгуулахад урьдчилгаа болгож төлсөн 26 760 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч Д.Отгонтөгс 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-526 дугаар зээлийн гэрээг Хаан банк ХХК-тай байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1.2 /зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болно/-т заасан зориулалтаар ашиглахаар заасан. Улмаар дээрх цалингийн зээлийг орон сууцны барилга худалдан авахад зориулагдсан эсэх нь тодорхой бус шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Мөн Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биелүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн хувийн асуудал болохоос бид түүний өмнөөс ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өөрөө эрсдэлээ хүлээж хариуцлагаа хүлээх үүрэгтэй тул манай компани дээрх банкны зээл төлөх гэж хүнээс мөнгө зээлсэн хүүг хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь “Улаанбаатар пропертиз” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгч Д.Отгонтөгсийн 40 516 758 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу төлбөр төлөх хугацаа заасны дагуу төлбөрөө төлөөгүй учраас гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулж төлбөрийн 10 хувийг суутгаж авна гэж гэрээнд заасан байгаа. Тийм учраас 10 хувийн торгуульд 2 970 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зураг төсөл өөрчлөгдсөн гэдэг нь инженерээс авч өгсөн зураг болон барилга.мн сайтад яаж өөрчлөгдсөн гэдэг нь харагдаж байгаа. Тус байр нь 408 айлын орон сууц болж өөрчлөгдсөн, ашиглалтад орох хуагцаагаа өөрчлөгдсөн гэдгээ эднийх сайтад зарласан. Эднийх гэрээнд хугацаа тавиагүй боловч төлбөр төлөх графикаа дурдсан байна. Зөвхөн миний гэрээнд хугацаа тавигдаагүй гэдгийг нотлохын тулд би өөр хүний гэрээг хувилж авсан. Уг гэрээ нь яг миний гэрээтэй адилхан байсан. Миний гэрээ бол өөр. Эднийх өөр гэрээг барьж тайлбар хэлж байна. Би төлбөрөө хугацаандаа төлж байсан. Эднийхээс удаа дараа мэдэгдсэн гэх талаар баримт байхгүй. Эднийх өөрсдөө 140061 тоот гэрээний 5.1, 5.2-д заагдсан заалтаа зөрчсөн. Зураг төсөлд өөрчлөлт гарах юм бол заавал бичгээр мэдэгдэнэ гэсэн байгаа. Энэ заалтаа зөрчсөн. Тийм учраас 10 хувь суутгах нь үндэслэлгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227  дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Улаанбаатар пропертиз” ХХК-иас 32 064 758 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Отгонтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 452 000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д.Отгонтөгсөөс 2 976 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгч Д.Отгонтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360 533 төгрөг, хариуцагч “Улаанбаатар пропертиз” ХХК урьдчилан 62 690 төгрөгийг тус тус  улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Улаанбаатар пропертиз” ХХК-иас 318 274 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Отгонтөгсөд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Отгонтөгс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийнхээ дагуу 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-526 дугаар Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус гэрээний 2.1.2 /зээлийг "цалингийн зээл" зориулалтаар ашиглана. Энэ нь банкны "цалингийн зээл" төрлийн бүтээгдэхүүн болно/-т заасан зориулалтаар ашиглахаар заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртлэх зээлийн хүүнд 5 892 273 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэж дүгнэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн. Учир нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт нь зээл буцаан төлөх хуваарь бөгөөд тухайн хуваарийн дагуу нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь зээлийн хүү төлсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 /үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно/-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал нь бодитой гарсан зардлыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь банкны зээлийн хүүнд 5 304 758 төгрөг төлсөн талаарх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хариуцагч "Улаанбаатар пропертиз" ХХК-иас зээлийн хүүний хохиролд  5 304 758 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “... хариуцагч “Улаанбаатар пропертиз” ХХК-иас 32 064 758 төгрөг гаргуулж гэснийг 26 760 000 төгрөг гэж өөрчлөлт оруулж 5 304 758 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь хариуцагч “Улаанбаатар пропертиз” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 40 516 758 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний торгуульд 2 976 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч “Улаанбаатар пропертиз” ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Экс-Aпартмент” В блок, 10 давхар Д  загвар, 39 тоотод байрлах 59.5 м.кв талбай бүхий орон сууцыг гараашийн хамт хүлээлгэн өгөх, захиалагч Д.Отгонтөгс нь орон сууцны үнэ 115 405 000 төгрөг, гараашийн үнэ 19 900 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-12 дугаар тал/                                         

                                                                                                           

            Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх гэрээний агуулгыг чөлөөтэй илэрхийлж хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн  хүчин төгөлдөр хийсэн хэлцэл  хийсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Отгонтөгс нь гэрээг цуцлах саналыг хариуцагч хүлээн авснаар талуудын хоорондын гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр хариуцагчаас  гэрээний урьдчилгаа төлбөрөөс буцаан төлөөгүй үлдэгдэл 26 760 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн буруугаас гэрээ цуцлагдсаны торгуульд 2 976 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талуудын хэн аль нь гэрээний дагуу нөгөө талаа гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч  талуудын аль нэг нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Талуудын байгуулсан гэрээ нь урт хугацаанд үргэлжлэх бус ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, ажлын хөлсийг төлөх тодорхой үүрэг бүхий гэрээ байх тул талуудын  гэрээ цуцалсныг гэрээнээс татгалзсан гэж үзэх боломжтой.

 

Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг талууд тохиролцоогүй байх тул хариуцагчийг ажлын үр дүнг Иргэний хуулийн  222 дугаар зүйлийн 222.1.1-д  заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг гэрээний үүргийн зөрчилтэй холбон дүгнэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгчийг гэрээний төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл мөн хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Харин нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч хүлээн авснаар  гэрээ цуцлагдсан талаар зохигчдын хэн алины тайлбарт дурдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжтой байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах талаар харилцан мэдэгдэж мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байх тул гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэг гэрээний талуудад үүсчээ.  

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу  ажлын үр дүнг хүлээн аваагүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс  урьдчилгаа төлбөрт 29 760 000 төгрөгийг  гэрээ цуцлагдсанаар буцаан төлөх үүрэг үүссэн байна. Хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцалсан гэж тайлбартаа дурдсан тул уг өдрөөс хойш Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн хувьд энэхүү мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хариуцагчаас хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхийг шаардах эрхтэй. Иймд гэрээ цуцалсан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны нийт 6 сарын  хугацаанд  урьдчилгаа төлбөрт буцаан төлөөгүй хүүг хариуцагч төлөх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь “Хаан банк” ХХК-иас сарын 1,8 хувийн хүүтэй зээл авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар цуглуулж өгсөн бөгөөд уг баримт нэхэмжлэгчид хариуцагчаас буцаан төлөөгүй мөнгөн төлбөрийн үүрэгт тохирсон хүүгийн хэмжээг тодорхойлох боломжтой, хариуцагч нь хүүгийн хэмжээ өөр байж болох талаар нотлох баримтыг гаргаагүй болно.

 

Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл 26 760 000 төгрөгийг уг үүргийн хэтрүүлсэн хугацаанд тохирсон сарын хүүг 1,8 хувиар бодож /26 760 000 х 1,8% = 481 680 төгрөг х 6 сар/ 2 890 080 төгрөг, нийт 29 650 080 төгрөгийг хариуцагч “Улаанбаатар пропертиз” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчиж, уг зөрчлөөс үүдэн  гэрээг цуцалсан тохиолдолд торгууль ногдуулахаар тохиролцсон байх боловч  талууд энэ үндэслэлээр бус харин нэхэмжлэгчийн гэрээг цуцлах саналыг хариуцагч хүлээн авсан буюу талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан байх тул гэрээний зөрчлөөс үүдсэн торгуулийг хариуцагч шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01034 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтыг “… 227 дугаар зүйлийн 227.3 …” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5” гэж, “… 32 064 758 төгрөг …” гэснийг “29 650 080 төгрөг” гэж, “… 8 452 000 төгрөг” гэснийг “10 866 705 төгрөг” гэж

2 дахь заалтын “… 56 дугаар зүйлийн 56.1 …” гэснийг, “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “… 318 274 төгрөг …” гэснийг “306 200 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3  дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                  ШҮҮГЧИД                                               А.МӨНХЗУЛ    

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ