Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0367

 

 

 

 

 

 

 

 “Э Б П д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э Б П д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газар, Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Б П д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай “Э Б П д” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдыг дамнасан “Хангай” нэртэй XV-.... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэр, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаартай Увс аймгийн Өндөрхангай сумын “Баавгай” нэртэй XV-.... тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд тодорхой заасан бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан байна, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т “Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсэн байдаг.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч хуульд заасан үүргийнхээ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тус төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сум, дүүргийн Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Тодруулбал “Э Б П д” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас хуулийн боломжит хугацааны өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын Засаг дарга нараар шинэчлэн батлуулж, төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул дээрх хугацаа сунгуулах хуулийн зохицуулалтыг хангаагүй байсан гэж ойлгоно.

Дээрх тохиолдолд Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Э Б П д” ХХК-ийн буруугүйг тогтоож, орон нутгаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан хэдий ч ХV-018330, ХV-018799 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломжгүй болно.

Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан атлаа чухам ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал эрхэлсэн нэгж буюу Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох /11.1.9/ асуудлыг эрхлэхээр байхад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтсээс гадна Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгасан нь хуульд нийцээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, харин харицагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 361, 488 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах болсон үндэслэлд “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчэн батлуулсан баримтыг хавсаргаагүй” гэсэн байдаг.

            Гэвч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор дээрх төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасны дагуу сумдын Засаг дарга нар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлж чадаагүй болох нь ийнхүү шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул уг шийдвэрийн үр дагаврыг зөвхөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталснаар хязгаарлаж болохгүй. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрт заасан нөхцөл байдал хэний буруугаас үүссэн болохыг тогтоосноор одоогийн маргаан бүхий шийдвэртэй маргах эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

            Тэр тусмаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд хавсаргах баримтуудаас зохих байдлаар нэхэмжлэгчээс үл хамаарах нь 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт юм.

            Иймд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах тухайн үед батлуулж чадаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн дагуу батлуулсан энэ тохиолдолд, түүнчлэн уг харилцаанд нэхэмжлэгч буруугүй болохыг давж заалдах гомдолд огт үгүйсгээгүй хэрнээ тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломжгүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол Ашигт малтмалын тухай хуульд нийцсэнгүй.

            Бодит байдалд “Э Б П д” ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй ч хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргасан, мөн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01/18-10 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хандаж XV-.... тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаар шүүхэд хандаж байгаатай холбогдуулан сунгах эсэхийг асуудлыг түр түдгэлзүүлж өгөхийг хүсч байсан зэргээс үзэхэд нэгэнт батлагдсан төлөвлөгөө бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Шүүхээс нэхэмжлэлийн “...хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээх, хугацааг 4 дэх жилээс тооцож өгөхийг даалгах” шаардлагыг “нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг …даалгах” гэж тодорхойлж “нэгтгэн” шийдвэрлэсэн атлаа цаана нь хэрэгсэхгүй болгосон шаардлага байгаа мэтээр шийдвэрийн тогтоох хэсэгт “нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж” гэсэн нь, мөн хамтран хариуцагчаар татагдсан Ашигт малтмал, газрын тосны газарт хамаарах шаардлага байхгүй байхад даалгаж шийдвэрлэснийг, хууль хэрэглээний тухайд Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахтай холбоотой хэрэгт хамааралгүй зүйл, заалтыг баримталсан байгааг тус тус зөвтгөв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Э Б П д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах тухай” 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 361, 7 дугаар сарын 3-ны өдрийн 488 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасугай”, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, “2.Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН