| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0035/И |
| Дугаар | 56 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 56
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Тэмүүлэн-Өлзий ХХК-нд холбогдох татварын өр 3.288.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эм эргэлтийн сангийн үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоороо тайлагнасан хувь хүний орлогын албан татвар 1.683.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 1.605.000 төгрөгийн өр барагдуулахаар татвар төлөгчдөд удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Тэмүүлэн-Өлзий ХХК-ний шүүхэд өгсөн хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1.605.000 төгрөгийг 2017 оны 01 сард төлж барагдуулсан ба одоогийн байдлаар үлдэгдэл хувь хүний орлогын албан татвар 1.683.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд уг төлбөрийг 2017 оны 01-р улиралд багтаан барагдуулж дуусгахаар тайлбар өгснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг байрлах Тэмүүлэн-Өлзий ХХК-ний хууль ёсны төлөөлөгч П.Буян-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...3.288.000 төгрөгний татварын өрөөс үл хөдлөх хөрөнгийн 1.605.000 төгрөгийг тухайн дурдсан хугацаанд төлж барагдуулсан болно. Одоогоор тус компани нь үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа учраас үлдэгдэл хүн амын орлогын албан татварын 1.683.000 төгрөгний үлдэгдэл өрийг 2017 оны 03 сарын 31-ний дотор Төрийн сан банкны 060000901 тоот дансанд төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Тэмүүл-Өлзий ХХК-нд холбогдуулан татварын өр нийт 3.288.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Тэмүүлэн-Өлзий ХХК нь 2016 оны татварын тайлангаар ногдуулсан үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1.605.000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1.683.000 төгрөг нийт 3.288.000 төгрөгийн албан татвараа төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Тэмүүл-Өлзий ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1.605.000 төгрөгийг 2017 оны 01 сард төлж, үлдэгдэл хувь хүний орлогын албан татвар 1.683.000 төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн уг тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дорноговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Тэмүүлэн-Өлзий ХХК-нд холбогдох татварын өр нийт 3.288.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Тэмүүлэн-Өлзий ХХК нь үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1.605.000 төгрөгийг 2017 оны 01 сард төлж, үлдэгдэл хувь хүний орлогын албан татвар 1.683.000 төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 67.558 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тэмүүлэн-Өлзий ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 67.558 төгрөгийн 50 хувь болох 33.779 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч Тэмүүлэн-Өлзий ХХК нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА