Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0076

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч С.Цэрэндорж,

Шинжээч Ц.Н,

Гэрч Б.О,

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2-879/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1805020481072 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэнд дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, 0” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл0, эхнэр хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 0дүгээр хороо, 0дүгээр байрны 0 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн0 дугаар хороо, 42 дугаар байрны 0 тоотод оршин суудаг, улсаас гавъяа шагнал авч байгаагүй, урьд ял шийтгэлгүй Э

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Н.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ХХК-ийн эзэмшлийн “М.Х” зогсоолын хашаанд иргэн М.Б-тай маргалдан түүний баруун хөлд нь өшиглөж баруун шаант ясны ил хугарал, баруун шилбэний дотор доод хэсгийн шарх, зулгаралт буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А-Ов ХХК-ийн эзэмшлийн “М-Х” зогсоолын хашаанд иргэн М.Б-тай зогсоолын төлбөр төлсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг хавсарч өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол буюу баруун шаант ясны ил хугарал, баруун шилбэний дотор доод хэсгийн шарх, зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шинжээч Ц.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тус гэмтэл нь өөрийн биеийн жингээр унахад үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь хөл рүү хүчтэй хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Мөн хатуу мохоо зүйл үйлчилж өндрөөс хүчтэй цохигдох үед үүснэ. Мөн хөшигдөх, мушгигдах үед ч үүснэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар оффис менежерийн шууд удирдлага дор ажилладаг. Тухайн өдөр 14-15 цагийн үед ажлаа хийж байхад Э нэг жолоочийг гаргахгүй гэж байсан чинь нөгөө жолооч чи намайг гаргадаггүй хэн бэ гэж байгаад заамдаад авсан. Улмаар М.Б Н.Этай ноцолдож байгаад өөрөө доор нь ороод унасан. Би тэр жолоочийн хөл нь хугарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Удирдлагаас машинуудын зогсоолын төлбөрийг төлүүлж байж гарга гэсэн учир би гаргахгүй төлбөрөө төл гэдэг шаардлага тавьсан. Хохирогч өөрөө намайг алчихаад гаръя гээд байсан. Би түлхсэн асуудал байгаа болохоос идэвхтэй үйлдлээр өшиглөж зодсон зүйл байхгүй. Надад санаатай тухайн хүнд гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Хөл хугарчихлаа гээд орилсон, би тухайн үед итгээгүй. Хохиролд 1 сая төгрөг төлсөн. Би торгох ял төлөх чадвартай. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие нь хувиараа Улаанбаатар-Дархан чиглэлд хот хооронд хувийнхаа 44-46 УБН улсын дугаартай Нью аёробус маркийн автобусаар явдаг. Гэхдээ автобус маань “Т” ХХК-ийн нэр байдаг. Миний бие шугамд явдаг автобусаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо А ХХК-ийн эзэмшлийн М зогсоол дээр түрээс өгч байршуулдаг юм. Гэхдээ түрээсээ гэрээ хийсэн жолоочоороо дамжуулан өгдөг юм. АХХК-нд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсээ өгчихөөд байсан юм. Өдрийн нэг автобусны зогсоолд 11.000 төгрөгийн түрээс өгдөг. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр миний бие талбай дээрээс хүмүүс авч хүргэж өгөх тусгай ажилтай буюу тухайн өдрөө 12:15-12:20 минутын хооронд Сүхбаатарын талбай дээр автобусаа байршуулах ажилтай байсан тул А ХХК-ийн зогсоолоос автобусаа авах гээд 11:40 минутын үед очсон. Ингээд автобусаа жолоодоод зогсоолын хашаагаар гарах гэтэл манаач нь хүрч ирээд надаас 3 хоногийн төлбөр нэхсэн. Би манаачид нь гэрээ хийсэн жолоочтой нь уулзаад мөнгөө авчих, би мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Манаач нь за гэж хэлээд хаалгаа онгойлгосон. Тэгтэл удалгүй А ХХК-ийн слесарь хийдэг Э гүйж хүрч ирээд түрээсийн үлдэгдэл мөнгө буюу 3 хоногийн мөнгийг авч байж гаргана гэсэн. Энэ асуудлыг түрээслэгчтэй нь ярь гээд манаачид хэлчихсэн гаръя гээд хэлтэл заавал мөнгө авна гээд хаалга хаагаад зогсоод байсан. Би автобуснаас гарч буугаад хашааг онгойлгонгууд тэр Э нь буцаж хаагаад мөнгө өг гаргахгүй гэсэн байдал 3 удаа давтагдсан. Энэ үед бид хоёр бага зэрэг маргалдсаар л байсан. Ингээд би дахиад автобуснаас буугаад хаалга онгойлгох гэтэл хаалганы наана зогсчихоод холдохгүй байсан учир Э-ын цээж рүү нь 2 гараараа нэг удаа түлхчихсэн. Тэгтэл Э нь шууд 2 гараараа намайг заамдаад, би адилхан түүнийг заамдсан. Ингээд автобусны баруун тал хүртэл ноцолдоод явж байтал, Э нь хөлөөрөө миний бие хөл рүү хавсарч хавиран өшиглөтөл би газар уначихсан. Тэгээд миний хөл өвдөөд гараараа хөлийнхөө шилбийг бариад үзтэл яс нь хугараад гараад ирчихсэн байсан. Ингээд би хөл хугарчихлаа гээд хэвтээд өгсөн. Тухайн үед бид хоёр хоорондоо огт цохилцож зодолдоогүй бөгөөд хоорондоо заамдалцаж аваад ноцолдох үедээ тийм ч айхтар сүртэй ноцолдоогүй байсан юм. Тухайн үед эв нь таараад л намайг хавсарч хөл рүү өшиглөснөөс болоод хөл минь хугарсан. Э ч намайг цохиогүй, би ч цохиогүй. ...Бид хоёр харилцан бие биенээ барилцаад авсан байх үед Эрдэнэбаатар өөрөө намайг өөрлүүгээ татахаар нь би зөрүүлээд түүнийг өөрлүүгээ таттал Э миний хоёр хөл рүү хавсарч өшиглөөд л тэгээд би уначихсан юм. Ингээд л баруун хөлний маань яс хугарч гэмтсэн юм. Тэгэхээс түүнийг ямар нэгэн байдлаар би өөрөө түүнд тонгорч унагаах бөхийн мэх хэрэглэх гэсэн үйлдэл хийгээгүй юм. ...Эмчилгээний зардал гэж надад 1.000.000 төгрөг 2018 оны 7 дугаар сард өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-48 тал, 147-148 тал/,

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э нь та тэгвэл манай менежерийн дугаар луу залгаад энэ шалтгаанаа хэлчих гээд хэлтэл, тэр жолооч тэгвэл чамайг алчихаад зодож байгаад гарна гээд заамдаж аваад арагш нь түлхээд явсан. Ингээд тэр жолооч хоёр гараараа Э-ын энгэрээс заамдаж авсан байдалтай ноцолдож байгаад зүүн тал руугаа тонгорон унагаах гэж байгаад газар уначихсан. Ингээд газар унангуутаа хөл хугарчихлаа гэж хэлээд хөлөө барьж хэвтээд огт хөдлөөгүй юм. ...Тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдах үеийг бол манаач Б харсан юм. Харин тэр хоёр барьцалдан автобусны зүүн тал руу яваад тэндээ ноцолдож хөл нь хугарах үеийг зөвхөн би л харсан юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 26-27 тал/,

Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жолооч дахин автобуснаасаа бууж ирээд Э луу хандан чи яах гээд байгаа юм гээд Э-ыг түлхээд заамдаж барьж аваад, автобусны баруун тал руу тойроод явчихсан юм. Харин би хаалгыг буцааж хаагаад хаалган дээр зогсож байтал, нөгөө жолооч хөл хугарчихлаа гэж орилоод байхаар нь яваад очтол нөгөө жолооч газар уначихсан хөлөө бариад хэвтэж байсан. Ингээд удалгүй цагдаа ирээд Э-ыг авч яваад хөл хугарсан жолоочийг сүүлд араас нь ирсэн автобусны жолооч нар эмнэлэг рүү аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Э.А мэдүүлэхдээ: “...Э Сантехникч хийдэг юм. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шиг санагдаж байна. Манай захирал надад дулаан гражийн төлбөрөө төлөөгүй автобуснуудын төлбөр тооцоог нь дуусгаарай гэж хэлэхээр нь би зогсоолд байрлуулдаг автобуснуудын тооцооны үлдэгдлийг гаргаад төлбөр төлөөгүй автобусны жагсаалтыг гаргаад харуул руугаа утасдаад энэ автобусыг гаргахгүй шүү гэж хэлсэн боловч автобуснууд гаргаж явуулаад байхаар нь би хариуцлагатай ажилладаг болохоор нь Э-т давхар хэлсэн. Уг автобус хашаанаас гаргахгүй байх асуудал Э-т огт хамаагүй асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын шинжээч эмчийн 4593 дугаартай “...М.Б-ын биед баруун шаант ясны ил хугарал, баруун шилбэний хөнгөн дотор доод хэсгийн шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/

Шинжээч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үзүүлэгч М.Б-ын биед үзлэг хийхэд баруун шилбэний дотор доод хэсэгт мэс заслын шархтай, шарх зулгаралттай, баруун өсгийн татлага хийлгэсэн байдалтай байсан. Өвчний түүхтэй танилцахад баруун шаант ясны ил хугарал гэсэн оноштой, уг ил шарханд анхдагч цэгцлэлт хийсэн, баруун шаант ясны доод гуравны нэг хэсгийн ташуу зөрүүтэй хугарал гэсэн байсан. Дээрх бодит үзлэг болон өвчний түүхийг үндэслэн гэмтэл зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан юм. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой буюу хүний хөл рүү өшиглөх болон хавсарч өшиглөсний улмаас аль алинд нь үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Яагаад гэвэл ташуу зөрүүтэй хугарал байсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 77-104 тал/,

Яллагдагч Н.Э мэдүүлэхдээ: “...Тэр автобусны жолооч автобуснаасаа бууж ирээд тэгвэл чамайг алчихаад гаръя гэж хэлээд намайг заамдаад хойш нь түлхсэн би өөдөөс ноцолдоод хариу барьж авсан тэгтэл тэр залуу намайг зүүн талдаа тонгорч унагаах гэж оролдоод өөрөө доошоо унаад хөл нь хугарчихлаа гэж надад хэлсэн. Эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 136-146 тал/ баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч “...Хор уршгийг Э учруулсан эсэх нь эргэлзээтэй байна. Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч уг хүнд гэмтлийг учруулаагүй болох нь тогтоогдож байна. Хохирогч өөрөө унах явцдаа хөл нь мушгигдаж унасан байх боломжтой. А-ийн тодорхойлолтоор бол Э өөрийн ажлын чиг үүргийн дагуу удирдлагынхаа шаардлагыг биелүүлсэн. Хохирогчийг гэмтээх гэсэн идэвхитэй үйлдэл байхгүй байна. Уг гэмт хэргийн субъектив шинжийг хангахгүй байна. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн.

Өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн “...Бид хоёр харилцан бие биенээ барилцаад авсан байх үед Э өөрөө намайг өөрлүүгээ татахаар нь би зөрүүлээд түүнийг өөрлүүгээ таттал Э миний хоёр хөл рүү хавсарч өшиглөөд л тэгээд би уначихсан юм. Ингээд л баруун хөлний маань яс хугарч гэмтсэн юм. Тэгэхээс түүнийг ямар нэгэн байдлаар би өөрөө түүнд тонгорч унагаах бөхийн мэх хэрэглэх гэсэн үйлдэл хийгээгүй юм...“ гэх, шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тус гэмтэл нь өөрийн биеийн жингээр унахад үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь хөл рүү хүчтэй хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. ...Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой буюу хүний хөл рүү өшиглөх болон хавсарч өшиглөсний улмаас аль алинд нь үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Яагаад гэвэл ташуу зөрүүтэй хугарал байсан болно...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.   

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.Э, хохирогч М.Б нар хэрэг учрал болсон 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А-О ХХК-ийн эзэмшлийн “М-Х” зогсоолын хашаанд 3 хоногийн автобусны түрээсийн төлбөрийн асуудлаас болж маргалдаж эхэлсэн, улмаар хоорондоо барьцалдан ноцолдож шүүгдэгч хохирогчийн баруун хөлд нь өшиглөж баруун шаант ясны ил хугарал, баруун шилбэний дотор доод хэсгийн шарх, зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д “чөмөгт ясны ил хугарал Үүнд: атгаал, дунд чөмөг, шилбэний шаант ясны ил хугарал хамаарна” гэж зааснаар хохирогчийн биед учирсан дээрх баруун шаант ясны ил хугарал бүхий гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул шинжээч эмчийн 4593 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хохирогч М.Б-ын биед учирсан гэмтэл шүүгдэгч Н.Э-ын гэмт үйлдэлтэй буюу хохирогчийг өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн хохирогчийг хавсарч өшиглөсөн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Н.Эрдэнэбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас М.Б-ын баруун шаант ясны ил хугарал, баруун шилбэний дотор доод хэсгийн шарх, зулгаралт зэрэг эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт баримтаар 957.899 төгрөгний хохирлын баримт гарган өгсөн байна.

Шүүгдэгч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хохиролд тооцож 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул  энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа тохиолдлыг шинжтэй гэмт хэрэг үйлдсэн”, мөн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Н.Э-ын бага насны хүүхдүүдтэй, тогтмол эрхэлсэн ажилтай зэрэг хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг тус тус харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгуулийн ял оногдуулах нь зохистой гэж дүгнэн, шүүгдэгч Н.Эрдэнэбаатарт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

Шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Б-д 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА