Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 843

 

 

 Б.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох 201725031182 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ы Б, 19.. оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “П” ХХК-д угсралтын мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн 10 дугаар хороо, ........... 33 дугаар гудамжны 491/б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИН...../;

Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий дагавар охин 5 настай М.Х-тэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлан, тарчлаан зодож улмаар 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ....... дүүргийн 10 дугаар хороо, ...... 33 дугаар гудамж 491/б тоотод байрлах гэртээ зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, бага насны хохирогч М.Х-ийн хууль ёсны асран хамгаалагчийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг оршин суугаа газрын Засаг даргад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сэтгэл сэтгэл зүйн сургалтад хамрагдаж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “…Шүүх шүүгдэгч Б.Б-ыг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, түүнд оногдуулсан ялыг тэнсэж зан үйлээ засах сэтгэл зүйн сургалтад хамрагдаж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь нийгмийн ажилтан мэргэжилтэй атлаа хүүхдийн эсрэг бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд "зан үйлээ засах сэтгэл зүйн сургалтад хамрагдах" шаардлагагүй байна. Өөрийн гэр бүлд хамаарах 5 настай М.Х-г үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж, морины ташуур болон гартаа тааралдсан зүйлээ шидэх, хөл гар, толгой, нүүр лүү нь цохих, өшиглөх, алгадах тамхины асаагуураар удаа дараа түлж зодсон, ээж эмээг нь орой иртэл хоол унд өгөхгүй байх, гэртээ оруулахгүй гадаа зогсоох зэргээр байнга харгис хэрцгий харьцаж, тарчлааж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнссэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт шалтгаан нөхцөл, хувийн байдал зэрэгт тохироогүй, ял шийтгэл нь хөнгөдсөн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б нь өөрийн гэр бүлд хамаарах 5 настай М.Х-г үл ялих зүйлээр шалтаглан, морины ташуур болон гартаа тааралдсан зүйлээ шидэх, хөл, гар, толгой, нүүр лүү нь цохих, өшиглөх, алгадах, тамхины асаагуураар удаа дараа түлсэн, ээж, эмээ нарыг нь орой иртэл хоол өгөхгүй байх, гэртээ оруулахгүй гадаа зогсоох зэргээр байнга харгис хэрцгий харьцаж, тарчлааж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнссэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, хувийн байдал зэрэгт тохироогүй, хөнгөдсөн гэж үзэж байна. Б.Б нь нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд 4 жил нийгмийн ажилтан мэргэжлээр суралцсан хүн "зан үйлээ засах сэтгэл зүйн сургалтад хамрагдах" шаардлага байхгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Б-д оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү.

Хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь догшин авирласан шинж рүүгээ орсон тул тусад нь зүйлчлээгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Х-г өргөж авъя гэсэн боловч эцэг, эх хоёр нь өгөхгүй байгаа. Б.Б нь гэм буруугаа ойлгож, гэмшээд охинтойгоо хамт амьдарна гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй. Охин хивсэн дээр шээсэн болохоор зодсон. Хэргийн талаар ярих зүйл байхгүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд засарч байгаа нь мэдэгддэг. Залуу хүнд шүүхээс нэг удаа итгэл өгч, боломж олгож өгөөч гэж өмгөөлөгчийн  зүгээс хүсэж байна. Үйлдэл болон хэргийн зүйлчлэлийн тухайд маргахгүй, хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий дагавар охин 5 настай М.Х-тэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлан, тарчлаан зодож улмаар 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ..........дүүргийн 10 дугаар хороо, .......... 33 дугаар гудамж 491/б тоотод байрлах гэртээ зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч М.Х-ийн “... Манай аав намайг зодоод байдаг юм. Намайг дүү Бөмбөөлэйтэй тоглох гэхээр холд гээд байдаг. Бөмбөөлэй уйлахаар намайг загнадаг. Манай аав миний гэдсийг асаагуураар түлсэн, аав өөрөө тамхи татдаг. Тэгээд асаагуураа асааж байгаад унтраачихаад намайг нааш ир гэж байгаад миний гэдсийг түлсэн. Миний гэдэс өвдөөд байсан. Манай аав миний нуруу луу морь цохьдог уяагаар цохисон. Бас дүү Бөмбөөлэйтэй сүүдэрт тоглоё гэхэд Бөмбөөлэй тоглохгүй гээд байсан. Тэгээд аав намайг хол бай гээд хацар луу цохисон. Аав намайг Бөмбөөлэйтэй тоглох гэхэд хол бай гээд загнаад зодоод байдаг юм. Аав ээжийг байхгүй үед намайг зодоод байдаг. Ээжийг байх үед намайг зоддоггүй. Ээж гэрт байхгүй үед аав надад хоол өгдөггүй, ээж, эмээ ирэхээрээ хоол өгдөг. Намайг гэрт байхаар гадаа гар гээд гаргачихдаг. Тэгээд би гадаа зогсож байсан газраа л байж байдаг. Тэгээд ээжийг орой ирэхээр гэртээ ордог. Аав өөрөө надад “би чамд дургүй” гээд байдаг юм...” /хх 15-16/,

Хохирогч А.М-ийн: “... Би 2013 онд Б.Б-тай танилцаж үерхээд 2014 оны 6 дугаар сард гэр бүл болсон. Би Х гэдэг дагавар охинтой очсон юм. Гэр бүл болсноос хойш Б.Б дагавар охин Х-д сайн хандаж байсан. Гэтэл 2015 онд өөрийнх нь охин Н төрөх үеэс эхлэн Х-г гадуурхаж эхэлсэн. Сүүлийн үед энэ байдал нь улам даамжрах болсон. Миний том охин Х-г намайг ажилдаа явсан үед гэрээс  хөөж гаргаад гэртээ оруулдаггүй, ямар нэгэн шалтгаанаар уурласан үедээ Х-д уураа гаргаж хараалын үгээр дууддаг. Намайг “хүүхэд хараахаа болиоч” гэхэд “би угаасаа хараагаад сурчихсан” гээд байдаг. Том охин Х-г үймүүллээ, үгэнд орсонгүй, дүүгээ уйлууллаа гэсэн шалтгаанаар хөл гар луу нь өшиглөх, толгой руу нь цохих, гартаа тааралдсан зүйлээ шидэх, зурагтын удирдлага, гар утас, хүүхдийн гутал зэргийг шидэж, биеийг нь онож цохидог. Өнгөрсөн жил 12 дугаар сараас манай нөхөр Б.Б 2 хүүхдээ харж өвөлжсөн. Миний охин Х-г дараах байдлаар зодож цохиж, гэмтэл учруулсан байсан.

2016 оны 12 дугаар сард ажилдаа яваад ирэхэд Х-ийн гэдэс нь хүйс хэсэгтээ түлэгдсэн байсан. Тэгээд яасан талаар нь Б.Б-аас асуухад санамсаргүй тоглож байгаад халчихсан байсан асаагуурт гэдсээ түлчихсэн гэж хэлсэн. Харин Х “аав миний гэдэс дээр асаагуураа дараад байсан” гэж хэлсэн.

2017 оны 3 дугаар сард ажилдаа яваад ирэхэд Х-ийн нурууны ар доод буюу ууц хэсэгт 3 удаа тамхины цогоор түлсэн байсан. Х-ээс асуухад надад юм хэлээгүй. Тэгээд би Б.Б-аас асуухад “модоор цохисон” гэж хэлсэн. Эргээд Х-ээс асуухад “дүүгээ хөтлөөд явж байхад дүү нь унасан чинь уурлаад түлхсэн” гэж хэлсэн. Х-г гудамжнаас олсон ташуураар цохисон байсан. Тэр ташуурыг нь сүүлд нь хаячихсан. Би харахдаа түлчихсэн байна гэж харсан.

Мөн 3 дугаар сард Х-ийн зүүн хөл нь доголоод явж чадахгүй байсан. Тэгээд Х-ээс асуухад би гүйж байгаад унасан гээд байсан. Одоо болтол хөл нь доголоод байгаа. Намайг байх үед Х-ийн хөл, гар луу нь өшиглөж байгаа харагддаг. Намайг өмөөрөөд хүүхдийнхээ өмнүүр орохоор намайг цохих, тааралдсан зүйлээ шидэх үйлдэл хийдэг. Намайг хүүхдээ өмөөрлөө, хүүхдээ өмөөрөх юм бол хоёуланг чинь зодно гэж сүрдүүлдэг. Би охин Х-г өмөөрөх үед Б.Б миний нүүр лүү гараараа алгаддаг, холдуулах гээд түлхээд байдаг юм.

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад ирэхэд Б.Б архи уучихсан, согтуу байсан. Тэгээд би тэр үедээ анзааралгүй гэртээ ороод хоёр хүүхдээ аваад гарсан. Гэрийнхээ гадаа хүүхдүүдтэйгээ сууж байтал Х-ийн хамраас цус гарсан. Би Х-г царайгаа харуулаадах гэхэд хоёр хацар нь хөхрөөд хавдчихсан байсан...” /хх 19-20/,

Гэрч Х.С-ийн “... Х нь 1 нас 7 сартай байхаасаа миний ажилладаг цэцэрлэгт явж, миний хариуцсан ангид суудаг байсан. Тэгээд 4 настайгаасаа ээж нь цэцэрлэгт туслах багшийн ажилд ороод Х-г шилжүүлсэн юм. Түүнээс хойш Х-г хойд эцэг Б-д зодуулдаг талаар яриа гарч эхэлсэн. Х-ийн эмээ О нь Х-г Б.Б нь тамхины галаар түлсэн гэж хэлж байсан. Мөн Х-г дүүд нь ойртуулахгүй, гэрт нь байлгадаггүй, маш их загнаж зандардаг гээд ярьж байсан. Тэгээд надад “чи Х-г харсан уу, аав нь тамхины галаар түлсэн гэсэн, биед нь гэмтэл, шарх, сорвитой ирдэг боллоо, хувцсыг нь тайлахаар гэмтсэн байх боллоо” гэж хэлж байсан. Хамгийн сүүлд Х-г алгадаад зодсон талаар нь Одонжаргал надад хэлсэн. Тэгээд би Х-г хүний гарт зодуулж байхаар аваад өсгөчихье гээд хүүхдээ явуулаад гэртээ авчруулсан байгаа... Аав нь тамхины цогоор түлсэн гэсний дараа би Х-г гэртээ авчирч хэд хонуулсан юм. Тэгэхэд нуруу нь ууц хэсгээрээ сорви тогтоод хөхөрчихсөн, цээж нь энд тэндээ хөх туяатай болчихсон байсан...” /хх 21-22/,

Гэрч Д.Б-ны “... Манай хүү Б.Б нь 2014 онд М-тэй гэр бүл болсон... Би ажлаа тараад гэртээ ирээд байж байтал Х орж ирсэн. Тэгээд хувцсыг нь сольж өгөөд хартал Х-ийн нурууны доод хэсэгт нь 1 ширхэг түлэгдсэн юм шиг сорви үүссэн байсан. Би эхнэрээсээ “Х-ийн нуруу нь яасан юм” асуухад “мэдэхгүй” гэсэн...” /хх 23/,

Гэрч П.Б-ийн “... 2016 оны 12 дугаар сард манай хүү Б.Б надад “би гэртээ хоёр хүүхэдтэйгээ тоглож байгаад санаандгүй асаагуураар Х-ийн гэдсийг түлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би Х-ийн гэдсийг харахад хүйснийхээ дээд хэсэгт өнгөцхөн түлэгдсэн байсан... Энэ явдлын дараа 3 дугаар сард Х манай гэрт ороод ирэхэд нь үсийг нь янзалж өгчихөөд хувцсыг нь янзлаад байж байхад нурууны доод хэсэг нь борлоод гэмтсэн байсан. Би бэр М-ээс “хүүхдийн нуруу яасан юм бэ” гэж асуухад “Б.Б ташуураар цохьсон байна лээ” гэж хэлсэн...” /хх 24-25/,

Гэрч А.Н-ийн “... Манай эгч М нөхөр Б.Б-тай 2014 онд танилцаж гэр бүл болсон... Гэрт нь байхад манай эгчийн том хүүхэд Х-г нөхөр Б.Б нь жоохон хүүхэд гэж харьцдаггүй, байнга л загнаж, ширүүн харьцах байдал ажиглагдаж байсан. Х нь гэрийнхээ үүд хавьцаа суугаад хойд аавынхаа харцаар нь байдаг байдал харагдсан. Тэгээд бага хүүхэд рүү нь ойртохгүй, орон дээрээ ч гардаггүй, гэрийнхээ үүд рүү суу гээд загнуулаад, үүдэнд шалан дээр сууж байгаа харагддаг. Ээж нь нөхрөөсөө айдаг юм уу юм хэлдэггүй юм байна лээ. Манай гэр М-ийн гэртэй ойр байдаг юм. Тэгээд хааяа амралтын өдрүүдээр Х-г гэртээ авчрахад гэмтсэн байдаг байсан. Би М эгчийн утасны мессежийг санаандгүй уншихад нөхөр Б.Б руугаа “чи хүүхдийг яаж байгаа юм, арай ч дээ, ийм болгож, ингэж дээрэлхэж, дургүй, дургүй гэхэд ингээд байхдаа яадаг юм” гэсэн байсан. Тэгээд би Х-ээс “миний дүүг яасан юм” гэж асуухад “гэдэс түлсэн” гэж хэлсэн. “Чамайг яагаад түлсэн юм” гэхэд “би дүүгээ унагаасан, тэгээд аав тамхи асаадаг юмаараа түлсэн” гэж хэлсэн... М эгч утсаар над руу залгаад “Чи Х-г ээжийнд хүргээд өгөөч” гэсэн. Би “нөхрийгөө ирэхээр очъё” гэж хэлээд байж байхад М эгч дахин залгаад “Х-г зодчихсон байна” гэсэн. Би аавдаа хэлэхэд аав цагдаад дуудлага өгсөн байсан. Би очиж Х-г авахад хоёр хацар нь хөхрөөд хамар доор нь цус болчихсон байсан. М эгч надад хэлэхдээ “... өмдөндөө шээсэн байхаар нь яагаад өмдөндөө шээсэн юм гээд царайг нь харахад хамраас нь цус гараад түүнийгээ угаасан байсан” гэсэн. Энэ явдлаас өмнө Х-ийн хөл нь доголоод байсныг асуухад “манай аав өшиглөсөн” гэж хэлсэн. Сүүлд нь М эгчээс асуухад цэцэрлэгтээ явж байгаад хөлөн дээрээ юм унагаасан гээд байсан. Лавшруулаад асуугаад байсан чинь эгч “манай нөхөр өшиглөсөн байсан” гэж хэлсэн. Х аавыгаа харахаараа дуугаа хураагаад юм ярихгүй, царай нь хувираад айсан төрхтэй болчихдог...” /хх 26-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Х-ийн биед хацарт цус хуралт, нуруу, хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7125 тоот дүгнэлт /хх 29/,

Насанд хүрээгүй хохирогч М.Х-ийн хацар болон хэвлий орчимд үүссэн сорви, гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 32-33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үед 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд прокурор Б.Б-ын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь буруу бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд хохирогчид гэмтэл учирсан байхыг шаардаагүй тул Б.Б-ын үйлдлийг “хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж нийлмэл гэмт хэргээр зүйлчилж, тохирох ял шийтгэл оногдуулах ёстой байсан байна.

Гэвч, шүүгдэгч Б.Б-ын хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд оногдуулж болох ял шийтгэл нь; 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан ял шийтгэл нь хөнгөрсөн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацаа нь харьцангуй бага буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан тул Б.Б-ын хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр .......... дүүргийн 10 дугаар хороо, .......... 33 дугаар гудамж 491/б тоотод байрлах гэртээ 5 настай М.Х-г зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн үндэслэл тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн агуулгыг буруу ойлгож хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь эрх зүйн үр дагавраараа ялгаатай бөгөөд хоёуланд нь хорих ял оногдуулаад дараа нь тэнсэх зохицуулалт байхгүй байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалт илүү тохиромжтой тул энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээд шатны прокурор Д.Булганцэцэгээс “... Анхан шатны шүүх Б.Б-д оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэсэн нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохироогүй тул хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, мөн зан үйлийн сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч болохоор хуульчилжээ.

Хэдийгээр Б.Б нь нийгмийн ажилтан мэргэжилтэй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон зан байдлаас нь харахад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “зан үйлээ засах” сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

           Иймд дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.