Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0040

 

 

 

 

 

 

 

 

 

М.Цэрэнбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Цэрэнбатын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ч.Цэрэнлхамд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 31 020 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэрэндэжид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Цэрэнбат, Ч.Цэрэнлхам нар нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ЭТӨЧ 67 дугаар байрны 1 давхарт байрлах 124 м.кв талбайг 5 жилийн хугацаагаар, нэг сарын 2 232 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан. Ч.Цэрэнлхам нь “Дариа” нэртэй гоо сайхан, галбиржуулах тураах төв ажиллуулсан бөгөөд 2-3 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Хариуцагч Ч.Цэрэнлхамын 2013 онд М.Цэрэнбатын охин Ц.Буянзаяад урьдчилгаанд өгсөн гэх 5 400 000 төгрөг нь 2013 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцогдож мөн оны үлдэгдэл төлбөрийг цувуулж өгч дуусгасан байна. Түрээслэгч Ч.Цэрэнлхам 2014 онд нийт 10 560 000 төгрөг төлсөн ба 2014 оны үлдэх төлбөр нь нийт 16 536 000 төгрөг болсон.  2015 оны 3 сар дугаар хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2015 оны 01, 02 саруудын түрээсийн 4 464 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч. Цэрэнлхамаас 2014 оны түрээсийн төлбөрт 16 536 000 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөрт 4 464 000 төгрөг нийт 21 000 000 төгрөг, түрээсийн гэрээний 3.5-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож 10 000 000 төгрөгийг нэмж гаргуулах бөгөөд бүгд 31 020 000 төгргөгийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.3-т зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

           

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын эхээр Цэрэнбатын охин болох Буянзаяа ирж уулзан “... аав минь надад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол ЭТӨЧ, 67 дугаар байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг бэлэглэсэн, чи нэг сарын 1 800 000 төгрөгөөр түрээслэхгүй юм уу ...” гэж хэлсэний дагуу өөр зүйл хийх гэж байснаа болиод байрыг нь түрээслэхээр болж уг байранд өөрийн хөрөнгөөр нийт 25 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ хийх болоход тухайн түрээсийн байр аав болох Цэрэнбатынх нь өмч болж арга буюу Цэрэнбаттай нь гэрээ хийж нэг сарын 2 230 000 төгрөгөөр уг байрыг 5 жилийн хугацаатай түрээсэлсэн. Түрээсийн гэрээ байгуулахаас өмнө охин Буянзаяад нь аавийнх нь өмч гэдгийг мэдээгүй байхдаа түрээсийн урьдчилгаа 5 400 000 төгрөг өгсөн. Буянзаяа нь надтай найз учраас “... аавд битгий хэл би нөхөөд өгнө” гэж гуйсных нь дагуу хэлэхгүй явсаар арга буюу мэдэгдэж өгсөн мөнгөө суутгуулж байсан. Миний бие 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр яаралтай хагалгаанд орж дутуу төрсөн. Миний бие эрүүл мэндийн байдлаас болж цаашид ажиллах боломжгүй болсон тул найз Буянзаяад ажиллуулах боломжгүй болсон тухайгаа хэлэхэд “... би түлхүүрийг нь авчихъя” гэж хэлэн манай нөхрөөс түлхүүрийг авч хүлээн авсан. Миний бие цаашид ажиллах боломжгүй юм чинь дотор тохижилтыг бүгдийг нь ав гэж хэлэн хүлээлгэн өгсөн. Миний бие харвалтын улмаас хүнтэй уулзах боломжгүй болсон байсан. Надаас хүлээн авсаныхаа дараа уг салоныг ажиллуулж, мөн бусдад түрээсэлж, Буянзаяа дотор нь амьдарч байсан. Миний бие түлхүүр хүлээлгэн өгсөнөөс хойш уг байранд үйл ажиллагаа явуулаагүй. 25 000 000 төгрөгийн тохижилтоо хүртэл найз юм чинь аваад яах вэ гээд уг түрээсийн байранд нь үлдээсэн. Энэ хугацаанд Цэрэнбат нь нэг ч удаа надаас түрээсийн төлбөр нэхэж огт ярьж байгаагүй. Бид ч дахин хоорондоо холбогдоогүй. Гэрээ байгуулах үеийн гэрийн хаяг утасны дугаар одоог хүртэл хэвээрээ байгаа болно. Гэтэл 2 жилийн дараа гэнэт нэхэмжлэл өгч байгаа нь ойлгомжгүй байна. Энэ 2 жилийн хугацаанд бусдад түрээслэн өөрсдөө амьдарч байсан учраас миний бие гэрээг цуцлагдсан гэж үзэж байна. Хэрэв түрээсийн гэрээ цуцлагдаагүй гэж байсан бол тухай бүр түрээсээ нэхэн ярих байсан. Уг байрыг хүлээлгэн өгсөнөөс хойш харвалт өгч бусдын асрамжинд байнга байх болсон. Иймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэрэнлхамаас 16 224 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэрэнбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 796 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчид аж ахуйн зориулалтаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.  Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг дүгнэсэн боловч Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д заасныг зөрчсөн, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөнөөс илүү төлбөр тооцон гаргасан явдалд гомдолтой байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсоноо хариуцагч мэдэгдэж, байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, цаашид ажиллагаа явуулаагүй байхад шүүх хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн түрээсийн төлбөр гэж 16 224 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болон байрыг хүлээлгэн өгсөн байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсаныг ойлгомжгүй боллоо гэж үзэж байна. Түрээслэсэн хугацааны төлбөрийг  Ч.Цэрэнлхам бүрэн төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн төлбөр гаргаж байгаа нь хэт нэг талд үйлчилсэн явдал гэж бид гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийг үндэслэлгүй төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулжээ.

            Нэхэмжлэгч М.Цэрэнбат нь хариуцагч Ч.Цэрэнлхамд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 32 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Зохигчид 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч М.Цэрэнбат нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 67 дугаар байр, 2 тоотод байрлах 144 м.кв талбай бүхий орон сууцыг үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч Ч.Цэрэнлхам нь нэг сарын 2 232 000 төгрөгийн хөлс төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-6 дугаар тал/

 

Гэвч талууд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь тэдгээрийн тайлбар болон түрээсийн гэрээгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх талуудын байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцжээ.

 

            Хариуцагч Ч.Цэрэнлхам нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авч,  галбиржуулан тураах төвийн үйл ажиллагаа явуулж байсан талаар талууд тайлбарласан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар түрээсийн төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж уг эд хөрөнгөөс зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шимийг тооцон гаргуулсан нь Иргэний хуулийн  493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

            Талууд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааг өөрөөр тайлбарлан маргасан байх боловч анхан шатны шүүх хэрэгт авсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар гэрч Ц.Нурмаагийн “… гоо сайханы салоныг  Цэрэнлхам нь 2015 оны 2, 3 сар хүртэл ажиллуулсан  байх, учир нь тэнд ажилладаг Номин  гэх охинтой таарахад ажиллуулж байгаа, би хариуцаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан  түрээслэгчээс түрээсийн төлбөр шаардсан баримт зэргийг харьцуулан үнэлж хариуцагчийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан гэж дүгнэн энэ хугацааны төлбөрийн үлдэгдэл 16 224 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Талуудын  хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний дагуу анз шаардах эрх үүсээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой буцаан шаардах шаардлагад анз хамаарахгүй тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 5 дугаар сард хүлээлгэн өгсөн гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч тэрээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ   

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ