Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,                                  

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамсран овогт М-н С-ад холбогдох эрүүгийн 1909000351286 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эмэг эх, өвөг эцэг, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 254 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ПЙ91110216 / Жамсран овогт М-н С нь:

 

- 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сондор" нэртэй дэн буудалд хамт үйлчлүүлсэн Ц.Шийтэрээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “самсунг маркийн эс 7 эдже маркийн гар утсыг авч гараад хоол захиалаад ирье" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, залилан 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Шийтэр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 06 цагийн үед М.С- гэдэг залуутай уулзаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн гүүрний баруун талд байрлах Сондор нэртэй буудалд амрах гэж орсон юм.   М.С- миний гар утсыг гуйж аваад “Буудлаас хоол захиалах гэсэн юм. Гар утсаа өгчих “ гээд авсан. Тэгээд өрөөнөөс гарч яваад орж ирээгүй. Би М.С-ын 91229616, 99209619 гэсэн дугаарын гар утас руу нь залгахад гар утсаа аваагүй. Харин миний гар утсыг унтраасан байна. Би гар утсаа 2018 оны 2 сард 540.000 төгрөгөөр худалдан авсан болохоор 540 000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. / хх 19 /

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээгээр самсунг 7эс эджэ маркийн гар утсыг 350 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх 25 /

 

            Яллагдагч М.С- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... өглөө 10 цагийн орчимд дэлгүүр рүү би хоол авчрахаар гарсан. Гарахдаа би Цээгийгийн самсунг эс 7 маркийн гар утсыг нь авч гарсан. Угаасаа би гар утасных нь дата буюу интернэтийг нь Wifi болгож,төлбөр төлж байсан юм.  Буудлаас гараад онгорхой гуанз хайж яваад олдохгүй болохоор нь 11 хороолол тийш алхаж байгаад дэлгүүр ороод нэг шил пиво аваад гэр рүүгээ шууд харьсан юм. Гэртээ очоод авсан пивоо уучихаад унтаад өгсөн. Сэрэхэд миний гар утсанд Цээгийгээс утас аваад явчихлаа гэж мессеж ирсэн байсан бөгөөд утсыг нь хайтал олоогүй. Тэр утсыг нь би гуанз хайж явахдаа гээчихсэн юм шиг байна лээ гэжээ. / хх 5-6 /

 

Шүүгдэгч М.С-ыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх  34-36 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдлүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 250.000 төгрөгийг төлсөн гэв.

 

Шүүгдэгч  М.С- нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сондор" нэртэй дэн буудалд хамт үйлчлүүлсэн Ц.Шийтэрээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “самсунг маркийн эс 7 эдже маркийн гар утсыг авч, хоол захиалаад ирье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч,  350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... М.С- гэдэг залуутай уулзаад Сондор нэртэй буудалд амрах гэж орсон. М.С- надад “Буудлаас хоол захиалах гэсэн юм. Гар утсаа өгчих “ гэж авч яваад орж ирээгүй  гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Шийтэрийн мэдүүлэг / хх 19 /, ... Би гарахдаа Цээгийгийн самсунг эс 7 маркийн гар утсыг нь авч 11 хороолол тийш алхаж байгаад дэлгүүр ороод нэг шил пиво аваад гэр рүүгээ шууд харьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.С-ын мэдүүлэг / хх 05-06 /,  ... Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ний эд зүйлийн үнэлгээгээр самсунг 7эс эджэ маркийн гар утсыг 350 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх 25 /  зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч М.С-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.С-ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан хуульд заасан 336 / гурван зуун гучин зургаа / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 42 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  М.С- нь хохирогч Ц.Шийтэрт 250.000 төгрөгийг нөхөн төлсөн / хх 80 / тул үлдэх 100.000 төгрөгийг М.С-аас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жамсран овогт М-н С-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  М-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 336 / гурван зуун гучин зургаа / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар М.С-ын цагдан хоригдсон 42 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, М.С-ыг ялыг эдэлсэнд тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.С-аас 100.000 / нэг зуун мянга / төгрөг гаргуулан хохирогч Ц.Шийтэрт олгосугай.

 

6. М.С-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ