Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 842

 

Н.О, Б.Б, Э.Г, Л.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Л.Д,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 896 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Д, Н.О, Э.Г, Б.Б нарт холбогдох 1708001960009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Н-гийн О, 19... оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт ..... дүүргийн 3 дугаар хороо, .......... 35 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

2. О овгийн Б-ийн Б-г, 19.. оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ их сургуулийн ......,  их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт........... дүүргийн 3 дүгээр хороо, .... дугаар хорооллын 54 дүгээр байрны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

3. Б овгийн Э-рийн Г, 19.. оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............ дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хорооллын 53 дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

4. Н хаан овгийн Л-ын Д, 19.... оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, ............ дугаар баазад механик засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ............ дүүргийн 3 дугаар хороо, ............... 35 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД /;

 

Н.О, Б.Б, Э.Г нар бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 35 дугаар гудамжны 5 тоотод оршин суух Л.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Л.Д нь 2017 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 35 дугаар гудамжны 5 тоотод маргалдсаны улмаас Н.О-ыг нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.О, Б.Б, Э.Г нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.Д-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.О, Б.Б, Э.Г, Л.Д нарт холбогдох хэрэгт яллагдагч Б.Б, Э.Г нарын өмгөөлөгч Ж.Г-ын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Шүүх өмгөөлөгч Ж.Г-ын гаргасан хүсэлтээс гэрч Б.Ц-гийн мэдүүлгийн зөрүүг арилгах, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн талаар шинжээч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан тайлбар, мэдүүлгийг аваад шийдвэрлэх боломжтой учраас шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, харин нотлох баримт цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаагаар зарим ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхтэй холбоотой гаргасан хүсэлтүүдийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх асуудал тул хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн.

Өмгөөлөгч Ж.Г-гын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан нотлох баримттай холбоотой хүсэлтийг дээрх хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан руу шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар дээрх нотлох баримтуудтай холбоотой болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд тогтоогдсон тул дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хуульд заасан шаардлагад нийцүүлэх зайлшгүй шаардлагатай тул шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хэлэлцэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар хэргийг прокурорт буцаах дараах үндэслэлүүд тогтоогдсон. Үүнд:

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй,

- Мөрдөгчийн гаргасан саналууд хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэж гарсан, аль аль нь хуулийн шаардлагад нийцэхгүй,

-  Өмгөөлөгч нарын гаргасан саналын дагуу гэрч Б.Ц-гийн хэргийн нөхцөл байдлыг харсан гэх газарт болон бусад шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах үүднээс туршилт хийлгэх,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан нөхцөл байдлуудыг бүрэн нотолж ирүүлээгүй. Тухайлбал: шүүгдэгч Э.Г, Б.Б нарын хэн нь хохирогч Л.Д-г ямар байдлаар бүлэглэн зодож биед нь учирсан гэмтлүүдээс алиныг нь учруулсан, тэдгээрийн санаа, зорилго, сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд тогтоож ирүүлээгүй, гэмт хэрэг гарах болсон сэдэлт, шалтгааныг тогтооход ач холбогдол бүхий утасны мессежийг хэний ямар дугаарын утаснаас хэн, хэзээ, хэрхэн буулгаж авсан, уг нотлох баримтын эх сурвалжийг тодруулж холбогдох хүмүүсийг гэрчээр бүрэн асуугаагүй, Н.О-гээс гэрчийн мэдүүлэг авахдаа шүүгдэгч, хохирогч нартай садан төрлийн холбоотой эсэхийг тодруулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн, шүүгдэгч, хохирогч Л.Д-гийн зөрүүтэй мэдүүлгүүдийн эх сурвалжуудыг тодруулах,

- Хэрэгт авагдсан бичгийн  зарим баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй,

- Хохирогч Л.Д-гийн фото зургууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт, мөн хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн алинд хамаарах нь тодорхойгүй тул ямар төрлийн нотлох баримт болохыг тодруулж, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж хэрэгт тусгуулах зэрэг ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтуудад заасан асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргаж тавьсан боловч мөн зүйлийн 12 дахь хэсэгт “дээрх нотлох баримттай холбоотой хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол анхан шатны шүүх хуралдаанаар хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу уг асуудлыг шүүх хуралдаан руу шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хэлэлцэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэлүүд тогтоогдсон тул гэм буруутай эсэхийг хэлэлцэх шатнаас хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Дэлгэрдалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 896 дугаар шүүгдэгчийн захирамж нь дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна.

1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, мөрдөгчийн гаргасан саналууд хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэж гарсан, аль аль нь хуулийн шаардлагад нийцэхгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, заалтад заасан ямар шаардлагад нийцээгүй болох нь тодорхойгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт хамаарахгүй.

2. Өмгөөлөгч нарын гаргасан саналын дагуу гэрч Б.Ц-гийн хэргийн нөхцөл байдлыг харсан гэх газарт болон бусад шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах үүднээс туршилт хийлгэх гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлд зааснаар шүүхийн шатанд туршилт хийх боломжтой.

З. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан нөхцөл байдлуудыг бүрэн нотолж ирүүлээгүй. Тухайлбал:

- шүүгдэгч Э.Г, Б.Б нарын хэн нь хохирогч Л.Д-г хаана, ямар байдлаар бүлэглэн зодож биед нь учирсан гэмтлүүдээс алиныг нь учруулсан, тэдгээрийн санаа, зорилго, сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд тогтоож ирүүлээгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч "Хэдэн хүн зодсоныг тогтоох боломжгүй" гэж мэдүүлсэн, шүүгдэгч Э.Г, Б.Б нарын хэн нь хохирогчийг хаана, хэдэн удаа цохисон болохыг тогтоох боломжгүй, тэднийг өшиглөж байсан болохыг гэрч Б.Ц бүрэн мэдүүлсэн,

- гэмт хэрэг гарах болсон сэдэлт, шалтгааныг тогтооход ач холбогдол бүхий утасны мессежийг хэний ямар дугаарын утаснаас хэн, хэзээ, хэрхэн буулгаж авсан, уг нотлох баримтын эх сурвалжийг тодруулж холбогдох хүмүүсийг гэрчээр бүрэн асуугаагүй, Н.О-ээс гэрчийн мэдүүлэг авахдаа шүүгдэгч, хохирогч нартай садан төрлийн ямар холбоотой болохыг тодруулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлтийг нотолбол зохих асуудалд хамаарахгүй. Учир нь яллах дүгнэлтэд тухайн мессежийг нотлох баримтаар үнэлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй" гэж заасан. Иймээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, гэмт хэргийн сэдэлт маргаанаас үүдэлтэй тул тухайн мессежийг шалгах шаардлагагүй, гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх эрх нь шүүхэд байгаа.

4. Шүүгдэгч, хохирогч Л.Д-гийн зөрүүтэй мэдүүлгүүдийн эх сурвалжуудыг тодруулах гэсэн нь хохирогч Л.Д-гийн зөрүүтэй мэдүүлэг гэх хаана хэн үстсэн, олон хөл өшиглөсөн зэргийг гэрч Б.Ц-гийн мэдүүлгээс өөр эх сурвалжаар тодорхойлох боломжгүй, гэрчийг шүүх хуралдаанаар асууж энэ байдлыг тодруулсан, өөр ямар зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаар шүүгчийн захирамжид тусгаагүй.

5. Хэрэгт авагдсан бичгийн зарим баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэсэн нь ямар нотлох баримтууд ямар шаардлагыг хангаагүй болохыг шүүгчийн захирамжид дурдаагүй, эрүүгийн хэрэгт ямар ач холбогдолтой баримт болох нь тодорхойгүй байна.

6. Хохирогч Л.Д-гийн фото зургууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт, мөн хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн алинд хамаарах нь тодорхойгүй тул ямар төрлийн нотлох баримт болохыг тодруулж, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж хэрэгт тусгуулах гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос гаргаж өгсөн баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргасан. Мөн хуулийн 16.10 дугаар зүйлийн 2, 7 дахь хэсэгт тус тус зааснаар оролцогчдоос ямар нэгэн хүсэлт гаргаагүй ба хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт, мөн хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн алинд хамаарах эсэхийг тодорхойлох шаардлагагүй байна.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

1. Шүүгч хэргийг буцаах тухай захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон шийдвэрээ гаргасан нь буруу байна. Уг хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт "Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ" гэж, мөн уг хуулийн 33.3 дугаар зүйлд шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаах талаар заасан байна.

Зүй нь шүүх уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх эсхүл цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргах байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 896 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлдээ хууль зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү…” гэв.

 

Шүүгдэгч Л.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.    

 

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Н.О, Б.Б, Э.Г, Л.Д нарт холбогдох хэргийг хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 896 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Уг шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналууд нь хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэж гарсан, аль аль нь хуулийн шаардлагад нийцэхгүй, өмгөөлөгч нарын гаргасан саналын дагуу гэрч Б.Ц-гийн хэргийн нөхцөл байдлыг харсан гэх газарт болон бусад шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах үүднээс туршилт хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсгийн 1.1, 1.3-т заасан нөхцөл байдлуудыг бүрэн нотлох, шүүгдэгч, хохирогч Л.Дгийн зөрүүтэй мэдүүлгүүдийн эх сурвалжуудыг тодруулах, хэрэгт авагдсан бичгийн зарим баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хохирогч Л.Д-гийн фото зургууд нь эд мөрийн баримт, баримт бичгийн алинд нь хамаарах нь тодорхойгүй тул ямар төрлийн нотлох баримт болохыг тодруулж, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж хэрэгт тусгуулах” зэрэг ажиллагаанууд нь энэ хэрэгт зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх хэрэгт чухал ач холбогдол бүхий нөхцөл байдал болж чадахгүйн дээр шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсний дараа гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас ийнхүү буцаасан нь процессийн хуулийн үндсэн зарчимтай нийцээгүй байна.

  Иймд прокурор Б.Д-гийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.