Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 17

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Н. нарт холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 162201718 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг  2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж 2018 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн дүгнэлтэндээ: Ховд аймгийн Татварын хэлтсийн  татварын улсын байцаагч нар нь 4062175 регистрийн дугаартай “Б” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 2014 онд 224.000.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлөөгүй, 2015 онд 144.000.00 төгрөгийн хог хаягдлын хураамжийг ногдуулж төсөвт төлөөгүй, 2017 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 1.000.000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тусгасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, 18.1.1, 18.1.14 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11,1.2,1.3 заалт, 4 дэх хэсгийг зөрчсөн нь тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1622017718 дугаартай шийтгэлийн хуудсаар 1.368.000.00 төгрөгийн зөрчилд 468.000.00 төгрөгийн нөхөн татвар, 31.104.00 төгрөгийн торгууль, 14.277.40 төгрөгийн алданги, нийт 513.381.40 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гэж хуульд байхгүй зүйл заалтаар шийтгэл оногдуулсан нь зөрчлийн бодит байдалтай нийцэхгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 3 дахь хэсэгт зааснаар гэж өөрчлөх үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 162201718 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 3 дахь хэсэг” гэж нэмж тусгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Татварын хэлтсийн 2017 оны хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 16171200160 дугаар томилолтын дагуу Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг 4062175 регистрийн дугаартай Б бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2014 оны 1 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 11-ний өдөр хүртэлх санхүү, татварын анхан шатны баримт татвар төлөлтийн байдалд бид хяналт шалгалт хийж 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 162201718 дугаартай шийтгэлийн хуудсаар 1.368.000.00 төгрөгийн зөрчилд 468.000.00 төгрөгийн нөхөн татвар, 31.104.00 төгрөгийн торгууль, 14.277.40 төгрөгийн алданги, нийт 513.381.40 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүлйин 1,3 дэх хэсэгт зааснаар гэж хуулийн заалтыг бичигдээ цэг таслалын алдаа гаргасан байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар дүгнэлтэнд заасан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 3 дахь хэсэг гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 162201718 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 3 дахь хэсэг” гэж өөрчлүүлэхээр дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар дүгнэлтэнд дурдсан Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 162201718 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг  “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 3 дахь хэсэг” гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Н, Ц. нарт холбогдуулан гаргасан Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 18-н өдрийн 162201718 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЯНЖИНДУЛАМ